Долоо

Долоо

Монголчуудын шинэ жилийн баярт оролцож үзлээ. Цомхон аятайхан тэмдэглэдэг юм байна лээ. Яаж би овоо тэр өдөр саа маатай богино даашинз өмсч таарсан юм. Өдөр нь шинэ жилд орох бодол огтхон ч байгаагүй, тийм юм болно гэдгийг нь мэдээгүй Утрехтээр юм хум үзэж сонирхож явсан. Болд ахыг утасдаж хэлэхэд нь эхлээд “хэрэггүй ээ, очихгүй” гэчихээд дараа нь санаа бодол тэнд, баяр дээр л гүйгээд байв аа. Тэгээд мэдээж орой нь тэвчилгүй зориод очлоо.

Уг нь анх энд ирэхдээ монголчуудтай нэг их нийлж дотносохгүй, тэгэх нь шинэ улс орны орчин, соёлд хурдан дасч, нийгэмшихэд хэрэгтэй гэж бодож байлаа. Үнэнээ хэлэхэд, хов жив гарах вий, эрх чөлөөтэй өөрийнхөөрөө байж чадах хүнлэг нийгэмд ирчихээд монголд байгаагаас өөрцгүй өнөөх хэл амных нь бай болох вий гэсэн айдастай. Гэвч гадаадад олон жил амьдарч ажилласан хүмүүсийн нүд нь нээгдсэн байдаг байлгүй, арай өөрөөр сэтгэж, аливааг хүлээж авах чадвар төлөвшсөн байдаг болов уу гэж итгэнэ.

Санасныг бодвол залуу хүмүүс ихтэй юмаа. Гоёлын даашинзтай бүсгүйчүүд, ганган хослолтой эрчүүд Сараагийн шинэ жилийн дуунуудын хөг аялгуунд өнгө нэмээд монголдоо байгаа юм шиг дотно, үлгэр амилаад хэсэгхэн зуурт монголд оччихсон мэт. Эх орноо санаж бэтгэрч яваа эмзэг хүнд бол баярлах, хямрах зэрэгцээд хэцүүдмээр ч юм шиг. Одоогоос яг жилийн өмнө ажлынхаа газрын шинэ жилд оролцож, “Оны шилдэг”-үүдийн нэгээр өргөмжлөгдөж зогслоо шүү дээ. Юнагийн амьдрал тэгэхэд мөрөөдөл төдийхөн байсан атал өнөөдөр ингээд мөрөөдөлдөө хүрчихсэн байж байдаг. Амьдрал яаж ийм гэнэтийн агаад хурдан, тааж тааварлашгүйгээр өрнөнө вэ.

Хойморт нь залрах чимэг зүүлттэй гацуур, хүүхэд багачуулд бэлэг тараах өвлийн өвөө хүртэл харагдав. Жинхэнэ монгол өвлийн өвгөн, цасан охинтойгоо байсан нь дурсамжид ойр санагдлаа. Недерланд нөхөртэй эмэгтэйчүүд ч цөөнгүй бололтой, нөхөр хүүхдүүдээ дагуулан иржээ. Недерландаар төрөлх хэл шигээ ярьчихаад, монголоороо тавхан үг зөв эвлүүлээд хэлчихэж чадахгүй байгаа зарим залуу хүүхдүүдийг харахад өрөмдмөөр. Монгол ээжтэй юм чинь нас нэмж, амьдрал үзээд ирэхээрээ ээжийнхээ талыг мэдье, судлая гэх л байх даа.

Монголчууд үнэхээр бизнес сэтгэлгээтэй. Юмханаар юм хийчихдэг, хаа ч явсан амьдрах аргаа яаж ийгээд л олчихдог нь олон зүйлээс ажиглагддаг. Үүдэнд нь монгол хүмүүс бууз хийн зарж байснаас авч идсэн. Дэргэдээ зууштай тавагласан дөрвөн ширхэг буузыг таван еврогоор зарчихаж байгаа юм.

