Баяртай эх орон минь буюу Монгол дахь өчигдөрүүд-Нэг

Баяртай эх орон минь буюу Монгол дахь өчигдөрүүд-Нэг

Сэтгэл зүрх маш олон жил ганцаардаж, цөхрөнгөө барах дөхсөн байсан болохоор ч тэр үү монголд тийм олон гей залуус байдгийг олж мэдсэнээс хойш нэг л хачин гэгэлгэн, аль болох л их цагийг тэдэнтэй хамт өнгөрүүлмээр санагдах болов. Ер нь би яагаад ингэж ял мэт амьдарч, ажиллах ёстой юм бэ гэж бодогдох. Шоу цэнгээн хөөж дураараа зугаацмаар, дүрсгүйтмээр. Миний мэдэхийн л би гэдэг хүн ухаан орсон цагаасаа хүмүүсийн ярьдагаар “номын хүүхэд”, цагийг ихэвчлэн ном уншиж, зураг зурж, эсвэл цаас даавууны өөдсөөр ямар нэгэн бүтээлч зүйл хийхийг оролдож өнгөрүүлдэг байв. Өвөө эмээ хоёр дээрээ өссөн тул бусад хүүхдүүдийн адил харуй бүрий болтол ханаталаа гадаа тоглох нь ховор, тэр хоёр маань намайг хашаанаасаа барагтай холдуулахгүй. Өвөө зураг зурах дуртай хүн байсан. Хажууд нь зураг зураад сууж байвал хачин жаргалтай, урамшуулаад л, магтаж хөөргөөд л.

Харин надад бол хүүхэд л болсон хойно тэгж халтайтлаа тоглох нь жаргал юм шиг, заримдаа өглөө сэрэнгүүтээ эмээг сүү саальтайгаа зууралдаж байх хойгуур үсээ ч самнуулахгүй гараад зугтчихна /даахийг минь огт үргээгээгүй, сургуульд ортлоо би урт үстэй байсан юм/. Даанч харамсалтай нь, хамт тоглох хүүхэд тэр бүр олдохгүй. Хөвгүүд дандаа “охин шиг” гэж гадуурхана, тиймээс охидыг л “царай алдан” бараадна. Ийм байдал нас нэмэх тусам, эрэгтэй эмэгтэй хүүхдүүд хүйсийн ялгаагаа илүү таньж мэдэж эхлэх тэр цагаас улам бүр дордож, би гэдэг хүн эрэгтэй ч найзгүй, эмэгтэй ч найзгүй, энэ хорвоод “шоовдорлогдож” амьдрахын эхлэл жинхэнэ утгаараа тавигдсан гэхэд болно доо.

Тийм учраас л өөрийгөө бусдаас өөр хэмээн ичиж, нуугдах надад орь ганцаараа биш гэдгээ олж мэдэх нь юутай их баяр баясал, сэтгэлийн эрх чөлөө байсан гээч!

Ямартаа ч монголын ижил хүйстэн залуустай интернэтээр холбоо тогтоосноос хойш удалгүй Ганзо гэдэг залуутай биечлэн танилцаж, тэр миний анхны эр хүн болов. Түүнтэй сардаа нэг юм уу, заримдаа гурван сард нэг удаа л уулзалдана. Нэрнээс нь өөр ихийг мэдэхгүй, тэр угаасаа өөрийнхөө талаар ам нээхгүй. Ихэвчлэн шөнийн цагаар уулзалдаж хамт хоночихоод өглөө эрт сална. Анх хачин л санагддаг байсан. Таньдаг мөртлөө таньдаггүй юм шиг ийм сонин этгээдтэй өвөр түрийндээ ортлоо дотноссон байтал нэрнээс нь цааш мэдээлэлгүй. Сүүлд нь харин нэлээд олон гей залуустай танилцаж, ажиглаж байхад монголын гей залуусын амьдрал ерөнхийдөө л нэг хэвийн, хаалттай хөшигний цаана, хүн намайг мэдчих вий гэсэн айдас хүйдэстэй өрнөдөг юм билээ. Хоорондоо танилцахдаа хуурамч нэр хэлнэ, хийдэг ажил, гэр орон, амьдралынхаа тухай бүгдийг нууцална. Үгүй бол цоо шинэ үлгэр зохиож ярих жишээтэй. Нэг талаар ижил зовлон хуваалцах нь өөриймсөг, нөмөртэй боловч нөгөөтэйгүүр, бүгд л нүүрэндээ баг зүүчихдэг энэ жижигхэн ертөнцөд өөрөөрөө байх, өөрөөрөө байгаа хүнийг олох тун хэцүү.

