Зургаа

Зургаа

Ерөнхийлөгчтэй хамт томилолтоор явж ирээд шууд ажлын амралтаа авч Дархан руу гэрээ зорив. Дархан зундаа айхтар бүгчим, ялангуяа сүүлийн хэдэн жилд шар элсээр шуураад тухгүй. Уйтгартай, хийх юмаа олж ядан байтал мессэнжэрт танилцаж байсан Отгоо хэмээх залуугаас мессэж ирлээ. Тэр бас Дарханд гэртээ ганцаараа байна, уулзаж буу халах уу гэв. Гей ертөнцөд ер нь нэг хүнтэй л танилцчихвал холбоо сүлжээгээ маш хурдан тэлж болно. “Дарханд таньдаг гей залуу байна уу” гэхэд л хариуд нь дор хаяж хоёр гурван хүний утасны дугаар хүлээж авах жишээтэй. Мэдээж хэсэг мессэжлэнэ, сонирхол нийцвэл уулзана. Бичилцдэг мессэжүүд нь нэг хэвийн, товч бөгөөд тодорхой. Анкет бөглөж байгаагаас ялгаагүй шахам. Нэр, нас, өндөр, жингээс гадна хамгийн чухал асуулт нь “аль талдаа вэ?”. “А” талдаа гэвэл актив буюу идэвхтэй, эрэгтэй болдог нь, “П” гэвэл пассив буюу идэвхгүй, эмэгтэйн үүрэг гүйцэтгэдэг нь гэж тайлбарламаар юм уу даа. Ямартаа ч Отгоо бид хоёр сексийн тал дээр тохирохгүйгээ чатаар эртнээс мэдэлцсэн учир найзын хувиар уулзаж хамтдаа цаг нөхцөөхөөр болов.

Дарханы төвөөс хагас цаг орчим алхсаар гэрт нь хүрээд, халуун наранд ангаж үхэх дөхсөн хүн хүйтэн ус залгилангаа Отгоогоос,

-Архины мөнгө байна уу?

-Байна, яасан?

-Ууя л даа.

-Манай эндхийн дэлгүүрт хоёр литрийн савтай том пиво зардаг юм. Тэрийг авчихъя. Дээр нь ээжийн жоорлосон нэг шил юмыг нэмээд хангалттай ш дээ тээ.

-Яанаа болох юм уу?

-Болно оо, болно.

Ингээд уйдаагаа архиар дарахын хүслэн болсон хоёр бушуухан гарч пивоо олж ирээд Отгоо ээжийнхээ авдарыг ухсаар далан тавын шилтэй “Болор”, “Чингис” гаргаж ирэв.

-Аль нь зүгээр вэ?

-Арай хямдханыг нь л ууя.

-“Чингис” нь арай хямдхан байх аа.

-Тийм үү, тэгвэл наадхыг чинь ууя.

Нөгөө “хулгайлсан” архиа хавь ойрын сонин хачныг хуучлангаа хундага хундагаар татаад л байлаа. Отгоогоос асуух зүйл ч мундахгүй. Намайг бодвол нэлээд олон жилийн өмнө гей хүмүүсийн дунд орж, сард нэг удаа хаалттай болдог гей партид хүртэл очдог гэнэ.

-Тэр парти дээр нь яг юу болох уу?

-Өө ууж идээд л өнгөрдөг ш дээ.

-Заваараад л бөөн архидалт, секс байдаг юм биш үү?

-За яалаа гэж дээ. Таньдаг хүмүүстэйгээ нэг ширээнд сууж байгаад л тардаг ш дээ.

-Шинээр очсон хүнийг татаж чангаах уу?

-Үгүй ээ, бүгдээрээ л ерөнхийдөө даруухан, биеэ барьсан янзтай сууж байдаг. Хааяа зарим нэг нь эмэгтэй хувцас өмсөөд дуун дээр ам барьж үзүүлбэр үзүүлнэ. Жишээ нь, “Киви”-гийн дуу ч юм уу. Өөр нээх онц гойд юм болдоггүй.

-Паах, эмэгтэй хувцас өмсөөд ий?

-Тийм ээ, үзүүлбэр үзүүлдэг. Чи надтай хамт оч л доо, ирэх намрын партид.

-За болъё оо чи минь.

Яагаад ч юм, гей хүмүүс гэхээр л таалагдсан ч таалагдаагүй ч хоорондоо учир зүггүй секс хийж, хаа хамаагүй хүмүүсийг ч татаж чангаасан нөхөд байдаг байх гэсэн ташаа ойлголт байдаг байлаа. Угаасаа хүмүүс мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлийнхээ тухай таамаг дэвшүүлэн ярьж, тэр нь сүүлдээ цуу яриа болон нийгэмд буруу ойлголт төрүүлдэг тал бий. Тиймээс “Ойлгохгүй байгаа зүйлээ битгий шүүж, үзэн яд” гэдэгтэй санал нийлдэг.

Шилтэй архиа хувааж уугаад овоо халсан бид хоёр пиво задлангаа гей порно үзэж баясахаар болов оо. Отгоо Японд хэдэн жил суралцахдаа цуглуулсан гээд жижиг цүнх дүүрэн CD гаргаж ирэв. Өөрөө тэдгээр кинонуудаа залхатлаа үзсэн бололтой, хэн нэгэнтэй мессэжлээд таг чимээгүй. Хэлийг нь ойлгохгүй би байн байн түүнээс,

-Юу гэсэн бэ, сая?

