Гурав

Гурав

Болд ах монголчуудынхаа дунд нэр хүндтэй, чадал хүрэх хэмжээгээрээ хүмүүст тус дэм болоод явдаг юм байна. Өөрөө недерландад олон жил болж байгаа учир хэл усыг нь мэддэг, хууль дүрэм нь хэрхэн үйлчилдэг тухай мэдлэг, мэдээлэлтэй. Тиймээс ч түүнээс тусламж хүссэн, орчуулга хийлгэх гэсэн монголчууд гэрээр нь байнга орж гарна.

Биднийг гэрт нь очиход ч дүү болон хүргэн хоёроос нь гадна өөр хэд хэдэн монголчууд угтлаа. “Аан Энхриймаа…Чиний талаар сонссон, уншсан” гээд л танимхайрсан нь хоорондын харилцааг төвөггүй, хялбар болгосон сайн хэрэг байв. Танихгүй, мэдэхгүй хүмүүстэй нүүр тулж, трансжендэр эмэгтэй гэдгээ үргэлж тайлбарлах нь хааяа төвөгтэй байдаг шүү. Харин нэгэнт хэн гэдгийг маань мэддэг хүмүүсийн дэргэд биеэ барих гэхчилэн зовлон байсангүй. Оройжин Болд ахтай хууч хөөрсөн тул хоолой чилж хөндүүрлээд олон юм ярилгүй чимээгүйхэн суусныг эс тооцвол шүү дээ.

Түүнчлэн гадаа хүйтнээс дулаан гэрт орж ирж халуун хоол цайгаар дайлуулсан болохоор хамаг бие нозоороод болдог бол хиймэл үсээ тайлаад тавьчихмаар байлаа. Малгай өмсчихсөн юм шиг тархи толгой халууцаж хөөрөөд хэрэг алга. Хажуугаар нь юм ярих гэхээр хоолой чилж ядраад, яхир муухай дуугарах гээд байдаг. Амьхандаа нээх их гоёж гоодсон, намбалаг даруухан бүсгүй орж ирчихээд гэнэт аймаар бүдүүн эрэгтэй хоолойгоор яриад л, үс гэзгээ хуулж авч шидээд байвал хүмүүсийн нүд орой дээрээ гарах байлгүй. Үс гэзэг хүссэнд хүртэл урт ургаж, шинэ дуу хоолой маань тээргүй санагдаж дасал болтол давах л ёстой даваа гэж бодоод, тэвчихээс өөр яалтай. Мөрөөдөл биелэж байхад энэ зэргийн бэрхшээл ч яамай байна аа.

Монголоос гарсанаас хойш сүүтэй цай, буузны бараа хараагүй. Монгол хоолоор дайлуулаад сайхан байв. Юм гэдэг сонин. Үнэтэй, тансаг янз бүрийн өчнөөн л хоол идэж үзлээ. Гэтэл элдэв орц, амтлагчгүй эмээгийн минь хийдэг гурилтай шөлийг гүйцэх тийм амттай хоол байдаггүй. Халуун зун гадаа тоглоод хатаж үхэх шахан орж ирэхэд чанаж хөргөөд тавьсан байдаг данх дүүрэн хар цай шиг нь тийм ундаа амталсангүй. Өвөө, эмээ дээрээ очиж гэрийнх нь сүүдэрт гудас дэвсээд хэвтэж байх  ч жаргал байжээ.

Жаргалтай явах үед сэтгэлд бүтсэн гэгээн дурсамжуудыг хожим хүний нутагт гуниглаж ганцаардах, уйлж туньмаар санагдах үедээ эргэн сөхөхөд ханьтай, нулимс арчиж, тэвэрч аргадах шиг болдог доо.

…Недерландын бусад хотуудыг бодвол Роттердамд харьцангуй олон монголчууд ажиллаж, амьдардаг гэнэ. Байр түрээслэх үнэ өртөг, олдоц нь гайгүй, монголчуудтайгаа холбоо сүлбээтэй байх боломж нь өргөн. Хөндлөнгөөс ажиглахад сайн ажил хийж, сайн цалин авдаг байх гэмээр ганган дэгжин хүмүүс. Брэндээр биеэ битүү гоёж, үнэтэй сүрчиг цацаад л. Ямар ажил хийдэг юм бэ та нар гэхээр даанч хариулахгүй, асуултнаас бултасхийгээд өнгөрөх юм. Тэгсэн мөртлөө яриаг нь сонсохоор “Өнөөдөр ажилдаа гарсан уу”, “Ажилдаа өглөө эрт гарах уу” гээд л яалт ч үгүй ажил төрөлтэй хүмүүс нь илт.

