Арав

Арав

Хайр гэж юу юм бэ! Хайргүйгээр амьдарна гэдэг байсан хүн нэг мэдсэн чинь найз залуутай болчихсон, түүнийгээ хардангуй “хэн чам руу мессэж бичээд байдаг юм бэ” хэмээн шалгааж сууна. Дассан сэтгэл байв уу, “хайр аа” гэдэг үгэнд нь уярав уу. Гаднаа “балай золиг вэ” гэж хүлээж авсан боловч битүүхэн догдолж, гэгэлзсээр явж л дээ. Жил гаруйханы өмнө хэрэв хэн нэгнээс, тэр тусмаа эрэгтэй хүнээс хайрын үг сонсох тухай бодол толгойд орж ирсэн бол өөрийгөө солиорсонд тооцох байлаа. Гэтэл энэ бүхэн нүдний өмнө өрнөөд байдаг. Биеэ чимхэж үзмээр.

Гэнэтийн их эрх чөлөөндөө хөл алдав уу гэлтэй зугаа цэнгэл эргүүлж гүйсээр ажлаа цалгардуулж, дарга нараас ч зэмлэл хүртэх болов. Юм бүхний тэргүүнд ажлаа тавьдаг, хөдөлмөрч хичээнгүй залуу сэтгүүлчээс тун бага зүйл үлдсэнийг ойлгож, засахыг оролдовч дотор нэг юм загатнаад зүгээр суулгахгүй. Бие нь ажил дээр ч санаа бодол нь тээр хол, өөр газарт.

Ажлын дундуур мессэнжэрээ нээтэл Наагий ахаас зурвас ирлээ. Удахгүй гей миссийн тэмцээн болох гэж байгаа, чи орохгүй юм уу гэнэ. “Нээрээ юу, би уг нь тиймэрхүү тэмцээнд орж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан ш дээ” гэтэл хүрч ирээд бүртгүүлчих гэв.

Орон нутгийн сонгууль ид өрнөөд ажил ихтэй. Залуус эрүүл мэндийн төв /ЗЭМ/ рүү очиж амждаггүй ээ. Ирж бүртгүүлэхгүй бол хаслаа шүү гэж утасдахаар нь орой ажлаа дуусаад заавал очих ам өчигөө өгчихөв.  Зөв зүйл хийж байгаа эсэхдээ бас эргэлзэнэ. Ажлынхан, таньдаг хүмүүс олоод мэдчих вий, тэгвэл ёстой баларна шүү.

Оюукыг Нямкатай танилцуулахаа амлачихсан байсан. ЗЭМ рүү явахаасаа өмнө хальт уулзуулж мэнд мэдүүлээд хоёуланг нь дагуулан тэмцээндээ бүртгүүлэхээр яарав. Зам зуур Оюук Нямкад хандаж “Миний найзыг гомдоовол дэмий шүү. Хайрлаж яваарай”. Нямка чимээгүй л толгойгоо дохин инээмсэглэнэ.

Хэдхэн хоногын өмнө Оюукынд байхад Нямкаг залгахаар нь бие засах өрөөнд орж утсаар ярьсан юм. Хэнтэй ярив гэхэд нь хамт байр түрээслэж байгаа залуу гэчихээд л өнгөрсөн. Харин маргааш нь Оюук ажлын дэргэдэх кафед хүлээж байна, гараад ир гэж дуудсаар яваад ортол,

-Найз нь бүр асуумаар санагдаад байж чаддаггүй ээ. Ямар сайндаа зорьж ирээд сууж байгаа нь энэ. Нэг юм олж мэдсээн. Юу гэдгийг нь чи мэдэж байгаа. Надад яг одоо хэл. Хэлэхгүй бол чи намайг найзаа гэж боддоггүй гэсэн үг.

-Гомо гэж үү?

-Тийм, эрт хэлэхгүй яасан юм бэ?

-Чи нээрээ чөтгөр юмаа. Яаж мэдэв ээ?

-Өчигдөр санамсаргүй сонсчихсон юмаа. Утсаар “Хайр аа, хайр аа” гэж ярьж байсанаа намайг хэн юм гэхэд хамт байр хөлсөлж байгаа залуу гэсэн ш дээ. Тэгээд л тэр залуугаа “хайр аа” гэхийг бодвол гомо болж дээ гэж бодохгүй юу.

-Хаха санаа гэж чинжүү юмаа.

Ширээ сандалуудаа хана дагуулаад өрчихсөн, өрөөний голоор даашинзтай алхах танихгүй залуус ЗЭМ дээр угтав. Наагий ах цонхны дэргэд ташаандаа гараа аваад зогсчихсон, хэзээний л загварын алхааны багш шиг “Алив ээ, таазаа сайн хөдөлгөөд гунхаад өгөөч дээ. Битгий мөр, цээжээ хаяад эрэгтэй хүн шиг муухай алхаад бай”. Сэтгэлд нь нийцэхгүй байгаа шинжтэй дурамжхан харж байсанаа “Намайг дагаад алхаадах даа, бүгдээрээ”.

Нэг, хоёр…нэг, хоёр…нэг, хоёр…за зогслоо, поозоо авлаа, эргэлээ…үүб ай…

Урьд жилийн тэмцээнд Наагий ах оролцсон болохоороо шинэ оролцогчдод туршлагаасаа хуваалцаж байгаа юм байна. Нөгөөдүүл нь Оюукын хажууд биеэ бариад байгаа нь илт. Цувж гарч гүйлдээд байхаар нь “Хүүе ээ, найзаас маань ичих хэрэггүй шүү. Намайг ойлгоод энд ирээд сууж байгаа хүн та нарыг ч гэсэн ойлгож л байгаа шүү дээ” гэсэнд тайвширсан бололтой бэлтгэлээ үргэлжлүүлэв.

Өдөр болгон нэгдсэн журмаар бэлтгэл хийж байгаа аж. Ирж байя гэсэн ч ажил амжихгүй. Өнгөрсөн тав зургаан жил эрэгтэйлэг биеэ авч явж сурахад өчнөөн цаг, мэдрэл хоёроо барахдаа эргээд эмэгтэй хүн шиг алхаж гишгэж, аашилж аяглах шаардлага гарахыг яахан мэдэх вэ. Тэгээд бүр олны өмнө тайзан дээр шүү.