Гурав

Гурав

Гамбуушийн утас руу дахин залгаж өөрөөс нь хувь хүнийх нь үүднээс ярилцлага авах хүсэлтэй байгаагаа хэлтэл “яг одоо Энх тайвны гүүрний дор байрлах зочид буудал дээр хүрээд ир” гээд хаягыг нь өгөв. Гэнэтийн хариунд нь цочирдоод ч тэр юм уу ганцаараа явмааргүй санагдаад бас нэгэн найз охиноо хамтдаа явъя хэмээн ятгаж дөнгөв. Оюутан болсоноор миний амьдралд гарсан хамгийн эерэг өөрчлөлт нь санаа сэтгэл нийлсэн сайн найзуудтай болсон явдал л даа. Бүгдээрээ охид.

Тэгээд найзыгаа дагуулан нөгөө буудал руу нь очтол ресепшн нь Гамбуушийг дөнгөж саяхан гараад явчихсан гэв. Таксинд мөнгөө гарздан яаран очсоныг ч хэлэх үү чаддагаар нь хэлдэг хэдэн хараалын үгээ урсгангаа түүн рүү залгатал,

-Байна уу?

-Хүүш ээ, та чинь хаана байна аа. Хүлээж байя л гээд байсан биз дээ.

-Харин би яаралтай ажилтай болоод гараад явчихлаа. Чи энэ СУИС-ийн хажууд байдаг “Aura”-д хүрээд ир за.

Такси барих мөнгөгүй үлдсэн бид хоёр яахав дээ, алдарт Гамбуушийг бодитоор нь харж ярилцлага хийнэ гэхээр хэн хэнийх нь сониуч зан хөдлөөд Энх тайвны гүүрийг дагаад СУИС-ийн зүг алхчихав. Удалгүй “Aura” дээр ч хүрч, дотогш ортол өрөөний мухарт хүнтэй ярилцан зогсох Гамбууш шууд нүдэнд туслаа. Хар савхин өмд, өндөр өсгийт, учиргүй эрээн мяраан болсон нимгэн цамцтай. Дөхөж очоод хэн гэдгээ хэлтэл “Гадаа үүдэнд байгаа саарал машинд суугаад хүлээж бай за. Би удахгүй за”.

Үнэхээр ч гадаа үүдэнд нь цайвар саарал өнгийн жижигхэн машин зогсох агаад дотор нь буурал толгойтой жолооч өвгөн бээрсэн янзтай сууж харагдана. Бид учир байдлаа хэлээд арын суудалд нь орж суув. Хагас цаг хэрийн хугацаа өнгөрлөө. Гамбуушаас сураггүй. Суудал дээр орхисон гэрэл зургийн цомгийг нь хэсэг сонирхож, гадаад дотоодын үл таних хүмүүстэй авахуулсан зургуудыг нь харж цаг нөхцөөх аядав. Бараг цаг орчим боллоо. Найз маань ч уцаарлаж байгаа нь илт “яачихав аа, хөлдлөө ш дээ. Ямар балиар хүнд сурталтай авгай вэ” хэмээн бувтнаснаа “авгай юм уу, ах юм уу, ер нь юу гэх юм бэ” гээд тачигнатал хөхрөхөд би ч инээдээ барьж дийлсэнгүй..

Гэнэт жолооч өвгөний утас хангинаж цаанаас нь Гамбууш “брэнд” хоолойгоороо “Наад хоёр хүүхдээ явсан нь дээр гээд хэлчих дээ. Би мөдгүй юм шиг байна” гэх нь сонсогдов.