Зургаа

Зургаа

Шинэ хутга худалдаж аваад хоолоо хийхээр бэлдэх зуураа хуруугаа эсгэчихсэн. Гүнзгий эсгэснийх, хүрэн улаан цус хаа сайгүй. Боож тогтоох боолт сэлт ердөө юу ч байдаггүй ээ. Сандрахдаа хажуу өрөөнийхөө хаалгыг тогштол хүнгүй бололтой, онгойлгосонгүй. Коридор нам гүм. Ашгүй гурав дахь өрөөний эзэн эмэгтэй үүдээ нээв. “Уучлаарай, Та англиар ярьдаг уу” гэхэд минь урдаас мэдэхгүй хэлээр хэдэн үг хэлээд инээмсэглэхээр нь хуруугаа харуулж, тусламж эрж яваагаа дүрслэн үзүүлтэл “oh, ok ok” гэж давтангаа түр хүлээгээрэй гэсэн янзтай долоовор хуруугаа гозолзуулж дохиод цааш эргэв. Хормын төдийд шархны лент, марли хоёр авчирч хурууг маань нямбайлан боож өглөө. Баярлаж талархсанаа хэдэнтээ илэрхийлээд өрөөндөө орсон хойноо ганцаараа хэсэг уйлав. Шалаар дуссан цусаа цэвэрлэж байх үед сэтгэл гэнэт хоосроод, яагаад ч юм уйлмаар санагдаад. Эмээгээ, ээжийгээ, гэр орноо санаад…Ганцаардаад.

…Хутга авахаар дэлгүүр орох замдаа бодож байлаа. Недерланд хэмээх вант улсын амьдралын хэв маяг, хэмнэл, хүмүүсийнх нь зан төлөв гээд л энэ бүхэн яг миний хүсч байсан, сэтгэлдээ ургуулан боддог байсан шиг юмаа. Недерланд гэж нэр зааж төсөөлдөггүй байсан хэдий ч нэг иймэрхүү л орчинд би тайван байж чадах юм шиг санагддаг байж билээ. Төгс төгөлдөр зүйл амьдралд байдаггүйн жишгээр алдаа дутагдал энэ улс орноос хайвал бишгүй л бий биз. Гэхдээ зөвхөн гэгээлгийг бодож, сайн сайхан талаас нь л харахыг хүсч байна. Аливаа бүхэнд хар, цагаан хоёр тал байдаг. Аль талаас харах нь хүний өөрийн сонголт шүү дээ.

Олон гоё тэмдэглэл бичмээр, зураг зурах гэж оролдмоор, чаддаг бол зүү утас нийлүүлмээр. Тийм л мэдрэмж энд хаана ч явсан төрөх юм. Тайван.

Нээрээ, блогоо бичих санаатай цагаачийн газрынхаа интернэтэд орж үзсэн. Өдөрт ганцхан цаг суух эрхтэй гэхээр нь блогтоо богинохон ч атугай тэмдэглэл оруулаад гаръя гэсэн ч хуучин бандгар компьютерууд нь гацаад удаан, интернэтийнх нь хурд ч тун муу. Блогоо нээх гэж хүлээсээр байгаад арав гаруй минут, фээсбүүкээ шалгачихъя гэтэл дахин гацаад таг болсон. Хэлийг нь ойлгохгүй залуучууд ээлжээ хүлээж ард зогсоод, зарим нь бүр муухай муухай хараад байх шиг эвгүй. Тэгэхээр нь цагаа ч гүйцээлгүй гараад ирсээн.