Унтах цаг ч боллоо. Сайн танихгүй хүмүүсийн дэргэд нүүрний будагаа арилгаж, хувцас хунараа сольж чаддаггүй ээ. Бүгдээрээ орондоо орсон хойно нь сэмхэн угаалгын өрөөнд орж нүүрээ цэвэрлэлээ. Хиймэл үсээ авахгүйгээр шийдэж өөрийн жинхэнэ үс шиг л гүрийгээд тэр чигээрээ унтаад өгөв. Будаггүй, хиймэл үсгүй дүр төрхөө толинд харахаар бие дотор нь хориод жил амьдарсан нөгөө л нэг өндөр туранхай хөвгүүн урдаас харж зогсох шиг. Эргэн тойрныхон миний өнгөрснийг мэдэхгүй, нүүрний будаггүй, хиймэл үсгүйгээр харсан ч тэдний нүдэнд би Оюунаа хэвээрээ харагдана гэдгийг мэдээд байгаа мөртлөө цаг нь тулахаар зүрхлэхгүй л байгаад байв.

Харин маргааш өглөө нь хүмүүс бүгдээрээ сэрчихсэн, тэдэнтэй нүүрний будаггүй мэнд мэдэхээс өөр аргагүй. Ямар нүүрээ дараад суугаад байлтай биш. Тэгвэл жинхэнэ гажиг юм шиг санагдах биз.

Юун түрүүнд гал тогоонд өглөөний цай бэлдэж зогссон Болд ахын дүүтэй мэндэлтэл зовхио өргөн урдаас сүрхий харсанаа “Энхриймаа чинь нүүрний будаггүйгээрээ ч ёстой хөөрхөн юм байна ш дээ” гэхэд нь уртаар амьсгал авах шиг болов. Эмэгтэй хүнийхээ үүднээс өөртөө итгэх итгэлээ олж авах гэх мэтийн трансжендэр эмэгтэй бүрт тулгардаг асуудлуудтай нүүр тулж, түүнийгээ ялан дийлж сурч байгаа нь энэ.

Гормон хэрэглэж эхлээд сар гаруй болсон гэхэд үр дүнгээ өгч байгаа бололтой, хөхний толгой томорч загатнана. Бас хөхөн дотор жижиг бондгор юм ургаад байгаа нь хөндүүр, эмзэг. Сэтгэл санаа ч тогтворгүй талдаа, шалтгаангүйгээр гуниглаад, эсвэл зүв зүгээр сууж байснаа учиргүй инээж хөөрмөөр. Дотор муухайрч, толгой өвдөхөөс гадна амархан ядарч сульдах талдаа. Товчхондоо, жирийн эмэгтэй хүмүүс жирэмсэнээс хамгаалах эм хэрэглэх үед биед нь илэрдэг шинж тэмдгүүдтэй ижилхэн шинж тэмдэг илэрдэг гэж уншсан юм байна. Хоолны дуршил нэмэгдээд байгаа нь ч гормонтой холбоотой.

Night club-ууд нь пүрэв гаригаас эхэлж дуу шуу ороод, баасан, бямбад л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь хачирхалтай сонсогдов. Монголд долоо хоногийн аль ч өдөр шоу цэнгээн тасардаггүй шүү дээ. Болд ахын дүү, хүргэн, өөр хэдэн монгол залуучуудыг хамтдаа клуб орох уу гэхэд нь татгалзсангүй. Цагаачийн байрнаас том хар цүнхэндээ нэг ээлжийн хувцас, будаг шунхнаас өөр зүйл хийлгүй гарсан. Гэлээ ч өрөөндөө ганцаараа хийх юмгүй бодолд дарагдан сууж байснаас шинэ улс орон, соёл, ёс заншилтай нь танилцаад явж байх нь дээр. Ээлжийн хувцасаа сольж өмсөөд л өнөө хэдийгээ дагаад гарлаа.

