Арван нэг

Арван нэг

Сэтгэл санаа тавгүй…Хэдэн сарын турш гей ертөнц, гей амьдрал гэж гүйснийхээ горыг амсаж, ажлын бүтээмж дордсоор л. Харсаар, мэдсээр байх боловч нэгэнт нээгдсэн сэтгэлийнхээ үүдийг хааж дийлэхгүй. Хүсэхгүй гэвэл үнэнд ойр ч юм уу.

Ээж хотод ирээд явахдаа ажлын газраар дайрч тагнуул хийсэн бололтой баахан хов зөөж утасдав.

-Ажлынхан чинь чамайг сүүлийн үед өмнө нь харагдаж үзэгдээгүй залуучуудтай нийлж алга болоод байгаа гэсэн шүү. Юун хүмүүстэй орооцолдоод байгаа юм бэ?

-Хэрэгтэй үед минь анхаарал халамж тавиагүй байж одоо юу болоод миний амьдралд хошуу дүрээд эхлэв ээ, та. Ходоодоо би өөрөө борлуулаад, хар толгойгоо хариуцаад амьдарч байгаа. Цаашид ч тэгнэ. Битгий хэрэгт дурлаад бай.

Хажуугаар нь Нямкатай “бөгсний хэрүүл” хийгээстэй. Гэрт хамт байж байхад хүртэл түүн рүү янз бүрийн залуус залгана, мессэж бичнэ. Бусдын аз жаргалыг харахаараа нүд нь хорсдог, албаар дунд нь яс хаяж салгах, муудалцуулах гэдэг хүмүүсийг ойлгохгүй. Ганаад хамаг асуудлаа ярих ч “Найз нь чамд анхнаасаа сануулсан шүү дээ” хэмээх адилхан хариултаа л ахин дахин сонсоно.

Нямка өөртөө буруу өгөхгүй. Дандаа худал үнэн нь мэдэгдэхгүй янз бүрийн шалтгаан тоочно. Түүнд нь итгэсэн царай гаргаад л тэвчээд өнгөрөх. Бодит байдал дээр гэтэл огт танихгүй залуу над руу утасдаад л танай Нямка тэнд буудалд тийм, тийм хүмүүстэй архидаад, тэгж тасраад, тэгж сексдээд явж байна гэх нь энүүхэнд. “Хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү надад хамаагүй ээ” гээд утсаа салгах ч үнэндээ бол гомдлын сүүдрээс зугтах аргагүй. Нэгэнт нэр холбогдсон юм байж жаахан хичээгээд биеэ зөв аваад явчихгүй, ямар өөдгүй амьтан бэ!

…Миссийн тэмцээний бэлтгэлээ чадан ядан базаасаар. Дизайнер найз охиноороо даашинз оёулав. Газар шүргэсэн урттай, гүн ягаан өнгийн. Энгэрийнх нь гялгар шигтгээ өрөөний гэрэлд гялбаад л, үнэхээр гоё. Миний хувьд маш үнэ цэнэтэй зүйл. Өөртөө зориулсан анхны даашинз минь шүү дээ.

Мэдээж найз охиндоо худлаа ярьж, бөөн жүжиг найруулав.

-Хэнд оёулж байгаа юм бэ?

-Аан, хүнд сюрприз барих гэж байгаа юмаа. Миний найз олон юм асуухгүй зүгээр л оёоод өгчих тэгэх үү?

-Найз нь наанадаж л тэр охины чинь биеийн хэмжээг мэдэх хэрэгтэй шүү дээ.

-Зүгээрээ өндөр нам, өргөн бүдүүнээрээ яг надтай адилхан. Миний биеийн хэмжээг аваад л оёчих. Санаа зоволтгүй.

-Тийм гэж үү. За за наашаа хүрээд ир, хэмжээг чинь аваадахъя.

Даашинзаа Нямкад үзүүлж, баяраа хуваалцана гэхээс тэсч ядан байтал түүнээс дуудлага ирлээ. Жуковт буудалд Отгоо болон өөр нэг найзтай нь хамт согтуу байна, хүрч ирээд аваач гэж гуйв. Отгоо гээд архичны нэрийг сонсоход л хамаг эд эс үхэх шиг. Бид хоёрыг хамт байгааг мэдсээр байж л Нямка руу залгаад “хайр аа, уулзах уу” гэдэг нөхөр шүү дээ. Тиймээс тэрэнтэй байна гэхээр нь давхиад очлоо.

