Арав

Арав

2011 оны долдугаар сар.

Өчигдөр хамаатны залуу мессэнжэр хаяг руу минь зурвас илгээсээр орж ирсэнд ихэд гайхав. Түүнтэй уулзаагүй бараг найман жил болсон юм уу даа, тэгэхэд хэн хэн нь жаахан хүүхэд байж. Гэхдээ үүнээс ч өмнө, бараг ухаан орсон цагаасаа бид нэгнээ мэднэ л дээ, хамтдаа тоглож өссөн юм.

Түүнээс хамаатнуудынхаа надад хандаж байгаа хандлагын талаар олж сонсов. “Манай удамд ийм хүн байгаагүй, удмын нэр гутаасан бузар амьтан” гэж байна гэнэ ээ.

Надаас өөр трансжендэр эмэгтэй манай удамд байгаагүйг яаж ч мэдээд байгаа юм. Ийм адгийн араншинтайг нь мэдээд өөрийгөө нууж, нуугдан амьдарсаар таалал төгссөн ч юм бил үү. Ер нь хамаатнуудын нийтлэг төрх нь нэгнээ доош хийх гэсэн, атаархсан заваан шинжтэй байх юм. Тэрний хүүхэд тэгжээ, энэнийх ингэжээ гээд л. Өөрсдийнх нь хоолыг хороохгүй байгаад баярлаад сууж байвал барав.

Олон хүн өөрийнх нь ах, эгч, эсвэл бүр аав ээж нь хүртэл ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатайг мэдэхгүй хэрнээ хажууд нь өрөөлийг “муусайн гаж донтнууд” гэж доромжилж суугаа дүр зураг монголд нийтлэг байдаг. Гэр бүлтэй, үр хүүхэд нь нас биенд хүрээд тусдаа амьдрал зохиосон өчнөөн гей хүнийг танина. Тэд сэтгэл зүйн асар хүнд нөхцөлд аж төрдөг юм билээ. Мэдээж дотны хүмүүс нь өөрийг нь ижил хүйстэн гэдгийг мэдэхгүй ч өөртэй нь адилхан хувь тавилантай хүмүүсийг дэргэд нь үргэлж үзэн ядчихаар яаж л олигтой сэтгэл санаатай явах вэ дээ. Үр хүүхэд, ач зээ минь намайг гей, лэсби гээд мэдчих вий, эхнэр, нөхөр минь намайг гадарлачих вий гэхчилэн хар дарсан зүүд шиг л айдас хүйдэс дунд амьдардаг байх даа. Ингээд бодохоор чиний дэргэд хэн амьдарч байгааг мэдэж чадахгүй байж чамд гэм хийгээгүй бусдын сэтгэлийг битгий урж тасд даа, чиний ээлж ч ирж магадгүй шүү гэж хэлмээр санагдах.

Манай хамаатнууд дунд гэхэд л хоёр гей залуу байна. Аав, ээж нь өнөөдөр миний бузар булайг жигшиж суух. Төрүүлсэн үр нь ижил хүйстэн гэдгийг мэдэхээрээ надад юу гэж хэлэх нь сонирхол татаад эхэллээ.

…Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна…

гэж О.Дашбалбар агсан онож шүлэглэжээ.

Ер нь духан дээрээ лэсби нь нэг, гей нь хоёр, бисекс нь гурав, трансжендэр нь дөрвөн эвэртэй байна гэдэг ч юм уу, тиймэрхүү тэнэг таних тэмдэг байдаггүйгээс л хойш тэдний хүүхэд гомо, манай хүүхэд гетеро гэж балайрч суухаа больцгоомоор юм.

Хэн намайг юу гэх нь миний хувьд асуудал биш болоод удаж байна л даа. Сонгосон амьдрал минь, туулаад л гарах ёстой даваа минь байсан. Тэгээд ч миний амьдралын зорилго тодорхой. Амьдралын утга учрыг олж хардаг өнцөг маань ч зөв, зүйтэй. Юуны төлөө амьдраад байгаагаа мэднэ. Сайхан сэтгэлтэй залуутай гэрлэнэ, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана, сайн уран бүтээлч эмэгтэй болно, чадал хүрвэл ядарсан бусдад тусална, би хэзээд дурсагдах түүхийг бүтээчихээд л энэ дэлхийгээс явна гэж мөрөөддөг. Гайхалтай их мөрөөдөлтэй, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэлтэй амьдардаг.

Амьдрал минь одооноос жигдэрч байна. Энэ улс орон надад амьдрах эрх бүхий бичиг баримтаа олгож, ажиллах, сурах нөхцөл бүрдүүлж өгч байна.

Үнэн хэзээд ялдаг юмаа, хүмүүс минь.

Өнөөдөр би удмын нэр бузарлагчын байр сууринд зогсож байгаа ч гомдохгүй, эмзэглэхгүй. Үзэж туулсан зовлон намайг ингэж хатуужуулсанд баярладаг. Миний сонголт, миний тавилан учраас хэзээд л би аз жаргалтай байх болно.

Харин зарим хүнээс асуух ганц нэг асуулт байна. Таны ойр дотны хэн нэгэн гей, лэсби, бисекс, трансжендэрийн аль нэг нь гэдгийг та олж мэдлээ гэж бодьё. Сайн бодож байгаад хариулаарай, эсвэл бүр эхлээд түүнийг хэсэг шинжсэн ч болно.

-Тэр таны нэрийг санаж байна уу?

-Тэр аав, ээж, ах, дүү нараа таньж байна уу?

-Тэр бас таны тухай бүх дурсамжаа санаж байна уу?

-Тэр дотны хүмүүсээ хайрладаг хэвээрээ байна уу?

-Тэр хийж чаддаг байсан ажлаа огт хийж чадахаа больсон уу? Жишээ нь, тэр багш хүн байсан бол хичээл зааж мэдэхээ больж, эмч байсан бол хүн эмчлэх арга ухаанаа мартсан уу?

-Тэр инээдэг үү?

-Тэр уйлдаг уу?

-Тэр нийтийн тээврээр чөлөөтэй үйлчлүүлдэг үү?

-Тэр хоол иддэг үү?

-Тэр унтдаг уу?

-Тэр ямар нэгэн зүйлээс айдаг уу?

-Тэр ямар нэгэн зүйлээс ичдэг үү?

-Эцсийн асуулт. Эдгээр асуултанд хариулсныхаа дараа та өөрийн дотны тэр нэгэн гей, лэсби, бисекс, трансжендэр хүнийг өөрөөсөө зуун хувь өөр хүн болж хувирсан гэж бодсон хэвээрээ л байна уу, тийм бол яагаад!?

Тэр хүйсийн илэрхийлэмж юм уу, бэлгийн чиг баримжааны хувьд хэн ч байж болно. Гэхдээ тэр тантай л адилхан уйлдаг, инээдэг, боддог, ярьдаг, ажилладаг, хайрладаг, айдаг, ичдэг, таны таньдаг өнөөх л тэр нэгэн хэвээрээ байгаа шүү.