Ес

Ес

Хоёр эрэгтэй хүн амьдарч байгаа болохоор ч юм уу, үгүй бол сэтгэл байгаагүй юм уу, мэдэхгүй. Гэртээ хоол ч хийж идэхгүй, орж унтах л төдий. Хүсвэл хааяа доод давхарын кафед гурилтай шөл захиалж идчихээд л…

Амралтын өдөр хамтдаа гадуур гарахаар болоод сууж байтал юу болсон юм гэнэт Ганзогоос мессэж ирээд, тэрийг нь Нямка олоод харчихаж.

-Хэн юм?

-Чамд ямар хамаатай юм.

Яахаараа тайлбар тавиад сууж байх ёстой гэж. Аваад суусан авгай нь байгаа биш. Үхсэн мэт таг чиг байж байсанаа ингээд л дураа хөдлөхөөр юу ч болоогүй юм шиг мессэж бичиж байдагт нь Ганзод уур хүрнэ. Сүүлд би өөрөө учир байдлаа хэлэлгүй буудалд орхиод явсан мөртлөө ядаж “уучлаарай” ч гээгүй. Хүсээгүй, холбоогоо үүгээр таслая гэж бодож байсан юм чинь. Ямар ч байсан мессэжэнд нь хариулсангүй.

Хотын төвөөр алхаж явтал Нямка,

-Чи хэн нэгэнтэй үерхэж байгаад салвал яах вэ?

-Би бөөлжсөн бөөлжисөө эргэж долоодоггүй…

-Хэхэ, жаахан уйдамтгай юу?

-Бод л доо, чи өдөр бүр гурилтай шөл идээд байвал уйдна биз дээ…

-Аан…

Нээх бэлэн амтай хүн, үг газар гээхгүй. Нямка ч илүү оймс элээсэндээ юм уу, угаасаа тийм зан ааштай ч юм уу, тоосон шинжгүй. Үл ялиг инээмсэглээд, намуухан дуугаар яриагаа үргэлжлүүлнэ. Нар ээгээд дулаахан байлаа. Нямка өөрийгөө бисекс гэж боддогоо, өмнө нь найз охинтой байсан, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг яг адилхан сонирхож, татагддагаа ярив. Ганзо ч гэсэн найз охиноосоо салаад удаагүй байгаагаа, эмэгтэй хүн сонирхдогоо ярьж байсан нь санаанд орох. Анхны эр хүн маань Ганзо, хоёр дахь нь Нямка, тэгээд хоёулаа бисекс байж таарсан нь сонин биш гэж үү. Гей залуусыг эр хүнийх нь хувьд таалахгүй байсан шалтгаан минь ч үүнтэй холбоотой юм биш үү. Зөхөн бисекс залуусыг сонирхдог ч юм бил үү. Таамаг дэвшүүлж гангар гунгар хийж явсаар Залуус Эрүүл Мэндийн төвөөр ороод гарахаар болов. Орохоосоо өмнө Нямка,

-Битгий буруугаар ойлгоорой. Гэхдээ хүмүүс миний тухай буруу, зөрүү их зүйл ярьдаг. Тиймээс надтай найзладаг гэдгийг чинь мэдчихвэл чиний нэрэнд л муу байх. Өөрөө мэд дээ, хэлэх ёстой байх гэж бодоод…

-Өө зүгээр дээ. Хэн юу гэх нь ямар хамаатай юм. Ам нь чилэхгүй бол ярьж л байг. Угаасаа намайг таних хүн цөөхөн. Энэ төв рүү би урьд нь нэг удаа л орж үзсэн. Иймэрхүү газраар эргэлдээд баймааргүй л байна. Гэхдээ нэгэнт гадаа нь хүрээд ирсэнийх ороод гаръя даа.

Дотогш орлоо. Сургалтаас дөнгөж ирээд байж байна гэчихсэн нэлээд хэдэн гей залуус ширээ тойроод сууж байв. Ихэнхи нь халамцуу. Хотоос гадуур гей залууст зориулсан эрүүл мэндийн сургалт зохион байгуулдаг гэнэ. Амралтын газарт байрлуулж, хооллож ундлах зардал мөнгийг нь цаанаасаа бүрэн даадаг аж.

