Дөрөв

Дөрөв

Төрсөн өдөрт хамт оролцсон хүмүүсийн зарим нэг нь “Чамайг Недерландад явж байна гэж сонссоон” гэхэд нь ирээд гурав дөрөвхөн хонож байгаа миний тухай яаж сонсов оо гэтэл “Яагаав нөгөө чамд орчуулагч хийсэн залуу, Энхриймаа гэдэг сайхан гар манай энд ирчихсэн байна лээ ш дээ гээд л ярьж явсан”.

Хувь хүний нууцыг хууль эрх зүйн хүрээнд хамгаалдаг ийм оронд, тийм өндөр хариуцлагатай ажил хийдэг байж арай ч дээ. Орчуулагч хүмүүс бусдын нууцыг задлахгүй байх тангараг өргөдөг гэж өөрөө ярьсан, тэр тангарагаа биелүүлж байгаа нь хаана байна. Эх орондоо амьдрахад амь насанд нь аюултай гэсэн утга санаа бүхий дүрвэгчийн статустай хүний орчуулгыг хийж байж ямар ч ухамсаргүй. Хэрэв би цааш нь нэг удаа л гомдол гаргавал ажлаасаа хагацахаа мэдэж баймаар. Би яах вэ гэхэд намайг ярьсан шигээ зовж зүдэрч яваа өөр олон монголчуудынхаа зовлонг хов жив болгож тараагаад сууж байдаг байх нь ээ. Хүний мөсгүй юм бэ. Сануулга болгоод гомдол гаргачихдаг юм бил үү гэж бодсоноо болив. Уучилж хаацайлдаг өнөө л монгол зан. “За за энэ удаадаа дуугүй л өнгөрье, адилхан монгол хүмүүс. Ахиж тэгж алдахгүй байлгүй дээ”.

…Болд ахын ятгалагаар төлөвлөгөө ахиад л  өөрчлөгдөв. Амралтын хоёр өдөр цугтаа Амстердам орж тэнд амьдардаг Баяр ахтай уулзахаар боллоо. Хонг Конг-оос мессэнжэрддэг байхдаа л энэ хоёрыг олон жил нөхөрлөж байгаа сайн найзууд гэдгийг мэддэг байсан юм. Би ер нь ээжийнхээ дүү нартай хамт өссөн болохоор хүнийг авгайлах дуртай, юу юугүй л “ахаа, эгчээ” болчихсон гүйж байдаг. Үнэхээр ч итгэж дотноссон хүнээ төрсөн ах, эгч шигээ хайрлаж хүндэтгэдэг. Тиймээс нэгт, хүний нутагт ганцаараа хоёрт, хүйсийн шилжилтээ дөнгөж эхлүүлээд буй сэтгэл зүйн хувьд эмзэг цаг мөчид тулж түших, дэмжиж ойлгох “хуурай ах нар”-тай болж байгаадаа туйлаас баяртай байлаа.

Амстердам хот киноноос үзэж, ном зохиолоос уншиж байсан европын сонгодог гоо сайхныг жинхэнэ утгаараа өөртөө шингээжээ. Хэчнээн зууныг элээсэн бол гэж эрхгүй бодмоор чулуун замууд, хуучин барилга байгууламжуудаас гадна тэдгээрийг тойрон урсах усан каналууд ч хотынхоо өнгө үзэмжийг ер бусаар чимэх юм. Хотын хамгийн өндөр настай барилга буюу Хуучин Сүм /Oude Kerk/ гэхэд л 1306 онд бүтээн байгуулагдаж байсан ба түүнийгээ өдгөөг хүртэл тэр л чигээр нь хадгалж хамгаалсаар ирсэн гэхээр гайхалтай.

Хүний амьдрал богинохон. Харин богино амьдрахдаа хүн гээч амьтан мянга мянган жилийн настай бүтээн байгуулалтын эзэн болж чадаж байгаад л эдгээр “эртний” тодотголтой бүхний их үнэ цэнэ оршиж байх шиг. Тэрхүү бүтээлийг нь хойч үеийнхэн нь алдаршуулан мандуулж, үеээс үедээ уламжлан хайрласаар байна гэдэг юутай эрхэм. Хүний гараар бүтсэн “Vintage”, “Antique” хаягтай юм бүхэн барууны орнуудад үнэ цэнэтэй байдаг учрыг нь нүдээр үзэж, мэдэрч байж л ойлгомоор юм. Монголчууд шиг өвөг дээдсийнхээ өв уламжлуулан үлдээсэн бүхнээ хуучин гэж адладаг, хог дээр хаядаг, эсвэл нурааж сүйтгээд суурин дээр нь шил толин байшин барьчихдаг улс ховор байх шүү. Цаад утгаараа зуунаас зуунд өвлөгдөн ирсэн эртний бүтээл, бүтээн байгуулалтууд нь тухайн улс орныхоо түүх, эрт галаваас л иргэншиж соёлжсон оюунлаг ард түмэн байсны гэрч нотолгоо байдаг юм байна. Манайхан шиг зэрлэг бүдүүлэг явсан үеэсээ ичиж, нууж байна гээд хамаг юмаа үгүй хийчихдэггүй. Үүх түүхээсээ ичиж, устгаж булшилж байгаа нь харин ч эргээд биднийг 21-р зуунд амьдарч байгаа балмад этгээдүүд шиг харагдуулдаг юм билээ.

