Ес

Ес

Недерландад ирээд хэдийнэ гурван сар гаруй болжээ. Цагаачийн газрынхаа хоёр монгол гэр бүлээр хааяа зочилж, Амстердамд Баяр ахынхаар хэсч, хамтдаа шоудаад амьдрал гомдоллох юмгүй л өрнөж байна. Даваа гаригт бүртгүүлэхээс өөр хийх зүйл цагаачийн газарт байхгүй учраас ажлын өдрүүдийг заримдаа Баяр ахынд өнгөрүүлнэ. Айлын гэр цэвэрлэх зуур нь хань болж гангар гунгар хийнэ. Тоос соруулах гэхчилэн ажилд нь аар саарханаар үе үе туслаад л. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг дээ.

Цэвэрлэдэг айлуудаар нь явах сонирхолтой. Гэрийн эздийнх нь олон янзын түүх, амьдралын хэв маяг гээд л недерландчуудын талаар маш их мэдээлэлтэй болно. Мэдээж жуулчны хувиар ирж хэд хоноод буцах болон хаалттай хаалганы цаана тухайн орны иргэд нь хэрхэн аж төрдөгтэй нүдээр танилцаж мэдрэх хоёрын хооронд агуулгын асар их зөрүү бий. Жинхэнэ амьдрал, өв уламжлал, ёс заншлынх нь бодит дүр төрхийг хүн бүхэнд нээгдээд байхгүй тэдгээр хаалганы ардаас л олж харж байгаа юм.

Ганц бие лам, гэрлэлтээ цуцлуулаад удаагүй бүсгүй, гэрлээд олон жил болсон гей хосуудаас эхлээд айл бүрийн амьдрал миний хувьд адал явдалт ном уншиж байгаа юм шиг л нэн сонирхолтой байлаа. Недерланд Улс ижил хүйсний гэрлэлтийг 2001 онд хуулиараа хүлээн зөвшөөрснөөр дэлхийд анхдагч болсон. 2011 оныг хүртэл 14,800 гаруй ижил хүйстэн хосууд гэрлэлтээ батлуулжээ. Тиймдээ ч хүний ёсоор хамтын амьдрал зохиогоод амьдарч буй гэр бүлүүдийг харахад дулаахан мэдрэмж төрнө. Хүнийг хүнээр нь хүлээж авах, эр хүн эр хүндээ юм уу эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай болох гэхээсээ илүү “хайр бол хайр”, хүйсийн хамааралгүйгээр “хүн нь хүнээ хайрлах” хайрыг хүлээн зөвшөөрөх ийм өдөр Монголд хэзээ ирэх бол.

Нэг айлыг хоёроос гурван цагийн дотор цэвэрлэж дуусдаг аж. Баяр ах ч бүр сурчихсан шинжтэй, дор нь гялалзуулаад гялтагнуулчихна. Хөлсөө цагаар нь тооцож авна. Айлынхаа эзэдтэй найрсаг дотно харилцаатай, өнөөдүүл нь ч түүнд ам сайтай. Хорхойд хоргүй гэмээр нэг тийм залуу.

Гэхдээ анзаараад байхад бүгдээрээ л ам султайдуу, нэг нэгнийхээ араар таагүй үг унагачих гээд байх хандлагатай юм. Тэгсэн хэрнээ нүүр нүүрээ харахаараа жигтэйхэн сайн найзууд. Жишээ нь, Баяр ахтай бааранд орж, оройг цуг өнгөрүүлэхээр “За цаад Ариунаадаа шоудсан гэж битгий хэлээрэй” гэнэ. Худлаа ярьж сураагүй болохоор дараа нь Ариунаатай уулзахаараа үг хэлээ цэгнэх гэж, азаартаад ам унагачихгүй юмсан гээд л зовлонтой. Нэг удаа уулзангуутаа Ариунаагийн өөрт нь бичсэн мессэжийг утсан дээрээсээ уншуулав. “Энхриймаа гэж нэг тэнэг юм тэгээд л тэнэгтээд байна лээ” гэсэн утгатай. Ариунаад би тэнэгээрээ дуудуулах юу ч хийгээгүй, яагаад тэгж бичсэн юм бол доо. Тэрийг нь яагаад Баяр ах надад үзүүлж байгаа юм, бүү мэд. Намайг яана гэж, юу гэж хэлнэ гэж хүлээсэн юм, хачирхалтай. Бодвол тэнэг санагдахаар зүйл хэлчихсэн юм байлгүй гээд чимээгүй л өнгөрсөн. Чи намайг тэглээ ингэлээ, тэрийг чинь тэр надад үзүүллээ харууллаа гэж гурвалжин дөрвөлжин хэрүүл хийж явах хүсэл сонирхол үнэндээ алга даа. Яачихсан хорвоо вэ, яачихсан хүмүүс вэ. Уйдаад байдаг юм болов уу!?

