Найм

Найм

Хамт зураг авахуулсан монголчууд зургуудаа фээсбүүктээ оруулсан байхаар нь би бас өөрийнхөө фээсбүүкт оруулчихсан. Гэтэл монголын мэдээллийн вэбсайтууд тэдгээр зургуудыг зөвшөөрөлгүй хуулж аваад нийтэлчихжээ. “Недерландын хэдэн хулгайч нартай авахуулсан зургууд нь л байна ш дээ” гэх мэтээр зурган дээр цуг байгаа хүмүүсийг элдвээр хэлж доромжилсон сэтгэгдлүүд дүүрэн байна гэнэ. Таньдаг хүмүүс нь олж харчихаад “Өчнөөн жил хайгаад олохгүй байсан хүн маань энд сууж байна” гээд л заримынх нь нэр ус, монголд хийж байсан ажил төрлийг нь хүртэл дэлгэж л дээ. Гэтэл цөмөөрөө над руу дайрч, намайг барьж идэцгээх дөхөв.

Би тэр зургуудыг нь нийтлүүлчихсэн юм шиг, би өөрсдийг нь гуйж гувшиж байгаад хамт зураг авахуулчихсан юм шиг, би тэр сэтгэгдлүүдийг нь захиалаад бичүүлчихсэн юм шиг.

Надтай авахуулсан зургуудаа хүмүүст үзүүлээд л “Энэ ямархуу хүүхэн байна” гэж асуугаад “Дажгүй хүүхэн байна” гэвэл “Хахаха, энэ чинь эрэгтэй ш дээ” гээд л эргүүлээд нөгөө хүнээ тоглоом шоглоомонд оруулаад явж байгаа талаар нь зөндөө сонссон. Тэгснийх нь төлөө хэл ам хийгээгүй, чимээгүй өнгөрсөн. Ер нь намайг юу гэж бодоцгоогоод байгаа юм бэ. Эмзэглэх сэтгэлгүй энийг ер нь юу ч гэсэн, яасан ч болно гэж бодоо юу. Элэг нэгтнүүдээ гэх чин сэтгэлийнхээ хариуд хүйтэн ус цацуулсаар тэвчээр барагдав.

Бурхан минь, болъё. Холхон явъя!

Хов, хэрүүл, хүн муулах нь монголд байдгаасаа долоон дор. Ийм гоё нийгэмд ирчихээд бахь байдгаараа, нийгэм дотор нь жижиг нийгэм бий болгочихсон, нэг нэгнийгээ миалаад л, үйлийг нь үзээд л. Орчинд нь байгаа юм байж гадаад хэл ус суръя ч гэж бодохгүй. Тийм хүмүүсийг, амьдралынх нь хэв маягийг ойлгох гэж хичээсээр, хов живийг нь уучлах гэсээр өөрийгөө зовоох шаардлага байхгүй. Эрт ухаарсан минь аз, том сургамж боллоо.

Тэгээд ч өөрийгөө хүндэлдэг хүн л өөрөөсөө негатив хүмүүсийг холдуулдаг гэж боддог. Өөрийгөө хүндэлдэггүй хүн бол өөрийгөө тийм хүмүүстэй адилхан гэж дорд үзээд, тэдэнтэй зууралдсаар л байх болно.

Түүнээс хойш фээсбүүктээ хүн амьтантай авахуулсан зураг хөрөгөө хийхээ больсон. Хүнтэй хамт зураг авахуулах ч дургүй. Хамгийн түрүүнд л “аягүй бол цааш нь хүмүүст үзүүлээд л тоглоом наргиан болгох биз” гэж бодогдож байгаа юм даа.

Цагаачийн байрны өрөөндөө ганцаараа. Хэлийг нь ойлгохгүй ч зурагтаа асааж хань татна. Нэг орой хоолоо хийж идчихээд унтах тийшээ хандан байж байтал хаалга тогшлоо. Орой үдшийн цагаар хэн нэгэн хаалга тогших учир жанцан ерөөсөө байхгүй хэмээн бодонгоо үүдээ нээтэл намхан нуруутай хоёр түвд залуу зогсож байна. Ямар зорилготой явж байгааг нь ойлгож ядан,

-How can i help you? /Танд юугаар туслах вэ?/

-Аан…Өөрөө монгол биш юм уу? /монголоор хариулав/

-Хүүе ээ, монгол хүмүүс байсан юм уу. Түвд гэж л бодлоо.

-Хэхэ…

-Алив, дотогш орцгоо л доо.

