Долоо

Долоо

Амралтаа дуусгаад намар ажилдаа эргэн ороход намайг улстөрийн алба руу шилжүүлж, парламентын сурвалжлагчаар томилох болсон тухай сүрдмээр мэдээ угтав. Дөнгөж арван есөн нас хүрэх гэж яваа, улстөрийн амьдралаас хол надад төдий хэрийн хариуцлага үүрэх нь сүрдмээр байхаас өөр яах вэ. Гэхдээ ажил төрөл урагштай, ахиж дэвшиж буйд баярлана. Ер нь тэгээд ч чадна гээд хүлээлгэж байгаа итгэлийг нь буцаах аргагүй.  Сониныхоо 85 жилийн ойгоор залуу үеийн төлөөллөөр нь сонгогдож, Дуурийн театрын нандин тайзнаа “Үнэн” сониноос төрөн гарсан үе үеийн сэхээтнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүдийн өмнө тавьсан илтгэлдээ цаашид улам сайн ажиллахаа амлаж байсан өдөр саяхан. Хэлсэн үгэндээ эзэн болж амьдрах хэрэгтэй шүү дээ.

Төд удалгүй Төрийн ордон руу нэвтрэх эрх бүхий үнэмлэхээ гар дээрээ авсанаар Улсын Их Хурлын чуулганы сурвалжлага, шинэ сайдуудтай ярилцлага хийх даалгавараас өгсүүлээд толгой өндиймгүй олон ажил угтлаа. Нэрэлхүү зантайг ч хэлэх үү, энгэртээ парламентын сурвалжлагчийн үнэмлэх зүүчихсэн гүйж байж танил сэтгүүлчдээсээ жижиг сажиг зүйлс асууж “оноо алдахгүй” санаатай. Гэтэл улстөрийн бодлого, хэллэг, хууль дүрмээс эхлээд ажлын хажуугаар улстөрийн мэдлэгээ тэлэх шаардлагатай байдаг. Ядаж байхад сайд нар, гишүүдийн өрөөг хайж явсаар Төрийн ордны зүс ижил, урт том хонгилууд дунд нь байн байн төөрчихнө. Камераараа ажиглаж байдаг бололтой, гэнэт хаанаас ч юм хамгаалалтын албаныхан нь гарч ирээд ёсорхуу хүйтэн дуугаар “Уучлаарай, та юу хийгээд, ямар зорилгоор нэг газартаа эргэлдээд байна, үнэмлэхээ шалгуулна уу” гэх нь эхэндээ ч зүрх амаар гарчихмаар. Энэ мэтчилэн хэсэгтээ л мунгинасаар овоо дөрөө олохтойгоо болж байтал өвөл ч хаяанд ирсэн байлаа.

Өнгөрсөн зун нь Отгоотой ханьсан хэд хэдэн удаа лонх мулталсныг эс тооцвол гей амьдралтай холбоогүй удаж байтал нэг өдөр Ганаа хэмээх залуутай ажлын дараа уулзахаар ам гарчихав. Дарханых гэсэнд нь сониуч зан хөдлөөд, нэг нутгийнх юм чинь хааяа зам нийлж байсан ч ханьтай.

Анх уулзахад л үзэл бодол, сонирхол, амьдралыг харах өнцөг ижилхэн, энергиэрээ шууд татагддаг хүмүүс байдаг шүү дээ. Ганаа тийм залуу байв. Үнэндээ би эрэгтэй найзтай болохыг байнга л мөрөөддөг, хүмүүсийг “чамд эрэгтэй найз байдаггүй юм уу, яагаад дандаа охидтой найзалдаг юм бэ” гэхэд нь хэлэх үггүй зогсдогтоо дургүй байлаа. Чадвал гей ертөнцөөс сайн найзаа олох юмсан гэж хүснэ. Эрэгтэй, тэгээд гей гэхээр төгс зохицол юм шиг.