Үнэндээ ажил, хичээл хоёр давхцаад болзоонд явах, шинээр гей залуустай танилцаж суух боломж тун бага байдаг байлаа. “Үнэн” сонинд ажиллаж байсан үе л дээ. Өдөр тутмын сонин учир өглөөнөөс орой болтол амсхийх завдалгүй. Дөнгөж хоёрдугаар курсынх, дээр нь арван зургаахан настай оюутан надад хичээлийнхээ хажуугаар ажиллаж, ядаж л ходоодоо өөрийн хүч хөдөлмөрөөр борлуулаад байх боломж тэр бүр олдохгүй шүү дээ. Тэгээд ч бага балчир наснаасаа хүсч мөрөөдөн байж сонгосон мэргэжил учраас ачаалал энэ тэрхэнийг ажралгүй, жигтэйхэн урамтай ажилладаг байлаа. Сэтгэлдээ нуух далдхан хүсэл бол өчнөөн жил хорьж цагдсан хүлээсээ тасдаж чулуудаад, ижилхэн хувь тавилантай тэдгээр хүмүүс рүү гараад гүймээр санагдавч тэмүүлж тэмцэж байж өөрийн болгосон мөрөөдлөө орхиод, биеийн аз жаргалаа хөөнө гэхээр санаанд багтахгүй л байв.

Нэг удаа ажил дээр ДОХ-ын халдварын тухай яриа өрнөж, албаны дарга надад халдвар тээгчдийн тухай нийтлэл бичих даалгавар өглөө. Тэр тусмаа ДОХ-ын халдвар тээгчдийн дийлэнх хувийг гей залуус эзэлдэг гэх мэдээлэл байна, нийтлэлээ тэр тал руу нь чиглүүлээрэй гэж онцлов. Ганзогоос өөр биечлэн уулзсан гей залуу байгаагүй үе, өнөөх Ганзо нь амаа үдүүлчихсэн юм шиг олигтой юм ч ярихгүй. Ямар ч байсан тодорхой мэдээлэл өгч чадах өөр нэгэн гей залууг олж ярилцаад, нийтлэлээ сурвалжилсан тэмдэглэл маягаар бичье гэж шийдэв ээ. Чатаар хэд хэдэн гей залуутай үг сольж, уулзахаар оролдоод бүтсэнгүй. Тэгэхээр нь Гамбуушийн утасны дугаарыг сураглаж олоод залгалаа. Түүний тухай домог мэт элдэв янзын яриаг бүр эртнээс л сонсож байсан болохоор ямар хариу хүлээхээ мэдэхгүй битүүхэндээ жаахан эмээж, сандрах.

-Байна уу?

-Аан байна, байна. Хэн бэ? хэмээх өтгөндүү агаад донжтой хоолой утасны цаанаас сонсогдов.

-Сайн байна уу Та, “Үнэн” сониноос ярьж байна аа. Би нэг нийтлэл бичихээр мэдээлэл цуглуулж байгаа юмаа. ДОХ-ын халдвар тээгчдийн талаар. Тэгээд халдвар тээгчдийн ихэнхи хувийг гей залуус эзэлдэг гэх маягын мэдээлэл байна л даа. Яг иймэрхүү хүмүүстэй уулзаж тодруулбал нийтлэл маань тэнцвэртэй аятайхан болох юм шиг санагдаад. Та боломжтой бол уулзаж ярилцаач гэх гээд л.