Өмнө нь цагаачийн газрын гадаа түвдчүүдийг хараад монгол хүмүүстэй андуурсан удаатай. Тиймээс шууд л бодож санах юмгүйгээр түвд хүмүүс гэж бодсон хэрэг. Гэтэл намайг энэ цагаачийн газарт байдгийг сонссон даруйдаа сураглаж хайсаар ирсэн монголчууд байжээ. Нэг нь эхнэртэйгээ, нөгөө нь эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг гэнэ. Өрөөндөө оруулж хэсэг ярилцав. Ямар “би монголчуудтай харьцахгүйгээр шийдсэн. Буц даа” гэлтэй биш.

Лав л эвдрээгүй, илүү дутуу зангүй залуучууд шиг санагдлаа. Өөрсдийнхөө өрөөнд урьж, эхнэрүүдтэйгээ танилцахыг санал болгохоос гадна цагаачийн амьдралын талаар асуултанд минь тээршаалгүй хариулав.

-Та хэд ингэхэд юу гэж хэлж, ямар шалтгаанаар цагаач хүссэн юм бэ?

-Түвдээс ирсэн гэж хэлсэн.

-Яагаад заавал Түвд гэж?

-Азийн орнууд ерөнхийдөө тайван. Дайн дажны хөлд нэрвэгдээд аргагүйн эрхээр цагаач хүсэхээр ирлээ гэдэг ч юм уу, эх орондоо аюулгүй амьдрах аргагүй болсон гэж хэлэх боломжгүй шүү дээ. Азиас түвдчүүд болон хойд солонгосчууд л голдуу ийш тийш цагаачилдаг юм байна лээ. Тэгээд л асуудал ихтэй, асуудал нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаагаар нь түвдээс ирсэн гэчихгүй юу.

-Тийм учиртай байх нь ээ. Намайг гадаа явж байхад нээрээ “Хойд солонгосоос ирсэн байх аа” гэж шивэр авир хийлцэж байсан шүү.

-Хэхэхэ…Яасан, цагаачийн газрын залуучууд өдөж хоргоож байна уу? Бас л айхтар хүүхэмсэг хүмүүс шүү дээ.

-Өө тэгээд мэр сэр сээтэгнэж л байдаг. Аль болох тоохгүй өнгөрөөхийг л хичээж байгаа.

-Муусайн юмнуудыг далжигнаад байвал хариуцдаг хүнд чинь очиж хэлнэ гээд айлгачих.

-Нийтийнх болохоор усанд орж, ариун цэврийн өрөө хэрэглэх, гал тогоонд хоол хийх зэрэгт жаахан тиймхэн. Гэхдээ зүгээр ээ. Гэснээс, та хэд өөрсдийгөө Түвдээс ирсэн гэхээр түвдээр ярих ёстой биз дээ?

-Хэхэ…

-Түвдээр ярьж чаддаг юм уу?

-Үгүй ш дээ…

-Тэгээд яаж Түвд гэж итгүүлэх юм бэ?

-Янз бүрийн аргаар л үзэж тарна даа хө.

-Их л нүүрэмгий хүний хийх ажил байна даа. Бичиг баримтыг чинь үзье гэхгүй юу? Нэр усыг чинь шалгахгүй юу?

-Монголчууд ер нь цагаач хүсэхдээ ихэвчлэн бичиг баримтаа хаясан, гээсэн, эсвэл хураалгасан гэж хэлдэг. Бас бүгдээрээ худлаа нэр устай. Жинхэнэ нэрнээс эхлээд бүх мэдээллээ нууцална.

-Хэцүү юмаа…

-Амьдрахын төлөө юм юм л үзэцгээж явна даа. Байр, машины мөнгөтэй болчихвол буцна аа.

-Тийм их мөнгө олох арга байх уу?

-Бид хэд айл цэвэрлэж байгаа. Тэр хулгай энэ тэрийг нь угаасаа хийж чадахгүй ээ. Арай нэрэнд цэврээр нь айлын шал угааж байсан нь дээр.

Ийнхүү ярилцаад тэд өрөө рүүгээ явцгаалаа. Зурагтаар арай аятайхан гардаг ганц суваг нь MTV. Туршилтын маягаар цацаж байгаа юм шиг цөөхөн хэдхэн дуу өдөр шөнөгүй явуулна. Adele-ийн “Rolling in the Deep” ид хит болж байсан үе. Бараг өдрийн талд давтаж сонссоор сүүлдээ шөнө зүүдлэгдэх дөхнө. Гэлээ гээд унших ном, сэтгүүл байхгүй, элдэв зүйлсийн талаарх бодолд ээрэгдэхээс өөр зугаатай юм үгүй.