Хоёр орных нь дундуур уртаашаа дөрөвхөн алхах зайтай жижигхэн буудлын өрөөнд гурвуулаа сууж байна. Бохир заваан нь тамтаггүй. Жорлонгүй, угаалтуургүй. Халтар ч гэлээ нэг муу жижигхэн цонхтой, агаар ядаж амьсгалаад байж болох юм. Үнэ цэнэ гээчээ уландаа гишгээд шөнө оройн цагаар хүний найз залуу руу утасдаад байдаг Отгоо мэтийн юмнууд иймэрхүү л газар заваарч сууна даа, чааваас.

Нүүр тулж уулзаж байгаагүй учраас Отгоотой эхлээд танилцав. Тэрэнтэй өөрийгөө адилтган доош ормооргүй санагдаад хэрүүл нэхсэнгүй. Тэнгэр газар шиг ялгаатай хүмүүс гэдгээ эелдэг, боловсоноор харуулах нь зөв байв. Архи нь дууссан, гялс ойролцоох дэлгүүр орчихоод ирье гээд Нямкаг өндийхөд Отгоо дэргэдээс нь “Би хамт явъя”. Дуугүй л суулаа. Гараад явсан хойгуур нь зэргэлдээх орон дээрээс найз нь,

-Гадуур хувцасаа тайл л даа.

-Зүгээр, зүгээр. Удахгүй явна.

-Тайлчих л даа.

-Зүгээр ээ, Нямкаг орж ирэхээр удалгүй явна.

-Нээрээ явах гэж байгаа юм уу?

-Тийм ээ, өглөө эрт ажилтай.

-Уг нь групп секс хийе гэж дуудсан ш дээ…

-Юу? Хүүе би та нартай групплээд хэвтэж байх хүн шиг харагдаад байна уу? Андуураад байгаарай.

-Ээ л дээ, үлдчих л дээ.

-Чи тэнэг юм уу?

Ашгүй Нямка, Отгоо хоёр ч гаднаас ороод ирлээ. Салхинд цохиулаад улам согтчихож. Хэл ам нь орооцолдоно. Явъя хэмээн шавдуултал шилтэй архиа заавал хувааж ууна гэсээр өнөөхөө уув. Дараа нь тэр чигтээ сэрэх шинжгүй унтаад өгөв. Отгоо найзтайгаа хөнжил доогуураа шургав уу үгүй юу л сексдээд эхлэх. Адгуус мал шиг, ичиж зовж байгаа шинж алга. Үлдээгээд явчихмаар байсан ч Нямкаг заавал дагуулаад гарах юм шүү гэж зөрүүүдлэхдээ хажууд нь гурван цагийн турш гүрийж хэвтэв.

…Замдаа Нямкатай үг сольсонгүй. Түүний ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр хардаг, өмнөө тавьсан зорилготой зан нь таалагддаг байлаа. УИХ-д нэр дэвшинэ, ингэнэ тэгнэ гээд л ярихаар нь хэдийнэ нэр дэвшээд ялалт байгуулчихсан юм шигээр төсөөлж, мөрөөдөлдөө заавал хүрээсэй гэж залбирна. Өндөр боловсролтой залуу, чадна гэдэгт нь эргэлзэж байгаагүй. Харамсалтай нь, эртнээс ажиглаад байхад их л буруу хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг юм байна даа. Эцэстээ тэднээсээ ялгарах юмгүйгээр өдрөөс өдөрт өөрчлөгдөн уусч, өнөөдрийн жаргалын төлөө маргаашаа үгүй хийх мэт. Намайг яагаад тэр бүхэндээ хутгаж байгаа юм бол. Ингэхэд Нямка гэлтгүй, би өөрөө ч ухаан санаагаа гээчихсэн яваа юм биш байгаа!?

Үзүүлнэ гэж бодоод цүнхэлчихсэн байсан даашинзаа гаргасан ч үгүй.