Хичээл нь эхэлвэл уг нь цагаачийн газартаа недерланд хэлний сургалтанд сууж болно гэж байсан. Шинэ сургалт эхлэх өдөр цагийг захиагаар явуулна, шуудангаа шалгаж байгаарай гэхээр нь гарч орох тоолондоо л шалгаад байгаа. Энд албан харилцаа нь ихэвчлэн шуудангаар дамждаг. Уулзалтын тов, ярилцлагын цаг гээд л бүгдээрээ захиагаар. Эргээд ил бариад үзүүлэх баримттай, авууштай. Байрны гадаа шуудангын хайрцагуудтай, дээр нь өрөөний дугаарууд бичээстэй. Хариуцагчаасаа түлхүүрээ хүлээж авсан учраас өдөр бүр шуудангаа шалгаад байвал уулзалтаас хоцрох вий гэж зовнихгүй амар болсон.

Хариуцагч гэснээс, өнөөдөр нэрээ солихоор шийдлээ. Эмч, бүртгэл авдаг залуу, хариуцагч, хамгаалагчаас эхлээд цөмөөрөө л намайг нэрээ Оюунаа гэж хэлээд байхад л Юна гэж дуудаад байсан. “О”-г нь гээж хэлэхэд арай амархан байгаа бололтой. Тийм болохоор Юна болгочихъё. Товчхон, хэлэхэд эвтэйхэн. Угаасаа гадаад хүмүүсийн чихэнд наалдахуйц иймэрхүү нэртэй болно доо гэж бодоод л байсан юм. Монголчуудын сэтгэлд хоногшиж, шинэ нэрээр дуудаж хэвштэл нэлээд хугацаа орох байх даа. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж “гей мисс Энхриймаа” гэдэг тодотголоос салмаар байна. Танилцахдаа “Оюунаа” гээд байхад л “Энхриймаа, Энхриймаа” гэцгээх.

Гал тогоондоо хоёр газын плиткатай юм байна лээ. Хоол хийхээр зогсож байтал хажуу өрөөний Сомали охин, өөр бас нэг хар арьст ах орж ирж байсан. Уганда улсаас ирээд найман жил болж байгаа гэсэн. Цагаачийн газрынхаа умгар өрөөнд найман жилийн турш албан ёсоор амьдарч ажиллах бичиг баримтаа хүлээж байгаа гээд бод доо. Сомали охин ч ялгаагүй, бараг таван жил болох гэж байгаа талаараа ярьсан. Хоёулаа л “Чи амьдрах эрхтэй, байраа хүлээж байгаа юм бол энд нээх удахгүй байх аа” гэхийг нь сонсоод тайвширах шиг болсон шүү. Хүнд гэм хоргүй, үүрэхээр ногдсон ачаагаа өөрөө үүрээд мөрөөрөө явж байгаа болохоор үйл хэрэг маань бүтэмжтэй байгаа байх аа.

Нэг дор гурван өөр үндэстний үндэсний хоол бэлдээд, сонирхолтой.

Өмнө нь Сомалигаас гаралтай супермодель Waris Dirie-гийн бодит амьдралаар хийсэн ”Desert Flower” киног үзэж байсан тул сомали эмэгтэйчүүд ямар их зовлон зүдгүүрийг туулан амьдардгийг гадарлахтайгаа. Тиймдээ ч хөрш охинтойгоо найзууд болъё, дотно яриа дэлгэе гэж хичээсэн боловч тэрбээр үгээ ихэнхдээ залгих талдаа, даруухан, ичимхий бүсгүй. Ээжийн бага эмэгтэй дүү буюу миний хамгийн ойр дотно өссөн эгчийг санагдуулна. Тэр эгч минь хүн бүрт л “зожиг”-оороо цоллуулж, шоовдорлогдож явдаг ч надтай хоёулханаа байхаараа ирээдүйн амьдрал, мөрөөдөл, хүмүүс, дурсамжууд гээд л олон зүйлийн тухай ний нуугүй ярилцдаг байлаа. Өвөө бид гурав их “булагнана аа”. Тэтгэвэрээ авахаараа өвөө олон янзын амттан худалдаж аваад модон авдартаа хийчихнэ. Түүнийг нь хувааж идээд л, өвөөгийн эрх хүүхдүүд байв. Жаргалтай байжээ тэдгээр өдрүүд. Хамгийн жаргалтай үе байсан нь гарцаагүй.