Өндөр байшин, өнгө гэрэл нь гялтагнасан диско клубууд, хээнцэр гоёмсог кафе, ресторануудыг дэлхийн аль ч улс орнуудаас олж үзэж болно. Тэдгээрт онц гойд юм ерөөсөө байхгүй. Үүний оронд дэлхий нийтэд гайхуулах, цорын ганц гэж бардамнах бидний өмч юу вэ гэхээр нөгөө нүүдэлчдийн амьдралын хэв маяг, үндэсний хувцас, ахуйн эдлэл хэрэглэл, сүм хийдүүд маань. Монгол ёс заншил, нүүдлийн соёлоо аварч үлдэж чадвал бид бахархах, үзүүлж харуулах юмтай үлдэх юм байна даа хэмээн бодогдоно. Эх түүхгүй бол эх орон үгүйтэй адилхан.

…Баяр ах өөр бас нэг монгол ах дагуулж ирлээ. Мөн л гей гэнэ. Ингээд гурван гей ахтай болов оо. Хоёр нь недерланд нөхөртэй. Албан ёсны нөхөртэй гей залуустай таарч байгаагүй. Асууж шалгаах зүйлс бишгүй л байв. Хажуугаар нь Болд ахыг “Та яагаад нөхөргүй юм бэ?” гэсэн чинь “Ах нь найз залуутайгаа нэлээд олон жил хамт амьдраад салсан шүү дээ. Яваандаа дахин өөр хүн гарч ирэх байлгүй дээ” гэхээс хэтрээгүй. Гэхдээ уулзсан цагаасаа анзаарч, үгийг нь сахиж тандаж суухад тэр өөрийгөө гей гэдгийг монголчуудын дунд ил тод зарлаад байхыг хүсдэггүй, монголчуудтайгаа харилцаа холбоо нягт сайн байдагтаа ч юм уу хэл амнаас нь эмээж дөлсхийн амьдардаг юм шиг ажиглагдсан. Заавал “Би гей” гээд л хаа сайгүй зарлаад явах албагүй ч нээлттэй, эрх чөлөөтэй энэ улсад амьдарч байж тиймэрхүү сэтгэлийн зовиур тээж байгаа нь харамсалтай.

Баяр ах, Дорж ах хоёр бол өөр. Хэн гэдгээ хааж нуудаггүй. Монголчуудтай холбогдож сүйд майд болоод байдаггүй аж. Амстердам яасан ч олон гей баартай юм, тэр хоёр ч ёстой нүх сүвийг андахгүй юм. Гей гудамж хүртэл байх. Баарнууд нь ихэнхдээ завгүй, дүүрэн хүнтэй. Баахан аальгүй залуучууд урдуур хойгуур гүйлдээд л. Буурал толгойтой ахимаг насны гей хүмүүс ч олон байв. Залуусыг ширтээд л таг дуугүй шар айрагаа шимэн суух гей өвөө нарыг харахад өрөвдөлтэй ч юм шиг, залуу царайлаг хөвгүүдийг харж баяссан шигээ тааллаараа тайван сайхан суугааг нь бодохоор жаргалтай ч юм шиг. Энэ олон залуучууд насны эрт, зүсний шингэн дээрээ хань ижил олж нийлэхгүй бол өтлөхийн цагт ингээд ганцаараа суух байх даа гэхээр гунигтай ч юм шиг.

Гудамжуудаар нь алхаж явахад төрөл бүрийн секс шоп, бэлгэвчний төрөлжсөн дэлгүүр, гей массаж, саун, coffee shop-ууд, тайчих клуб гэхчилэн байхгүй юм байхгүй. Эрх чөлөө гээчийг хэрхэн эдлэх нь хувь хүний ухамсрын л асуудал бололтой. Жаахан ухамсаргүй, хариуцлагагүй нөхөр бол хэтэрхий их эрх чөлөөн дунд өөрийгөө алдаад үгүй хийх эрсдэл алхаад л нэг тааралдана. Зөвхөн Амстердамд л гэхэд 200 гаруй “Coffee shop”-ууд үйл ажиллагаа явуулж байна. Дотор нь ороод өдөржин мансуураад суух эсэх нь хувь хүний л ухамсараас хамаарна.