Ганаа гей амьдрал дунд танилын хүрээ өргөн, бараг мэргэжилтэн болчихсон юм уу гэмээр л энэ амьдрал дунд биеэ хэрхэн зөв авч явж, хэнтэй нийлж, хэнээс нь зайгаа барих талаар лекц унших нь холгүй. Монголын гей залуус нэгнийгээ халтар цэвэрхэнээр нь ангилж зиндаархдаг, тэр байтугай өндөр, нам, царайлаг, царай муутайгаараа хуваагдаж нийлдэг, миний харьцдаггүй хүнтэй миний найз ч харьцах ёсгүй гэсэн өмчирхүү зантай байдаг гэнэ. Юутай ч хамтдаа шинээр олон гей залуустай уулзаж, амьдралдаа анх удаа шөнийн 04.00 цаг хүртэл шоудсан нь цоо шинэ адал явдал байснаас гадна бодож төлөвлөсөнтэй минь зөрөлдсөн, зориг шаардсан алхам байлаа.
Ажиглаж байхад залуу хөвгүүд мөнгөтэй, нас тогтсон ах нартай болзож уух, идэх тооцоогоо төлүүлдэг, түүнийгээ бараг л их ажил хийж бүтээсэн юм шигээр гайхуулах дөхөн ярина. Нөгөө ах нар нь ч ихэвчлэн өндөр боловсролтой, хариуцлагатай албан тушаал сахьдаг, чөлөөт цагаараа залуухан хөвгүүдээр өөрийгөө тойруулж зугаагаа гаргах нь нэг ёсны кайф байдаг гэцгээх. Дийлэнх нь эхнэр, хүүхэдтэй учраас гадуур цуг наргиж цэнгэхдээ биднийг аль болох эрэгтэйлэг байж, гомо биш юм шиг биеэ авч явахыг сануулна. Танилуудтайгаа тааралдвал солонгос кинонд гардаг “том ах” шиг л пээдийж “аан, хэдэн хуурай дүү нарт юм үзүүлж, нүд тайлуулаад явж байна” хэмээн хэнэг ч үгүй худлаа зална.

Би гэдэг хүн өдөр тутмын сонинд ажилладаг болохоор үүр цайтал шоудсан ч өглөө нь яаж ийгээд ажлаа зорино. Хүн амьтан гадарлачих вий, элдэв цуу яриа дэгдэх вий гэж мянга санаагаа чилээгээд ч олны нүд, чихийг хуурахад хэцүү. Санаа зовниж байсанчлан “ажлын цаг дуусаа юу үгүй юу нэг танихгүй залуу дагаад л алга болчихдог боллоо, энэ хүүхэд ер нь юу хийгээд яваад байна аа” гэсэн шивнээ яриа чих дэлсэж эхлэв. Хар багаас минь мэддэг, годогносон хэдэн охидтой л үй зайгүй нөхөрлөхөөс өөр найз гэж сүржигнээд байдаггүйг маань гадарлах тэдэнд жигтэй санагдах нь ойлгомжтой.

Үгээ цэгнэх, залгих хэрэггүйгээр чөлөөтэй, нээлттэй байж чадах найзтай болсондоо ихэд олзуурхана. Бүр давраад болж өгвөл өдөр бүхэн уулзаад баймаар. Баасан гаригын орой ажлаа яаран дуусаад ном ёсоор Ганааг “хүрээд ир” гэж ятгасаар ирүүлэв. Ганаа,

-Хоёулаа сансарын тунель дээр очоод нэг залуутай хальт уулзаадах уу?

-Яах гэж?

-Жаахан “доош нь чихэх” хэрэг байна аа. Чиний хэл ам аймаар юм чинь үг нэмэрлэнэ шүү.

Сансарын тунель дээр өнөөх залууг нь удтал хүлээв. Эцэстээ тэвчээр барагдаад “Яачихав аа, явъя аа. Хүн доромжлох дон туссан биш” хэмээн үглэж байтал ашгүй уулзах ёстой хүн нь ирлээ. Дунд зэргийн нуруу, цэвэрхэн цайвар царайтай, алхаа гишгээ нь Ганаагийн хэлсэнээр намираадуу. Гей залуус эмэгтэйлэг нэгнээ “намираа” гэж хочлох агаад тэдэнтэйгээ олны дунд уулзахаас цааргалдаг, хэрэв гудамжинд явж байгаад тааралдвал “яанаа нөгөө улаан намираа юм чинь намирч ирээд л мэндэлсээн” гэх мэтээр дургүйцэж ярих нь хачирхалтай. Мөн “цаадахаасаа хол яваарай, бүр яг авгай болчихсон байна лээ” гэхийг нь эхлээд гайхаж хүлээн авдаг байв. Нийгэмд бэлгийн цөөнхи гэдгээрээ гадуурхагддаг мөртлөө нэмээд өөрөө өөрсдийгөө шоовдорлож, тусгаарлах нь байж боломгүй.