Харь улс оронд цагаачлах хүртлээ аргагүйдэх тийм аюултай нөхцөл байдал Монголд байхгүй гэсэн үндэслэлээр Монголоос ирсэн цагаачдад бичиг баримт олгохоос ихэнхдээ татгалздаг юм байна. Тэгэхээр нь манайхан л болсон хойно, өөр аль нэг асуудалтай орноос ирсэн гэж худлаа хэлж цаг хождог юм уу даа. Өгсөн мэдээллийнх нь үнэн эсэхийг шалгахад жил орчмын хугацаа зарцуулдаг тул тэр хойгуур нь цагаачийн газарт үнэ төлбөргүй байрлангаа хууль бусаар ажиллаж хэдэн евро цуглуулна. Хэрэв худал мэдээлэл өгсөн нь тогтоогдоод Монгол руу буцаах шийдвэр гарвал цуглуулсан хэдээсээ хямдхан байр, хажуу өрөө хөлсөлж аваад шууд хараар амьдарч эхэлдэг хүмүүс ч байдаг аж. Сайн жүжиглэж, сайн худлаа ярьж байгаад энд амьдрах эрх, бичиг баримтаа авсан хүн ч байгаа гэнэ. Санаанд оромгүй, мөн бөх зүрх ээ!

Тааралдсан хүн бүрийн амнаас унах “амьдрахын төлөө” гэдэг үгийг нь ойлгохын дээдээр ойлгоод байгаа юм. Амьдрахын төлөө биш сэн бол хэн ер нь ийн зовж зүдрэх замыг дурандаа сонгож алхах вэ.

Гэхдээ “амьдрахын төлөө” ба “амьд явахын төлөө” эх орноо орхих хоёр маш том ялгаатай. Амьд явахын төлөө эх орноо орхин гарахаас өөр сонголтгүй үлдсэн над мэтэд “амьдрахын төлөө” худал хэлж, хулгай хийж буй хүмүүсийг ойлгож чадахгүй мухардах мөч бас байна аа. Жишээ нь, эх орондоо гуйлга гуйгаад ч болов амьдаръя хэмээн хүсэвч амь нас нь үнэхээр аюулд өртөөд харийн оронд цагаачлах ганцхан сонголттойгоор энд ирсэн гей залуу байлаа гэж бодъё. Түүнийг үнэнээ өчиж амь эрээд байхад нь “Аан, монголчууд дандаа худлаа ярьдаг. Гей хүмүүст тэнд айх аюул байхгүй, буц” гээд буцаавал яах вэ. Хөөрхий залуу буцаж очоод амиа алдана. Гэтэл амьдрахын төлөө шалтгаанаар худал ярьж, хууль бусаар ажиллаж байгаад буцаагдсан хүмүүс яах уу? Буцаж очоод амьдардгаараа л амьдарна.

Тиймээс тусламж зайлшгүй шаардлагатай байгаа нэгнийхээ замд битгий гай болоосой, наанадаж нэгэндээ гэм хортойгоор худлаа битгий яриасай. Монголын цагаачид өөрсдийгөө гей, лесби гэсээр байгаад сүүлдээ үнэнээ хэлээд сууж байгаа гей, лесби хүмүүст нь итгэхээ больсон жишээнүүдийг олон сонссон. Монголдоо байхаараа ад үзэж гадуурхаад, мөнгө хэрэгтэй болохоороо өөрөө гей, лесби болоод хувирчихдаг гэх мэт үйлдлийг ойлгомгүй.

Недерланд Улс ч хуулиа чангалж, цагаач хүсэх асуудал улам нарийн болсоор байгаа юм билээ. Ерөөсөө л “Цагаачдын хар бараан амьдралаас” гэж тодотгож байгаад өчнөөн зузаан роман бичих сэдэв энд байна. Хуурамч нэрээр цагаачлах, энэ хорвоод хэзээ ч байгаагүй хэн нэгний амьдралыг бүтээж, өөрөө гол дүрд нь тоглох, дүрээ хэрхэн амилуулж, итгэл үнэмшилтэй харагдуулах гэхчилэн цагаачдын амьдрал төсөөлөхөд бэрх явдлуудаар их. Ажил олдвол эмэгтэйчүүд нь айлын гэр цэвэрлэж, эрчүүд нь барилга дээр. Эсвэл нийлээд хулгай хийнэ. Олон хаврын нэгэнд гэдэгчлэн хулгай нь нэг л өдөр баригдана. Баригдвал сар, жилээр шоронд хоригдож хайран цаг хугацаагаа алдана.

Эндхийн амьдралыг Монголд суугаа ар гэрийнхэн нь даанч ойлгохгүй. Амьхандаа эх орноо, хайртай хүмүүсээ санаад, сэтгэл засах хэдэн үг горьдоод утасдана, урдаас нь мөнгө нэхнэ. Өвдөх эрхгүй, үхэх эрхгүй, үхэх гэж байсан ч хураасан хэдэн еврогоо монгол руу илгээчихээд үхэх “даалгавартай” цагаачид.