Арай дотноор нь Болд ах, түүний дүү хоёрыг л бараадлаа. Мундаг том од ороод ирчихсэн аятай л энд тэндээс монголчууд “хамт зураг авахуулж болох уу” гэцгээгээд эвгүй. “Үгүй” гэх хэцүү. Нээх уулгамч царайлаад “за” гэж босч харайсаар сүүлдээ бүр хананы урд пооз бариад зогсож баймаар байсан шүү. Яагаад тэгж учиргүй зураг хөрөг болцгоосон юм, бүү мэд ээ. “Яасан сонин учрал вэ, эгч нь чиний блогыг уншдаг” хэмээн зорьж ирээд сэтгэгдэлээ хуваалцсан эгчтэй тухтай хэдэн үг солих боломж ч гараагүй. Тийм их хүн миний талаарх мэдээлэлтэй байгаад итгэж ядсаар харих цаг болсон. Гарахын алдад Болд ахын дүү,

-Манайх руу явцгаая л даа.

-Тэгмээр л байна. Даанч найз нь солих хувцас, нүүрний будаг шунхаа ч авчраагүй ээ.

-Минийхийг хэрэглэчих л дээ. Тэртээ тэргүй шинэ оныг хамтдаа гаргах юм чинь одоо бид нартай цуг явсан нь амар ш дээ.

-Тэр ч тийм шүү. За за тэгье. Чи харин очоод гэрт сольж өмсөх хувцас гаргаж өгөөрэй.

-За тэгнэ ээ.

Арванхоёрдугаар сарын 31.

Недерландад хөл тавьсанаас хойш хоёрхон долоо хоносон гэхэд ямар их зүйл үзэж харж, ямар их адал явдалтай учрав аа. Мэдэхгүй зүйлстэйгээ нүүр тулж, үзээгүйгээ үзэж яваа болохоор л энд ирээд ингэж удсан мэт мэдрэмж төрөөд байгаа байх даа. Шинэ улс оронтой танилцаж, аялахын сайхан нь тэрэндээ байдаг юм байна. Өдөр болгон сонирхолтой, юм болгон сонин.

Хамтдаа он гаргахаар Болд ахынд таньж мэддэг хүмүүс нь бүгдээрээ цуглалаа. Зүс хараагүй хүн ч олон байв. Болд ах, Баяр ах хоёрын дотны найз Ариунаа гэдэг бүсгүй бий тухай тэднээс сонсч байсан, тааралдвал та хоёр заавал найзууд болоорой гэж захьсан. Тиймээс зочдын дундаас Ариунааг онцгойлж танилцлаа. Недерландад  долоо найман жил болсон ч албан ёсны бичиг баримттай болж чадаагүй, ганц бие, айлын гэр цэвэрлэн амьдарч байгаа гэнэ. Миссийн тэмцээнд орж баймаар царайлаг, гоё бүсгүй хэрнээ ёстой нэг хээгүй зантай. Тэр зан нь шууд таалагдаж, төдөх юмгүйгээр үзэл бодол, яриа хөөрөө нийлцгээсэнд баяртай байлаа. Эмэгтэй сайн найзтай болоод авбал хэн хэндээ дэмтэй, аштай юу.

Баяр ах ирээгүй. Монголчууд “Амстердамын нөгөө гомо залуу” гээд анддаггүй, түүнд нь дургүйлхдэг нь андашгүй байсан. Ямар сайндаа Амстердамд гудамжаар алхаж явтал хажуугаас нударсанаа “Хүүе, англиар ярь, англиар ярь. Монголчууд явж байна, чи бид хоёрыг монгол гээд мэдчихнэ” гэхэв дээ.

…Салют буудуулж, оргилуун дарс задлаад л бүгдээрээ шинэ оноо нижгэр угтлаа. Ахимаг насны эгч нар “алив миний дүү наашаа суу, хамт зураг авахуулъя”. Дахиад л бараг хүн бүхэнтэй зураг даруулав. Тэдний нэг нь өөр рүүгээ татаж суулгаж байгаад ихэд чухалчлан,

-Чамд утасны орчуулга хийсэн хүүхэн “манай энд монголоос хэн ч гэлээ нөгөө манин юм ирчихсэн байна лээ ш дээ” гээд л яриад явна цаагуур чинь…

-Өө тийм үү, ярьвал ярихаас даа.