Хүний нутагт амьдрахаар ялгаагүй л зүдэрч яваа байж нэгнийгээ муулж, хэмлэх хэрэг юу байна аа.

Недерландын захад цагаачийн газарт амьдардаг хоёр гей ах мессэнжэрээр холбогдож “Блогыг чинь уншдаг болсоор удаж байгаа. Биечлэн танилцахыг маш их хүсч байна. Заавал бид хоёр дээр ирээрэй” хэмээн урьсан. Түүнийгээ хэлтэл “Аан тийм, хоёр хачин юм байдаг ш дээ” гэх жишээний. Ямар хүмүүсийг “хачин юмнууд” гэдэг юм, мэдэхгүй. Цагаачийн газрынхаа интернэтэд цаг авч, тэмдэглэл бүрийг маань хүлээж уншдаг гэхээр нь надад лав дотно санагдсан. Холбоо, сүлбээтэй монголчууд бараг байхгүй, хоёулханаа тэр хол газарт сонин сайхан хуучлах хүний мөрөөсөл болж суугааг нь ойлгоод зориод очиход яриа хөөрөөтэй дажгүй ах нар байсан даг. “Биднийг тоож ирж уулзана чинээ санасангүй” гэцгээгээд л хамаг байдгаа ширээндээ дэлгэн дайлж, хөл хөөр болцгоосон. Хүнээс илүүрхэх, ихэрхэх юм надад огт байхгүй. Тиймээс ч туулж өнгөрүүлсэн амьдрал минь хэн нэгэнд урам, ухаарал хайрлаж, бичсэн тэмдэглэсэн хэдэн мөрүүдийг минь хэн нэгэн сонирхон уншиж байгаа нь юутай ч зүйрлэшгүй хүндлэл, хайр байдаг.

Хамт амьдраад арваад жил болж байгаа гэсэндээ яг л нэг бие хүн мэт болоод хоорондоо уусчихсан гоё хосууд. Муудалцахдаа хэлсэн үгнийх нь ард хүртэл хайр дайгдаастай. Өөрөө үнэнч харьцааны “улаан фанат” болохоор тэдэнтэй уулзаад сайхан сэтгэгдэл төрсөн. Биесээ хайрлах эрх чөлөө л хүсч хүний нутгийг зоригсод байдаг юм байна лээ. Буцаад эх орондоо очвол хайр сэтгэлээ дахиад л бусдаас нуух хэрэгтэй болно, ардчилсан тогтолцоот улс, нийгэмд төрчихөөд хайрлах, хайрлагдах эрхээ боомилуулж амьдарна гэдэг эмгэнэлтэй еэ.

…Гэх мэт, товчхондоо, холбоотой хэдэн хүнийхээ хэнд нь ч би гэм хийгээгүй, бүгдтэй нь эе эвтэй амьдрахсан гэж бодохоор хүрч ирж нэгнээ муулах нь ёстой хэцүү. Дунд нь бүр яахаа мэдэхээ больчих юм. Чихгүй, дүлий юм шиг л “аан, тийм үү” гэчихээд явж байхаас. Гэвч шударга бус үйлдэлтэй эвлэрч амьдарна гэхээр санаанд багтахгүй. Эвлэрэхгүй гэхээр бүгдээс нь харилцаагаа таслаад, тэдэнгүйгээр урагшлах л гарц байна.

Төгс төгөлдөр хүн байдаггүй, байх боломжгүй. Энэ хүн муулдаг, энэ хов ярьдаг, энэ худалч, энэ нь хулгайч, энэ зусарч бялдууч зэргээр хүн бүрийг шигшээд байвал итгэх, нөхөрлөх хүн үлдэх үү? Ингэж бодоод л хэрэндээ уучилж, байгаагаар нь хүлээж авахыг хичээх юмаа.

Ер нь өөрийнхөө төгс биш гэдгийг мэддэг байж хүмүүс яагаад бусдаас төгс төгөлдөрийг эрж хайдаг юм бэ. Сул талуудаа мэддэг, өөрийгөө сайнтай муутай тэр чигээр нь хайрлаж, үнэлж сурсан хүн өрөөлөөс хэзээ ч төгс төгөлдөрийг эрж хайхгүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн шигээ өрөөл бусдыг ч сайн, муу талуудтай нь хамт хүлээн зөвшөөрч чадна. Тэгвэл хүнийг өөлөх, муулах, хов ярих шаардлага гарахгүй.

Тийм атал бүгдээрээ л төгс юм шиг нэгнээ муулж, нөгөөгөө “жийх” юм.