Эрэгтэйлэг байх гэж, харагдах гэж хэрэндээ хичээгээд, өөртөө бол болоод байгаа юм шиг байсан хэрнээ эндүүрч явсанаа олж мэдээд удаагүй байсан учраас ч юм уу “намираа” гэдэг хоч нь “гомо”, “манин”-гаараа дуудуулсаар хаширсан над мэтэд доромжлолоос өөрцгүй. Бүхэл бүтэн дөрвөн жил эрэгтэйлэг байхаар оролдоод бүтэлгүйтсэн. Ямар сайндаа төгсөлтийн баярын үеэр ангийн залуу маань нэгдүгээр курсдээ бид хоёр авто зам хөндлөн гарахдаа хэрхэн хөглөсөн талаар олны өмнө “манай хүн чинь аягүй эмэгтэйлэг ш дээ тээ” гэж онцолж байгаад л ярьсан нь миний хувьд ханиадам, бусдад инээдэм болоод үлдсэн юм даг.
Угаасаа өндөр, нарийхан бие, мөрөө шүргэсэн урт үстэй, тод эрээн хувцасаар гангарах дуртай намайг үе үехэн эмэгтэй хүнтэй андуурах нь хүмүүсийн буруу биш байж л дээ. Кафед таньдаг эгчтэйгээ сууж байтал нэг залуу хүрч ирсэнээ “Уучлаарай бүсгүйчүүд ээ, дургүйцэхгүй бол хамт суух уу?” гэснээс эхлээд ажлын газрын эгчтэй цуг явж байгаад ээжтэй нь таартал түүнээс “Танай ажилд шинэ охин ороо юу?” гэж асуух хүртэл тоочоод байвал паян зөндөө. Тэр тоолонд яагаад ч юм нээх хүндээр хүлээж авахгүй, өөрийгөө хангалттай эрэгтэйлэг биеэ авч яваад итгэчихсэн л туудаг байсан юм билээ.

Ямартаа ч шинэ танил Нямкагаа дагуулаад гурвуул осгохын даваан дээр тунелийн дэргэдэх “Хаан хуушуур”-т орж хуушуурдав. Ганаа хэл амаа билүүдэж эхлэх шинжгүй харин ч нөхөрсөгөөр “эндээс гараад ганц юм ууцгаая, сайн идээд аваарай” гэсэн боловч архины хориотой өдөр таарсанд жаал бухимдсанаа “за байж бай, таньдаг охиноо дуудаадахъя. Ойрхон түүний мэддэг караоке байдаг юм. Тэнд орж ууя”.

Дуулцгаалаа. Миний хоолой угийн буруу, дуулж чадахгүй. Ганаагийн найз Гэрэлээ, Нямка хоёр л ээлжлэхдээ ээлжлээд, хоршихдоо хоршоод авч өгч байна. Нямка Жавхлангын улаан фен бололтой, бараг бүх дууг нь дуулав. “Шүүдэрхэн”-г нь бүр хэдэнтээ давтав. Уг нь гоё дуулах юм. Даанч би Жавхлангын дууг зорьж сонсоод байдаггүй, хааяа согтуудаа Сараагийн “Тэр намайг дурсдаг болов уу”, “Киви”-гийн “Араас чинь тэврэлгүй явууллаа”, Сэрчмаагийн “Дурлахыг хориглоно”-ыг солгой хоолойгоо үл тоон бархирах нь бий. Хайр дурлалтай учирч үзээгүй байж бүтэлгүй хайрын тухай дуу сонсоод л гуньж ганхираад сууна.

Гэрэлээг дуулж байх зуур Нямка яриа өдөж,

-Орох оронтой болохгүй бол хэцүүдэх нь ээ…

-Өө, би бас орох оронгүй ш дээ. Байр хөлсөлнө гэж бодоод л байгаа. Чи тэгээд одоо хаана байрлаж байгаа юм?

-Хааяа ажил дээрээ, хааяа айлаар л.

-Ай хэцүү, хэцүү. Би хамт байр хөлслөх хүн хайх санаатай. Арай хямд тусах болов уу.

-Нээрээ тийм шүү тээ.

Ууж, дуулж суусаар шөнө дунд болчихож. Гэрэлээ такси бариад явчихав. Ганаа бид хоёр манай ажилчдын байранд очиж хонохоор тохирсон байв. Нямкагаас хаа хүрэхийг нь асуутал,

-100 айлд л нэг танилындаа очдог байх даа.

-Харанхуй шөнө гэрийг нь олно биз дээ?

– Олох байх аа.

Өөртөө итгэлгүй дуугарав. Хамт такси барьж явсаар 100 айл дээр иртэл Ганаа Нямка руу харсанаа “за чи энд ингээд буучих уу”. Тэгэхээр нь байргүйн зовлонг мэдэхгүй биш, гэнэт хүн чанар зулгаагаад “Тас харанхуй шөнө сайн мэдэхгүй айлаа хаана гэж хайх вэ дээ. Бидэнтэй цуг очоод хоночихож болох байх аа” гэтэл дуртай толгойгоо дохив.