Наагий ах харагдсангүй тул өөр таних хүнгүй, биеэ барих маягтай. Нямка л бүгдийг нь гар барьж мэндлээд сүйд. Уусан архиндаа нүүр ам нь улайгаад хачин царайлчихсан нэг залуу учиргүй ганхаж ирээд Нямкагийн өвөр дээр тухалсан нь өнгөрсөн жилийн тэргүүн мисс нь гэх. Гей залуусын дунд жил бүр миссийн тэмцээн болдог юм байна. Учиргүй л гоё амьтад байдаг болов уу гэтэл тэр тэргүүн мисс нь бол “ишш чааваас даа” гэмээр. Мань эр харин мисс дүрдээ бүр итгэчихжээ.

-Найз нь явлаа, Нямка.

-Байж бай л даа.

-Үгүй ээ, чи л наад хэдтэйгээ юмаа яриач дээ. Би танихгүй хүмүүсийн дунд юугаа хийх вэ, таалагдахгүй байна.

-За л даа, уучлаарай…

Хамт гадагш гарлаа. Нямка “одоо тэд нар юу гэж бодож байгаа бол, ганц шил юм оруулаад өгчих үү? Миний хайрыг л муулна ш дээ”. Баахан ятгав. Би нээх гуйлгах гэж зориуд маяглаад байгаа юм шиг санагдаад дэлгүүрээс шил архи аваад буцаж оров оо. Нөгөөхөө “бидний дундаас шүү” гээд ширээнийх нь голд тавьчихлаа. Нэг нь босч ирж задлаад сөн түшиж эхлэв. Хоёр, гурав татчихлаа. Халаад гоё ч болж байна. Өрөөн доторх дуу шуу ч өндөрсөхөд цөмөөрөө Нямкагаас “Найзыгаа танилцуул л даа, шинэ найз залуу чинь юм уу”. Нямка “Тийм, миний хайр. Хөөрхөн байгаа биз дээ”. Наана нь би “За за ингээд найз залуутай болчихдог. Амархан юмаа тээ”.

Ийн сууж байтал танихгүй дугаараас танилцъя, уулзах уу гэж мессэж ирэв. Дотор халчихсан, Нямка 21.30-аас ажилдаа явчих юм чинь жаал дүрсгүйтдэг юм бил үү гэж бодоод хоёр цагийн дараа уулзъя гэчихлээ.

Спортын төв ордны дэргэд болзооны маань эзэн машинтайгаа хүлээчихсэн зогсож байна. 31 настай, өндөр, царайлаг, спортлог залуу гэсэн болохоор нь жигтэйхэн сайхан эрийг төсөөлөөд л ороод суусан. “Юу вэ, юун өвөө вэ!”.

-Та хэдтэй юм?

-Хэдтэй юм шиг байна, таа л даа…/бас аальгүй/

-60-тай юу?

-Үгүй шүү.

-70-тай юу?

-Арай залуу шүү.

-Тэгж харагдахгүй л байна даа.

-За тийм бол өвөө л гэхээс дээ миний хүү хэхэ.

-Өвөө минь тэгээд хөгширч үхэх гэж байж юунд жаахан хүүхэд эргүүлж явдаг юм дээ хаха.

-Хахаха…

-Наргиан даана биз дээ хө.

Компанийн захирал гэнэ дээ. Баян цатгаланаа гайхуулна. Эхнэр, хүүхдүүдтэй, бүр ач зээтэй. Бага хүү нь надаас ах. Ямар ресторанд ормоор байна, ямар хоолоор идмээр байна, уух уу, өнөө шөнийг халуухан өнгөрөөх үү гээд боломж алдалгүй л гар хөлөөрөө хатгаж, өдөөд байх бололтой. Өвөө шиг минь хүн байж яасан тавьтаргүй муухай юм бэ. Буй байдал нь ч тэр, нүдээ ирмэж жуумалзаад л намбагүй. Бушуухан салахын түүс болов.

Ганзо мессэж бичсээр л. “Уучлаарай, найз нь Бээжинд байж байгаад ирсэн. Уулзъя, санаад байна”. Урдаас нь “Найз нь найз залуутай болж байгаа. Аз жаргал хүсье, баяртай” гээд хариу биччихэв.Дахиад мессэж ирсэнгүй. Гомдох шиг, өөрөө эхэлж “баяртай” гэчихээд. Ингээд л явуулчихаж байгаа юм уу, намайг?! Мартъя гээд ч чаддаггүй, болдоггүй зүйлс амьдралд байдаг шүү дээ. “Анхны” юм бүхэн…Тэрхүү мөчид Ганзог насан туршдаа мартахгүйгээр сэтгэлдээ мөнхөлснөө ухаарахад үгээр илэрхийлж чадамгүй тийм шинэ, танихгүй мэдрэмж төрөв.