Дөрөв

Дөрөв

Өдөр хоногууд үргэлжилсээр л…Гамбуушаас ярилцлага авах төлөвлөгөө бүтэлгүйтсэнээс хойш онцын сонирхолтой зүйл тохиолдсонгүй, шинээр гей хүнтэй танилцъя гэж бодсон ч үгүй. Хааяа нэг чатанд орохдоо л зарим нэг хүмүүстэй үг солихоос хэтрэхгүй. Утас руу залгадаг, мессэж бичдэг нь бол хэвээрээ. “Би энд зочид буудалд байна, хүрээд ир, ууж идье”, “Багш мэргэжилтэй, итгэж болох хүн байна шүү, танилцъя” гээд элдэв янзын санал ирнэ. Болдоо болон чаталсан хэдэн хүнээсээ гей залуус ер нь “шинэ хүн”-ий араас ингэж уйгагүй мөшгидөг, утасны дугаарыг нь өөр хоорондоо солилцдог гэх мэтийн онцгүй зүйлс сонсч байсныг ч хэлэх үү тэр бүхэнд жаахан таагүй хандана.

…Ажил ихтэй, хичээл ч амрах дөхчихсөн хаврын нэгэн өдөр гей залуусын эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Залуус эрүүл мэндийн төвөөр орж үзэх боломж гэнэт гарч ирэв. Сонин тохиолдол л доо. Дунд сургуулийн нэг ангид суралцаж байсан хүүхдийн төрсөн ах, сүүлд ээжийн маань шавь болсон Наагий ахыг гей гэдгийг нь мессэнжэрт танилцсан залуугаас санамсаргүй сонсч, хаягыг нь олж бүртгэн авсанаар бид холбоо тогтоосон юм. Тухайн үед шууд уулзах зориг хүрэхгүй, чатаар л хуучилсаар дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрсөн байлаа. Харин тэр өдөр Наагий ах ажлын байрыг нь ирж сонирхох санал тавьсанаар тийш зүглэв.

Хайж явсаар оффисынх нь үүдэнд ирж дотогш орох эсэхдээ эргэлзэн нэлээд удаан зогссоны эцэст юутай ч хонхыг нь дараадахлаа.

…Дин дон…Дин дон…

…Дин дон…Дин дон…

Цагаан шаргал өнгийн бүргэд хаалга огцом нээгдэж, цаана нь зогсох нүдэнд дулаахан жижигхэн өвөө нүдэнд тусав. Бас юун өвөө вэ гэж гайхахтай зэрэгцэн “яанаа ийм гомо өвөө ч гэсэн байдаг юм байх даа” гэх тэнэгхэн бодол толгойд зурсхийх. Өөрөө би өвөө эмээгийн хүүхэд учраас ч юм уу, настай хүний өмнө буруу зүйл хийж байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрөх зуур нөгөө өвөө урдаас жоготой харцаар нэг их сүрхий шинжиж харсанаа,

-Хэнтэй уулзах уу?

-Уучлаарай, Наагий ах байгаа юу?

-Оон байгаа, ор ор. Хөөе Наагий хүн уулзъя гэжийн даа энд.