Замд цуг явсан залуусын нэг нь “Монголд байхдаа би ЛГБТ хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүй байсан. Анх Гамбуушийг харчихаад надад ямар ч гэм хор хийгээгүйг нь мэдэх хэрнээ шалтгаангүйгээр үзэн ядаад л. Гэхдээ энд ирсэнээсээ хойш шал ондоо бодолтой болсон шүү. Үнэндээ монголд та нарыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс энэ улсад, энэ нийгэмд ирвэл хүссэн хүсээгүй ойлгоод, эвлэрээд амьдрахаас өөр аргагүй шүү дээ” гэв. Усыг нь уувал ёсыг нь дага гэж, нээрээ үнэн шүү. Недерланд улс ЛГБТ хүмүүсийн ил тод байх, гэрлэлтээ батлуулах гэх мэт бүхий л эрхийг хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иргэдээ ялгаж гадуурхалгүй тэгш эрхийг эдлүүлж, хамгаалдаг. Ийм улсад амьдрахаар ирчихээд монголд байдаг шигээ аашлаад байвал “Уучлаарай, монголдоо очиж наад зангаа гарга даа” гэх болов уу.

Тэгээд ч цагаачийн амьдрал, үйл явц нь хэрхэн өрнөдөг, юу гэж, ямар шалтгаанаар цагаач хүсдэг талаар нь асууж сонирхож байхад санаанд оромгүй зүйл олж сонсдог юм билээ. Гей биш байж гей гэж хэлээд цагаач хүссэн монгол залуучууд цөөнгүй байдгийг мэдээд хэлэх үг олдоогүй. Бараг л трансжендэр гэвэл бичиг баримт авах шанс арай илүү байх болов уу гэчих гээд байгаа юм биш үү. Амьжиргаагаа дээшлүүлж, амьдралаа авч явахын төлөө хүний газарт ингэж явааг нь ойлгох боловч мөнгө улаан, нүд цагаач гэгчээр дэндүү шударга бус авирлах хүмүүс байх юм. Уг хүн нь ЛГБТ хүмүүсийг үзэн яддаг, ор тас ойлгодоггүй мөртлөө зөвхөн бичиг баримттай болохын тулд бидний нэг болж жүжиглэнэ гэдэг юу гэсэн үг вэ!? Ичих нүүргүй.

…Гурван давхар диско клуб дүүрэн хүнтэй байлаа. Шөнийн ханхүү, гүнж шалгаруулах тэмцээн зохиогдож царайлаг залуучууд, бүсгүйчүүд усны хувцастай тайзан дээр нь алхаад л, хүмүүс дэмжиж хашгиралдаад л. Тас хар үс, нүдтэй итали маягийн секси залуучуудыг дэмжиж орилтол хажуунаас монгол охин “Наад муусайн халтаруудаа битгий дэмж”. Турк, Иран, Ирак зэрэг араб зүгийн орнуудын залуусыг “халтар” гэж хочилдог гэнэ ээ. Яагаад юм, бүү мэд. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл ялангуяа олон орны иргэд нэг дор аж төрдөг энэ улсад байж болмооргүй. Ер нь халтар байна уу, хар байна уу хэнд хамаатай юм бэ. Хүнийг “хүн” гэж харвал “хүн” л харагдана.

Тэмцээн үзэж зогсож байгаад суудалдаа эргэн иртэл бидэн дээр танихгүй хоёр монгол залуу нэмэгджээ. Нэг нь ийш тийш үсэрч дэвхцээд, босч гүйгээд л, харваас сагсуу. “Юм хэрэглэчихсэн байна” хэмээн цуг явсан охиныг хэлэхэд “юм хэрэглэсэн” хүн ямар байдгийг мэдэхгүй учраас сониуч зан хөдлөөд хэсэг ажиглалаа. Монголд ажиллаж байхад л хар тамхины хэрэг ид мандаж, “Харанга”-ын Лхагвасүрэнг торны цаана хийсэнтэй холбогдуулж сурвалжлага, нийтлэл бичиж байсан. Өвсний ургамал хэрэглэснийхээ хариуд монголд хүн арван жилийн ялаар шийтгүүлж байхад энд эсрэгээрээ дуртай нь хаанаас ч хамаагүй худалдаж аваад л татчихдаг юм байна лээ. Зарж борлуулдаг цэгүүдтэй нь гадуур явж байхдаа зөндөө таарсан. “Coffee shop” гэсэн хаягыг нь анх хараад монголоороо сэтгэж, зүгээр л кофе уугаад сууж болох кафетай эндүүрээд явсан. Тийм хаягтай, дотор нь марихуана татаад тухтайхан мансуурч болно чинээ яаж төсөөлөх вэ дээ.

