Зургаан жил.

Зургаан жил.

“Улаанбаатар өртөө”-нөөс галт тэрэгтэй хөдөлсөн тэр өдрөөс хойш бараг зургаан жил өнгөрсөн гэхэд итгэмгүй. Хүний насаар хэмжвэл нялх балчир ч гэлээ өнгөрсөн хугацаанд ийм их адал явдалтай нүүр тулж, улам ухаажиж, хатуужиж байсандаа олзуурхана.

Энэ жилийн хувьд ард нь гарч чадсан хамгийн том ажил гэвэл, шүүх хурал болж бүхий л бичиг баримтууд дээрхи хүйс болон нэрээ хуулийн дагуу, албан ёсоор солиулав. Амьдралд маань эргэлт авчирсан үйл явдал байлаа. Ингээд бодохоор шүүхийн шийдвэрийг сонсоод баярлаж догдолж байсан сэтгэлээ цааш нь бүр уянгалуулаад бичмээр санагдах шиг. Сүүлийн үед би нэг л аядуухан болчихсон юм шиг мэдрэгдэж байна уу? Өөрт минь хүртэл тэгж мэдрэгдээд байгаа. Амьдралын зөвхөн эерэг гоё талууд руу анхаарлаа хандуулж амьдрахыг илүүд үзэх болсонтой холбоотой байж болох юм, тээ. Угаасаа амьдралыг эерэг, сөрөг аль талаас нь харах нь хувь хүний л сонголт гэж боддог. Тийм эрх хүний өөрийнх нь гарт л бий. Сөрөг, мууг нь харахыг хүсвэл тэртээ тэргүй хүн бүрийн амьдралд л асуудал байдаг. Тиймээс нэгэнт сонголт хийх эрх нь бидний гарт байж байхад дандаа эерэг талыг нь харж байх сонголтыг яагаад хийж болохгүй гэж?! Болж бүтэхгүй байгаа зүйлүүдийнхээ оронд болж бүтэж байгаа зүйлүүдээ тоочоод үзээрэй. Амьдралын, аливаа зүйлийн эерэг талыг илүүтэй хардаг болсоноор өдөр тутмын амьдрал улам өнгөлөг гэрэлтэй, санаа сэтгэл өөдрөг, тогтвортой, түүнийгээ дагаад ажил төрөл ч бүтэмжтэй сайхан болоод ирдэг юм билээ шүү.

Өнөөдөр бямба гариг. 2015 оны аравдугаар сар. Өглөө хөшигөө нээхэд тэнгэр хуртай, нойрмог угтсан болохоор гэнэт хэдэн үг холбох хүсэл төрөөд ийнхүү сууж байна.

Аягатай кофе, Cat Power-ын “The Greatest”…Аялгуунд нь бүжих мэт цонхны шил хээлэн урсах бороон дуслууд…