-Тийм үү, би ямар гомо момо биш, мэдэхгүй ш дээ. Чи 9161…. гээд энэ дугаар руу залга за.

Мань хүн ингэж хэлээд утсаа салгачихав. Ямар ч байсан хоосонгүй хоцорсондоо олзуурхангаа нөгөө дугаар руу нь шууд залгалаа. Нэгэн эр урдаас “хэнээс миний дугаарыг олж авсан юм?”, “ямар шалтгаанаар уулзах юм?”, “уулзаж яг яах юм?” гэхчилэн нялуун, сээтэгнүүр дуугаар баахан шалгааж, би ч учир байдлаа тайлбарлаж, удтал ятгасны эцэст маргааш орой нь уулзахаар тохиролцлоо.

Маргааш нь ажлаа эртхэн дуусгаж, уулзалтаа хүлээхийн сацуу “би өнөө орой гомо залуутай уулзаж ярилцана” гээд л ажил дээрээ учиргүй сенсацилчихав. Ажлын эгч нар амжилт хүсч, хөгжилтэй нь “болгоомжтой байгаарай” гэж захих нэгэн нь ч байлаа. Миний хувьд ажлаа хийх далимдаа нэгэн шинэ гей залуутай уулзаж танилцана гэж бодохоор улам догдолж, дотроос ямар нэг зүйл яаруулан хатгах шиг цагаа байн байн шагайна.

Оройн 20.00 цагийн орчим товлосон ёсоор Соёлын төв өргөөний үүдэнд уулзах ёстой хүнээ хүлээж зогслоо. Өвлийн тачигнасан хүйтэн хэдийнэ хотыг нөмөрчихсөн, зуны ботинктойг ч хэлэх үү хөлнөөсөө царцаж эхлэх нь үү гэлтэй бээрч зогстол Сүхбаатарын хөшөөний баруун талаас хэн нэгэн этгээд миний зүгт чиглээд ирж яваа нь тод үзэгдэв. За өнөө хүн маань мөн дөө гэж бодохоор алхаа гишгээ нь эмэгтэй хүн ч юм шиг. Бариу хар жийнсээ савхин хүрэмтэй хослуулж, дээр нь цайвар өнгийн урт ороолт унжуулаад мөрлөчихсөн, ямар амьтны арьс юм бүү мэд, үсэрхэг том малгай нь эгээтэй л 60-аад оны бүсгүйчүүдийн үс шиг намбалаг, хүүхэнлэг харагдуулах. Хүмүүсийн муулдагаар жинхэнэ “улаан гомо” байна даа ухааны юм бодонгоо гараа даллатал тэр ч гэсэн намайг уулзах хүнээ гэж таньсан бололтой ойртон ирлээ.

Санал болгосных нь дагуу шар айраг уунгаа тухтай ярилцахаар МУИС-ийн урд байрлах “Tse”-г зорив. Урьдын л адил оюутнуудаар дүүрэн, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Шинэхэн танил Болдоог маань үүдээр нь шагаймагц л энд тэнд нэгнээ нударч шивнэлдэх хүмүүс, сонжсон, доогтой харц угтан авав. Тэр нь намайг учиргүй ихээр эмзэглүүлж, Болдоогийн эмэгтэйлэг байдал, хувцаслалт, алхаа гишгээг нь дотроо баахан өөлж яваадаа өөрийгөө гайхах би. Манай сургуулийн таньдаг оюутнууд энэ дунд сууж байх вий дээ, намайг ч гэсэн гомо гээд бодчих вий дээ гээд л сүрхий нэрээ хичээж, биеэ барьсан хүн. Болдоо гэтэл огтоос тоосон шинжгүй, бүр дасчихсан бололтой.