-Ажлынхаа нууцыг гадагш задалж болохгүй ш дээ. Эгч нь байсан бол зүгээр өнгөрөөхгүй ээ.

-Яахав, яахав. Буянаараа болог.

Хов ярьдаг хүнд дургүй шигээ хов жив хүрч ирж дуулгадаг хүнд ч би үнэн голоосоо дургүй. Хов ярьж байгаа нь ч, ховыг нь дамжуулж байгаа нь ч яг адилхан, өөрийнхөө хэн болохыг л харуулдаг. Яана гэж, юу олж долооно гэж тэгтлээ зусарддаг юм, ойлгодоггүй. Сонсохгүй өнгөрмөөр, сонсохгүй өнгөрөх гэсэндээ тоохгүй байгаад байхад л “сонсооч, мэдээч” хэмээн тулгаад байдаг нь ямар учиртай юм бэ. Дэмий сул яриаг дэвэргэж дэмжих тусам хор нь ихэсдэг. Нэгэнт сонсчихсон хойно хэчнээн үл ойшоогоод ч сэтгэлд сэвтэй байдаг.

“Битгий надад ирж яриад бай!”

Ажиглаад байхад, өөр бас нэг төрлийн хүмүүс бий. Миний тухай бичсэн мэдээ бүрийг алгасахгүй. Тэр тусмаа дор нь байгаа хийх ажилгүй “ёо ёо”-той хүмүүсийн үзэн ядсан сэтгэгдлүүдийг цээжлэх нь холгүй нэгд нэгэнгүй уншаад ирж хэлдэг. Өөрөө би харах нүдгүйдээ, унших чадваргүйдээ тийм хар шар мэдээ, сэтгэгдлүүдийг уншилгүй өнгөрөө юу!? Уншихгүйг зориуд хичээж, тойрч явааг мэдсээр байж тавлаад байгаа юм шиг л “чамайг тэгж бичсэн байна лээ, ингэж бичсэн байна лээ”. Тэгсэн хэрнээ эерэг, зөв зүйтэй мэдээлэл, сэтгэгдлүүдийг нь ер дурьдахгүй.

Харсан, хаширсан. Ийм хүмүүсээс аль болох холхон амьдрахыг хүсдэг. Харамсалтай нь, хүний сайныг ханилан байж танина гэгчээр овоо дажгүй хүн байх гэж бодоод танилцсаны дараа хов яриад эхлэх нь цаанаа л тээртэй, гонсоймоор.

Нэгнийхээ улыг сүрхий шагайж, хэл амаа билүүдэж суудаг зан нь нүүдэлчний соёлын нөлөө байж ч болох юм. Төрсөн цагаасаа л хэдэн хананы дунд хамтдаа амьдарч, дараа нь айл саахалтуудынхаа хаяанд “хүн болж” нийгэмшдэг хүмүүс хэдэн биенийхээ тухай мэдээлэлд ач холбогдол өгөхөөс өөр яалтай. Төрж, өсөхдөө л олны дунд, хувь хүний нууц гэх юмгүй, үүх түүх нь нүдний өмнө бичигдсээр төгсдөг болохоор нэгнийхээ талаар мэдээлэлгүй амьдрах нь монголчуудын хувьд байж боломгүй санагдаж болно. Тэр зан үйл нь ихэнхи тохиолдолд хов жив тал руугаа хазайчих гээд байх гэмтэй.

Барууны орнууд гэтэл эсрэгээрээ. Улаан нялзрайгаасаа л тусдаа, өөрийнхөө өрөөнд ганцаараа унтсаар ухаан ордог хүмүүс. Ухаан орох үеэсээ л бие хүн гэдгээ мэдэрдэг. Хувийн нууцыг хүндлэхэд балчир наснаасаа суралцаж, миний асуудал бол миний асуудал, тэдний асуудал бол тэдний асуудал, бусдын хэрэгт хошуу дүрэх нь бүдүүлэг үйлдэл гэж хүмүүждэг. Тэр утгаараа манайхан шиг улам ухаж төнхөж байгаад л нэгнийхээ үйлийг үзэх нь харьцангуй бага.