2015 оны байдлаар Недерландад амьдарч байгаа 11,204 гей, 3,620 гетеросекс эрчүүд болон 3,531 эмэгтэйчүүд ДОХ-ын халдвар тээгчээр бүртгэгдсэн статистик гарчээ. Цаана нь 2,800 орчим ДОХ-ын халдвартай гэдгээ мэдэхгүй яваа хүмүүс бий гэнэ. Тэгэхээр дээр хэлсэнчлэн эрх чөлөөнийхөө давс хужрыг хувь хүн өөрөө л тохируулж хүртэж чадахгүй бол хэтэрхий их жаргал дунд ухаанаа гээж гүйсээр гэнэт идэх гэдсэнд халтайн үлгэр болоод төгсөнө.

Зугаа цэнгэлд хөл алдсан задгай, замбараагүйдүү уур амьсгал гей ертөнцөөс нь анзаарагдах юм. Дэлгэц дээр нь үргэлжийн порно кино гарчихдаг баар байхад, дотроо харанхуй өрөөтэй, тэндээ ороод хоорондоо “янз бүр болдог” газар ч таарах. Манай гурав ч олон жил болсон гэсэндээ нүүр хагарч, юм юм л үзсэн шинжтэй. Баяр ах тэр тусмаа хөл хөнгөн, хөгжилтэй, өөдрөг, завсар чөлөө гарвал л “цэнгэн хөгжилдөцгөөе” гэх талдаа. Хувь хүн нь хүүхдээрээ гэмээр цайлган, сайхан сэтгэлтэй, бас тусархуу. Дорж ах ёсорхуу, сэтгэлээ барагтаа нээгээд байдаггүй, олон таван үггүй. Хашир ч юм уу, хааяа уулзахдаа мэнд устай, хэн хэндээ хал палгүй явахад гэмгүй тийм хүн байдаг даа. Яг тийм хүн.

Болд ах их юм уншдаг, боддог хүн гэдэг нь анх уулзсан цагаас л ойлгомжтой байсан. Блогыг маань байнга уншдаг байсан учраас хэзээний намайг мэддэг, танил дотно хүн шиг. Бичсэн тэмдэглэлүүдээс нэмж тодруулах зүйлээ асуугаад л, түүнтэй урт яриа өрнүүлэхэд цаанаа л нэг тухтай мэдрэмж төрнө.

Би хэтэвчиндээ мөнгөгүй шахам. Хүнсээ цуглуулаад үлдсэн цөөхөн хэдэн евро байсан ч нөгөө гурав “За эмэгтэй хүнээр юу гэж төлүүлэх вэ” гэж дайлаад л. Сүүлийн жил орчим уугаагүйгээрээ л уулаа. Худалч хүнд баар болгоноор орж сонирхов. Трансжендэр эмэгтэйчүүдэд зориулсан баар байдаггүй гэсэн нь тиймхэн байсан ч уйдах завдал гарсангүй. Баарнууд нь орой тодорхой цагт “happy hour” зарлаад нэг пиво авбал нэг үнэгүй. Гаднаас ирсэн архи дарс, зугаа цэнгэлд туйлын дуртай хүмүүст диваажин л санагдах байх. Эндхийн иргэд нь бодвол ажил амралтаа зохицуулаад сурчихсан байдаг биз.

Тэр шөнөдөө Болд ах бид хоёр Баяр ахынд очиж хонолоо. Нөхөртэйгээ хамт хотын төвөөс холгүй амьдарцгаана. Өглөө эрт тавь гаруй насны буурал үстэй недерланд эр цайгаа ууж, сонины шинэ дугаар гарчиглаж дуусаад ажилдаа гарахтай нь зэрэгцэж босоод мэнд мэдэж амжсан нь түүний нөхөр байлаа. Гэр нь цэмцгэр, Баяр ах ч хоол унд бэлдэхдээ гаргуун, “гэрийн эзэгтэйн” үүргийг гойд сайн гүйцэтгэнэ. Монгол дахь найзуудыгаа үгүйлж санаж явсаныг ч хэлэх үү олон талаараа үзэл бодол нийлсэн түүнтэй дотносч нөхөрлөж эхэлсэн нь олзуурхууштай.

Уулзах ёстой хүмүүс л уулздаг гэж боддог. Амьдралын хэцүү бэрхийг сөрж явахад итгэл даасан анд нөхөд шиг түшиг тулгуур байдаггүйг өөрийнхөө туршлагаас олж харсан шүү дээ.