Би уг нь байнга л элдвээр гоочлуулж, доромжлуулж, үеийнхэндээ гадуурхагдаж өссөнөө бодвол олны дунд Болдоотой цуг явахаас тэгтлээ бишүүрхмээргүй. Миний дунд сургуулийн хоч гэвэл “охин”, “хүүхэн”, “гомо”, “манин”. Хоч гэхээсээ илүү нэр юм шиг болсон доо, сүүлдээ. Хойд эцэг, хамаатан садны хүүхдүүд ч тохуурхаж, элдэвлэнэ. Хичээлдээ явмааргүй санагдаж, сэтгэл санаагаар унаж, ганцаардаагүй өдрүүдээ тоолоод барамгүй. Найз нөхөд ч үгүй, чөлөөт цагаа Төв номын сан хавиар л өнгөрөөнө. Магадгүй энэ бүх ганцаардал, шаналал намайг хурцалж, хатуужуулж, шинэ амьдралыг бүтээн босгох хүсэл тэмүүлэлтэй болгосноор 15-хан настайдаа Хүмүүнлэгийн ухааны их сургуульд тэнцэн орж хар бараан дурсамжуудаас холдохыг чадлаараа хичээсэн байх. Хүний амьдралын 15 жил гэдэг урт хугацаа. Тэр тусмаа хамгийн гэгээлэг, цайлган хүүхэд насаа тийм их гомдол тээн ганцаардаж өнгөрүүлсэнээ шударга бус гэж боддог.

Дахиад тийм доромжлол, үзэн ядалттай нүүр тулахгүй гэсэндээ би оюутан болсон цагаасаа өөрийгөө өөрчлөхөөр шийдэж тэрүүхэн тэндээ л “эрэгтэй хүн шиг харагдахад” суралцаж эхэлсэн юм. Хүүхдүүд намайг дандаа охин шиг гонгиносон хоолойтой гэдэг байсан учир зориудаар бүдүүн хоолойгоор ярихыг хичээж, тэр байтугай тамхи татан, архи ууж сурч, цаашлаад сандал дээр хүртэл хөлөө дэлгэн эрэгтэйлэг суух зэрэг энгийн юм шиг сонсогдовч надад бол юу юунаас чухал үйлдлүүдийг мартах ёсгүйг өөртөө хатуу анхааруулна. Төрөлхийн л хариугүй туранхай, туниа муутай бие хаа минь үргэлж хүмүүсийн амны бай болж “яг гомо юм шиг”, “яг хүүхэн шиг” гэгддэг байсан болохоор гадуур алхахдаа том биетэй эрэгтэйлэг харагдахын тулд дандаа мөрөө өргөж, үеийнхээ хөвгүүдийг дуурайн пээдгэр алхах гэж хэрэндээ л хичээл зүтгэх гаргах. Үүнийхээ ачаар их сургуулийн оюутан болоод хоёр жил өнгөрөхөд лав хэн нэгэнд “гомо”, “манин”-гаараа хочлуулаагүй.

Тэгэхээр Болдоог ойлгохгүй байсандаа бус, үзэн ядсандаа бус, зөвхөн түүний буй байдал, түүн рүү хандсан хүмүүсийн тэрхүү ялгаварлан гадуурхсан бүдүүлэг харц миний эмзэглэж, дотроо тээж явдаг шархыг сэдрээж, Болдоогоос болж дахиад тэдгээртэй нүүр тулах шаардлага гарах вий хэмээн амьхандаа л өөрийгөө хамгаалж болгоомжилж л дээ.

Бас юуг ч нуун хаах шаардлагагүй “хэн бэ” гэдгээрээ амьдарч, өөрөөрөө хөдөлж, ярьж, алхаж гишгэж чадаж байгаа түүнд атаархсан цагаан атаархал ч байж болох. Өөрөөсөө өөр хүний дүрд тоглож, хэлэх үг, дуугарах дуу хоолой, хөдлөх хөдөлгөөн бүрээ хянаж, цэгнэж, минут секунд тутамд биеэ барьж, хэн намайг гомо гэх бол, хэн намайг хүүхэн шиг гэх бол гэдгээс үхтлээ айж амьдрах нь миний хувьд тэр чигээрээ бие сэтгэлийн тарчлаан, зовлон байсан юм чинь.