Найм

Найм

Цонхоор тусах нарны гэрэлд угалзлан үзэгдэх дүнсэн тамхиных нь утааг хуруугаараа эсгэн тоглож “Өвөө, өвөө, одоо ийшээ үлээ, одоо тийшээ үлээ” хэмээн эрхэлж суусан цаг өчигдөрхөн юм шиг. Он цагийн уртад нэр хаяг нь хэдийнэ балартсан орос чихэрний төмөр савнаас тамхиа гаргахад нь бушуухан зэрэгцэж суугаад нэрж эхлэхийг нь тэсэн ядан хүлээдэг байж билээ. Тийм эгэл дурсамжууд хожим юутай ч зүйрлэмгүй үнэ цэнэтэй санагдах юм даа.

Ээж оюутан ахуйдаа бие хүнд болсон тул төрүүлээд хоёр сар орчмын дараа л намайг өвөө, эмээтэй үлдээгээд сургууль руугаа буцсан юм. Аав гэдэг хүн анхнаасаа байсангүй. Таван нас хүртлээ өвөөгөө аав, эмээгээ ээж, ээжийг харин эгчийгээ гэж боддог байв. Гэрийнхэнээсээ ээж ганцаараа Монгол Улсын Их Сургуулийг төгссөн, бас айлын том охин учраас гэр бүлийнхээ бахархал нь. Тиймээс өвөө эмээ хоёр намайг эрдэм номтой хүн болог гэсэндээ сургуулийн нас болмогц ээжид хүлээлгэж өгч л дээ. Ээж тэгэхэд Сэлэнгэ аймагт амьдарч, ажиллаж байлаа.

Ингээд би сургуулийн сурагч болж, дараа жил нь ээж маань хойд эцэгтэй танилцаж, улмаар хамтран амьдарч эхлэв. Тэр үеэс л ээжийн нүд нулимстай явах болж, бид хоёрын амьдрал там болон хувирсан даа. Хойд эцгийгээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү байлаа. Хамгийн анх уулзахад л согтуу байсан. Агсам тавина, ээжийг барьж авч зодно. Түүнийг бидний амьдралд орж ирэхээс өмнө хэн нэгэн над руу гар далайх битгий хэл муухай харж, чангахан дуугарч байсангүй. Өвөө, эмээ хоёр нүднийхээ цөцгий адил хайрлахдаа морь мал руу ч ойртуулахгүй, дэргэд нь шулганаад гүйж байвал л сэтгэл нь амгалан.

Хэдийгээр хүүхэд ч гэлээ гэв гэнэт орвонгоороо эргэсэн энэ амьдралын буруутан нь хойд эцгээ гэдгийг ойлгоно. Дарангуйллынх нь золиос болохдоо өвөө эмээгээ санан бэтгэрч, олонтой нийтэч, нээлттэй зан чанараа ч өдрөөс өдөрт гээх. Ээж надад анхаарал тавихаасаа илүү хөхөрсөн нүдээ бусдаас яаж нуух, юу гэж худал тайлбарлахаа бодож цагаа барна. Харахад нь бие минь бүтэн, гар хөлөө хугалж, нүдээ сохлоогүй байвал л болоо.
Хойд эцэг агсамнах шалтгаанаа надаас эрж, өө сэв хайгаастай. “Чиний хүүхэд муу санаатай, намайг аав аа гэж дууддаггүй” хэмээн хашгична. Харсаар байтал хамаг аз жаргалыг минь булааж аваад булшилчихсан, дөнгөж зүсээ мэдэлцэж буй архичинг “аав аа” гэж дуудах юм гэнэ.  Тэгэх бүрт нь төрсөн аавынхаа тухай мэдмээр, олж уулзмаар. Ээжээс асууж шалгаамаар байвч зовлон дээр нь зовлон нэмж санааг нь чилээхийг хүсэхгүй.

Ийнхүү савангийн дуурь шиг утгагүй амьдралынх нь сүүдэрт туслах дүр бүтээж гүйсээр гуравдугаар ангиа төгсөх үед өвөөгийн бие муудаж, ойрхон байж асарч тойлох нэрээр манайх Дарханы Салхит өртөө рүү нүүлээ. Хойд эцгийн ааш араншин улам дордож, адгууснаас дор авирлана. Хичээл номоо хийх боломж олдохгүй. Яагаад намайг тэгж үзэн яддагийг нь гайхна. Бүхнийг мэдэх гэсэн сониуч зангаараа элдвийн зүйлс асууж шалгаадаг маань л буруу гэхгүй юм бол өөрөөр би сахилгагүйтнэ гэж мэдэхгүй, айлын хүүхдүүд шиг үнэтэй тоглоом, хувцас хунар нэхэхгүй, муухай аашилж хүний дургүй хүргэхгүй.