Нөгөө онгироо монгол залуу энэ тэрүүгээр гүйж явсанаа хүрч ирээд “танилцъя” гэж байна. Өдөж сээтэгнэсэн аястай. Сонсоогүй юм шиг л өөр тийш хараад суугаад байлаа. Угаасаа монгол залуучуудтай учиртай ч бай, учиргүй ч бай ямар нэгэн байдлаар орооцолдох, нэр холбогдох хүсэл сонирхол түй ч байхгүй. Байгаагаар минь хүлээж авч хүний ёсоор хүндэлж харьцах, боловсрол мэдлэгтэй европ найз залуутай болох мөрөөдөлтэй. Тэгтэл мань нөхөр сүүлдээ бүр монголоор ярьдаггүй юм байна гэж бодсон уу, янз үзсэн үү “Do you speak english?” болчихсон тууж явсан. Тэвчиж суусаар нэг юм салж санаа амарсан даа.

Маргааш нь гэр рүүгээ явахын даваан дээр танихгүй монгол эгчийн төрсөн өдөрт очихоор болчихов. Болд ах “Миний дүү дахиад нэг хоноод яв. Юунд яараад байгаа юм бэ. Цагаачийн байрандаа очоод утас ч үгүй, интернэт ч үгүй байж байхаар энд бидэнтэй ярьж хөөрөөд байж байсан нь дээргүй юу. Ирэх даваа гаригт бүртгэлээ өгтөлөө угаасаа чөлөөтэй биз дээ” гэхэд нь удаан зөрсөнгүй.

Монголчууд найрлах дуртай хүмүүс. Тэр л жишгээр монгол дуугаа дуулж, идэж уугаад л төрсөн өдрийн баярт нь хүн бүр сэтгэлээ шингээгээд халуун дулаан уур амьсгалтай өрнөж байна. Хоёр залуугаас бусад нь бүгдээрээ эмэгтэйчүүд. Яриаг нь чагнахад өөрийн эрхгүй өрөвдмөөр, тээж яваа гунигийг нь чаддаг бол хуваалцмаар, үр хүүхдээ санасан сэтгэлийг нь аргадмаар. Шувуу хүртэл бялзуухайгаа үүрээ орхин нистэл нь дэргэдээ байлгаж, асарч тойлдог байтал амьдралын эрхээр хүний газарт хар бор ажлын боол болж яваа эгч нар. Үр хүүхдээ хэрхэн өсөн торниж буйг харж жаргадаг эх хүний эрхээ ч эдэлж чадахгүй. Гэхдээ бас амьдралын хатууд нугаралгүй “зорилгодоо хүрч заавал ганц өрөө байрны мөнгөтэй ч болтугай болоод буцна даа” хэмээн шүд зуун зүтгэх тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатаар нь бахармаар.

Дөч эргэм насны эгч хүүгээ ихэд үгүйлсэн янзтай санаа алдсанаа “Өө миний хүү чинь том эр болсон байна лээ. Өөрөө хоолоо хийгээд идчихэж байна гэсэн шүү. Өндөр ч гэж ярих юмгүй, тэр хөлнийх нь томыг ээ. Барагцаагаар нэг ийм л байх шиг байгаа юм даа” хэмээн хоёр гараараа хэмжээ авч дүрслэн үзүүлэв. Хүүгээ юу юугүй тэвэрч аваад эрхлүүлмээр, санаж бэтгэрсэн өдөр бүрийнхээ тоогоор үнсэж үнгэмээр байгаа нь харцнаас нь илэрхий. Тэгэхэд л би ээжийгээ зүйрлэмгүй ихээр санаж байгаагаа ойлгов. Эргэж хэзээ бараа бараагаа харахаа мэдэхгүй, ээжээсээ хол орь ганцаар яваагаа бодох тоолонд өр өвдөж, дэргэд нь байхдаа дандаа зөрүүдэлж муудалцдаг байсандаа харамсана.

Найр үргэлжилж, зочид аяны дугараа өргөсөөр миний ээлж болжээ. Дуулж чадахгүйгээ учирлаад ч нэмэргүй, заавал дуул гэж тулгасаар. 24 цагийн турш хоолойгоо өөрчилж ярих, шинэ хоолойндоо дасах, дадал болгох гэж зовж байхад юун дуулах вэ. Гэлээ ч өөрөөсөө олон эгч, ах хүмүүсийг хүлээлгэж намбагүй аашлаад байгаа юм шиг санагдаад дуулахаар шийдэв ээ. Үгийг нь бүтэн мэддэг ганц дуу Сэрчмаагийн “Ангир ээж”.

Аньсган дунд минь бүрэлзээд байна

Ангир ижий минь алга уу даа

Зүсэр бороо нь шаагиад байна

Зүүдэнд ижий минь ирэв үү дээ…гээд л дуулж эхэлтэл нүдэнд нулимс цэлэлзэж, хоолой зангираад ирэв.