…Маргааш нь байрнаас байр руу нүүсэн амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдээд зарын сонин харж суулаа. Байрны үнэ жилээс жилд тэнгэрт хадаад, хажуу өрөө гэхэд л зуун тавь жаран мянгаас буухгүй шинжтэй. Хамаг цалингаараа байр хөлсөлчихвөл юугаа идэж, юугаа өмсөх вэ. Гей залуус зүгээр гэмгүй сайхан найзлаад, хамтдаа амьдраад болоод л байдаг юм байна лээ. Нямкагаас асуугаад, хамт байр хөлсөлчихвөл хэн хэндээ ашигтай шүү дээ гэж бодоод түүн рүү мессэж бичтэл хичээл тараад ажил дээр чинь яваад очъё гэлээ.

Нямка их сургууль төгссөн, үргэлжлүүлээд өөр мэргэжлээр суралцаж байгаа аж. Долоо, найман насаар надаас ах, ярьж хэлэх нь буурь суурьтай. Урьд орой нь яаж харахаараа түүнийг намираа болгож харсан юм, бүү мэд. Монхордуу хамар нь зохьсон гэж ванлий, нүдээрээ инээдэг, их л аятайхан залуу байна даа гэсэншүү зүйлс яриан дундуураа ажиж суулаа. Тэр ч саналыг минь хүлээн авч зарын дагуу хоёул утас цохьсоор Амгаланд байрлах нийтийн байранд сул өрөө бэлэн байгаа гэхээр нь очиж үзэхээр явав.

Хотын төвөөс зайтай нь тиймхэн ч байр нь боломжийн, хоёр хүн амьдарч болмоор. Өмнө нь зочид буудлын зориулалтаар ашиглаж байсан гэсэндээ цэвэрхэн, дотроо ширээ сандал, ортой. Ажилтай, завгүйн хажуугаар дахиад байр хайх нь төвөг юмаа, ийшээ орчих уу гэсэнд Нямка татгалзсангүй. Байрны эзэн эгч,

-Та хоёр юунууд юм?

-Ах дүү хоёр. Яасан?

-Аан, адилгүй юмаа хоорондоо. Их өөр юмаа.

-Хэхэ, харин тийм байгаа биз.

Тэрүүхэн хооронд худлаа ярьж амжаастай. Найз гэвэл насны зөрүү илт мэдэгдэж байгаа байх. Эсвэл хоёр гомо байна гээд ад үзэх ч юм бил үү. Хүн харахад энгийн л залуус харагдаж байгааг мэдээд байгаа авч нэг л айдастай, эмзэг. Тийм түгшүүр хаа явсан газарт дагаж байдаг. Танихгүй, хөндлөнгийн хүмүүс гомо, ижил хүйстэн гэж ярихад ч дараа нь над руу хуруугаа заан чичлэх гэж байгаа юм шиг сандарч тэвдэнэ.

Тооцоогоо хийж, түлхүүрээ авсан бид байртай болсондоо баярлаж хөөрсөөр хотын төв рүү буцаж, Нямкаг орой юмаа зөөх далимдаа манай ажлаар дайраад миний ойр зуурын юмыг дайгаад явахыг гуйв.
Өдөр тутмын сонины ажил 22.00 цаг хүргэх нь энүүхэнд. Орой ид ажилтай сууж байтал Нямка санд мэнд орж ирээд гарангаа,

-Орой ирж хононо биз дээ?

-Ёстой хэлж мэдэхгүй нь ээ. Ажил ихтэй, оройтох бололтой. Автобус зогсчихвол хэцүүдэх байх даа.

-Тэгвэл мессэж бичээрэй за.

-За, амжилт.

Улстөрийн сэдвээр бичиж эхэлсэн болохоор хариуцлага өндөр. Өдөр эхлүүлсэн нийтлэлдээ аятайхан төгсгөл хийчихмээр байдаг, цаг ч орой болчихсон. Гэтэл төвлөрч өгдөггүй ээ. Бодол санаа тэс өөр газарт. Зүрх сэтгэл “За за тайвшир, болох ёстой юм л болж байгаа байлгүй” гэж өөрийгөө өмөөрөх ч тархи урдаас нь “Саяхан л ажил төрөлөө бодоод гей амьдралаас, гей залуусаас хол явна гээд байсан хүн одоо байгаа байдлаа хар даа. Гей залуутай хамт амьдрахаар байр хүртэл хөлсөлчихсөн сууж байна гэнэ үү” хэмээн даажигнана.