Үс нь урьдынхаас ялимгүй урт ургасныг эс тооцвол Наагий ах миний мэдэх тэр л янзаараа. Үе үе толгойгоо үл ялиг сэгсчих хөдөлгөөнөөр үсээ нүүрнээсээ чөлөөлж, гар хуруу, намба маяг нь хэзээний л уян налархайгаараа. Анх түүнийг би зургаадугаар ангийн сурагч байхдаа ээжийн сургууль дээр жил бүр зохиогддог “Хөгжилтэй мисс” тэмцээний тайзнаас харж байсан юм. Эрэгтэй оюутнууд эмэгтэй дүрд хувирч, товчхондоо эмэгтэйчүүдийн дүрийг хэн сайн бүтээх вэ гэсэн агуулгатай хөгжөөнт тэмцээн л дээ. Наагий ах тэгэхэд өндөр өсгийт дээр төвөггүй алхаж, улаан даашинзтай урагш хойш найган бүжиглээд л, жигтэйхэн нүүрэмгий. Аашилж аяглах нь эмэгтэй хүнээс дутахааргүй, эргэлзээ маргаангүйгээр л тэргүүн байрын эзэн болж байсан юм даг. Намайг үзэгчдийн суудалд гей гэдэг үгийг ч сонсоогүй жаахан бацаан сууж байхад Наагий ах тэнд хэдийнэ өөрийнхөө эрх чөлөөг тунхаглан зарлаад гунхаж байсан гэхэд итгэмгүй. Хожим хойно түүнтэй ингээд уулзаад сууж байна гэж бодохоор амьдрал үнэхээр сонин содон учралаар дүүрэн байх юм.

Аар саархан зүйлсийн талаар ярилцангаа оффисийг нь ажиглаж суув. Цэмцгэр, тохилог юм. Ханын самбар дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн ижил хүйстнүүдтэй холбоотой мэдээллүүдийг хайчилж өлгөөд, түүнийгээ эргэн тойронд нь гадаад сэтгүүл дээрх хагас нүцгэн залуусын зургаар чимэглэчихэж. Хажууханд нь байх жижиг ширээн дээр мөн л гей сэтгүүлүүд, бэлгэвчний сурталчилгаа, зурагт хуудсууд өрөөстэй.

Бишүүрхэнгүй, биеэ барих аястай ийнхүү сууж байтал дэргэдэх өрөөнөөс хоёр залуу гарч ирсэнээ Наагий ахыг “Үүш ээ, авгай минь ээ. Маргааш парти-д хамт явахиймуу даа?” гээд л охид, хүүхнүүд цугласан аятай л аальгүйтэж өгөв өө. Гаднаас дөнгөж орж ирэх булчин шөрмөс нь зангирсан том биетэй залуугаас хүртэл “Үүш ээ, бүсгүй мээн, охин миоон, нөхөртэйгээ хамт тусдаа гарсан гэл үү?” гэж асууснаа амаа даран жуумалзацгаах. Өрөөний буланд ичимхийрэн суух “цэл ногооноороо” миний чихэнд тэр бүхэн нь дэндүү жигтэй сонсогдож, нүүрээ нуумаар болов. Зүгээр “охин минь, бүсгүй минь” гэхгүй, заавал “охин мээн, бүсгүй миоон” хэмээн уянгалуулан дуудах нь инээдтэй.

Энэ мэтчилэн би ч үзээгүйгээ үзэж, сонсоогүйгээ сонсож байгаа юм гэсэндээ хэсэг чимээгүй сууж байгаад явахаар яарав. Наагий ахтай удахгүй уулзах шинэ тов тогтоод, үүдэн дээрээс нь үдүүлэхдээ гей залуусын төв гэхээр энд тэндээс татаж чангаасан нэг л айхтар, хол явмаар газар юм шиг хачин дэмий зүйлс төсөөлдөг байснаа бодоод ичих шиг, инээд хүрэх шиг.

Нар хэдийнэ буцчихсан, гадаа хаврын урин салхи илбэж угтав. Хэн нэгнийг хайрламаар, дөнгөж сая уулзаад салсан тэдгээр залуус  шиг нээлттэй, өөрийнхөөрөө баймаар. Тэдний дунд орж “охин”, “бүсгүй”-гээрээ дуудуулан хамтдаа хөгжилдмөөр санагдана. Яадаг юм, энэ муу хүлээсийг тайлан хаяж, хувь тавиланд өөрийгөө даатгаад амьдрал хэмээх давалгааг нь үг дуугүй дагаж хөвнө өө…Ингэж бодсондоо гэмшин уртаар санаа алдаад, нууцхан хүслээ тээн ганцаар цааш алхлаа…