-Чамайг хүсч байна гэнэ ээ.

-Одоо юу гэж байна?

-Гоё байна гэнэ ээ.

-Энэ залуу юу гээд муухай орилоод байгаа юм бэ?

-Гоё байна, хөдлөөд бай л гээд байна даа.

Тэгсхийгээд тас үсэрсэн бололтой маргааш өглөө нь сууж байсан газартаа сэрэв. Шартаж сүйд болдоггүй болохоороо сэрсэн даруйдаа хоол эргүүлж явтал Оюук хотоос ирчихсэн уулзъя хэмээн залгаж байна. Оюутан болоод танилцаж дотноссон хамгийн дотно найзуудын минь нэг л дээ. Өөрөө дороо хоёр эрэгтэй дүүтэй айлын том охин гэсэндээ хэрсүү, ухаалаг. Маагий маань ч бий. Гамбуушаас ярилцлага авах гээд дагуулаад явсан охин гэж бичсэн дээ өмнө нь. Сэргэлэн нь дэндсэн, өөдрөг. Бид гурав их сургуулийн нэг анги, холбоод уячихсан юм шиг үргэлж цугтаа явдаг байж билээ. Хоёрдугаар курсдээ хагас жил орчим оюутны байранд цуг амьдарч, дараа нь би төмөр замын ойролцоо хамаатны эгчийнхээ эзгүй оффисын байранд үнэ төлбөргүй түр байрлах болоход ч бүгдээрээ тэнд цуглаад л бужигнуулж өгнө. Дээр нь Дээгий, Оогий нэмэгдчихвэл дийлдэхгүй юм болно. Эгч намайг хүн цуглууллаа гэж уурладаг болохоор эгчийг урд хаалгаар орж ирвэл бүгд хойд хаалгаар гарч зугтах “байлдааны бэлэн байдалтай”.

Сониныхоо урлаг соёлын албанаас эрэн сурвалжлах алба руу шилжсэн байсан учир шөнийн сурвалжлага энэ тэрээр явахдаа өвөл зунгүй тэднийгээ хань татаж, хамтдаа олон сайхан дурсамжууд бүтээсэн дээ. Би угийн ажиллах дон тусчихсан аятай л шөнө дунд ч зүгээр сууж чадахгүй. “Өсвөр насны охидыг зуучилж зардаг хүмүүс “Бөхийн өргөө” хавиар байдаг гэнэ ээ. Муусайн юмнуудын мөрөөр мөшгиж үзье” юм уу “Дөрвөн зам дээрх тэр олон цайны газрууд үнэхээр бохир заваан байх юмаа. Найздаа хань болж яваад хөшигний цаадахь ариун цэврийн шаардлага хангадаггүй орчин, ямар муухай юман дунд хоолоо бэлддэгийг нь гэрэл зурагт буулгахад туслаач” гэхчилэн өнөөдүүлээ ятгаж, хамтдаа тактик төлөвлөгөө боловсруулж аваад л гарцгаана.

Хүмүүс жинхэнэ найз байдаггүй гэлцдэг. Миний бодлоор, хүн амьдралыг дөнгөж таньж мэдэж яваа балчир насандаа танилцсан, нэгнийхээ хэн байсныг, хэн болохыг хүсдэг байсныг, хүсэл тэмүүлэл, зорилгыг нь мэддэг, өөдөө хамтдаа өгссөн тийм найзууд л жинхэнэ найз байдаг юм шиг ээ.

Оюуктай хүүхдийн парк дээр уулзав. Ярианы сэдэв нэг мэдтэл ижил хүйстэн энэ тэр болоод хазайчихаж. Оюук,

-Би лав лесби нарыг ойлгодог. Бидэнтэй л адилхан хүмүүс шүү дээ.

-Харин тийм, би ч гэсэн ойлгодог. Гэснээс, хүмүүс намайг охин шиг болохоор гомо гэж боддог байх даа тээ.

-Яахав дээ, бодвол бодно л биз. Би бол чамайг жинхэнээсээ гомо байсан ч ойлгоно оо. Найзыгаа урьдын л адил хайрлана.

Тийм үү, нээрээ би чамд яг үнэнээ хэлэх үү?

-За…

-Би эрэгтэй хүнд жаахан татагддаг ш дээ. Гэхдээ гомо гэсэн үг биш шүү.

-Ваав, тэгвэл гомо хүнтэй уулзаж үзээч. Яадаг юм, хүссэнээ хийж амьдрах хэрэгтэй ш дээ.

-Үгүй ээ харин үзсэн л дээ.

-Яанаа чи муу ямар зэвүүн юм бэ, надаас нуугаад. Тэгээд ямар хүн байсан бэ, ямархуу хүмүүс байдаг юм байна?

-Би бүр унтаад үзчихсэн гэвэл яах уу?

-Ёооё чи одоо эртхэн хэлэхгүй ямар өөдгүй залуу вэ. Би чиний найз биш юм байна л даа тээ.

-За яалаа гэж дээ, найз нь харин хэлэх учраа олохгүй л…

-За за хамгийн түрүүнд надад хэлж байгаа гэсэн юм чинь зүгээрээ. Тэгээд яасан бэ, бөгсдүүлчихсэн үү?

-Паах чи одоо эмэгтэй юм байж наад хэл амаа!