Шинэ сургууль, шинэ ангийнхандаа овоо дасч дотносч байтал жилийн хагасаас аргагүйн эрхэнд өвөө эмээ дээрээ очиж, Хонгор сумын сургуульд дөрөвдүгээр ангиа төгсөв. Хойтон жил нь ээж намайг Дарханы сургууль руу шилжүүлж, хойд эцгийн дүүгийнд амьдруулахаар боллоо. Одоо л нэг найз нөхөдтэй болох нь дээ гэхээр л шилжилт, шинэ сургууль, шинэ анги. Таван жилийн дотор дөрвөн өөр сургууль, анги дамжив. Эцэстээ бүр гэрээсээ, хайртай хүмүүсээсээ хол цөлөгдөх гэж. Хойд эцэг л ашгүй надаас салж санаа нь амарсан байх.

Танихгүй айлд толгой хоргодох амаргүй. Тав дахь өдөр хичээлээ тармагц Хонгор руу өвөө эмээ рүүгээ яарна. Амралтын хоёр өдрийг тэдэнтэйгээ өнгөрүүлэхээс илүү жаргал үгүй, сайн эрхэлж аваад бүтэн сайныхаа орой буцна. Эмээ “энэ муу жаахан амьтан бүр зовж гүйцлээ” гээд л санаагаа чилээнэ. Наанаас нь би “өвөө та хоёр намайг өргөөд авчихаж болдоггүй юм уу” гэхээр “миний хүү тэгж ярьж болохгүй шүү. Хичээлээ сайн давтаж, ээждээ хань болох хэрэгтэй” гэдэг байлаа. Өвөө хэвтэрт, бие нь тааруу. Савтай шээсийг нь зөөж асгах мэтээр өвөөдөө өөрийнхөө хэмжээнд л туслахыг хичээнэ. Намайг “миний хүү зөөлөн гартай” гэж магтаад толгойгоо бариулах дуртай. Шагналд нь шар модон авдраасаа жимбийтэл боож хадгалсан чихэр, печень гаргаж өгнө. Хөөрхий, миний өвөө намайг эцэг хүний хайраар дутаалгүй өсгөж, аавын минь оронд аав болсон байтал нэрийг нь ч мэдэхгүй тэр нэг “төрсөн аав” гэгчийг бодож цагаа дэмий үрж байсандаа харамсмаар.

…Есдүгээр сарын 23-нд хичээлээ тараад сурсан зангаараа өвөө, эмээ рүүгээ тэмүүлж Хонгорын авто зогсоол дээр буутал ээж, хойд эцэг хоёр Соёлын төвийн урд сандал дээр сууж байна. Ээжтэй уулзаагүй удсан, царай зүс нь ядрангуй харагдав. “Энэ хоёр энд юугаа хийж байгаа юм бол, намайг Салхит руу авч явахаар хүлээж байгаа юм биш биз. Чадахгүй гэх юм шүү” хэмээн бодонгоо дэргэд нь очиж суулаа. Ээж мэнд мэдэхээс өөр нэг их юм хэлсэнгүй, хачин дуугүй. Хойд эцэг тамхиа татаж дуусаад ишийг нь хол нясалсанаа хахир зэвүүн хоолойгоороо “Өвөө чинь үхчихсэн”.

Энэ мэт эмзэглэж явдаг дурсамжуудаа Оюук, Ганаа хоёрт уудалж суулаа. Нулимсаа архиар даруулна. Сэтгэлээ онгойлгох найзуудтайдаа баярлана. Хүний сэтгэлийн шархыг цаг хугацаа л эмчилдэг. Харин итгэж найддаг хүмүүстээ дотроо нээж байвал эдгэрэх хугацаа нь түргэсдэг юм билээ. Муу муухай дурсамжуудыг зөвхөн өөртөө нуугаад, идээ бээр мэт буглуулаад байвал хэзээ ч салж чадахгүй, насанд туршдаа өнгөрсөн хар бараан дурсамжуудынхаа боол нь болж амьдрах болно.

Гэнэт ухаан орох шиг байртай болсоноосоо хойш очилгүй хоёр хоносоноо санав. Нямка мессэж бичиж байсан ч ажил оройтож тараад, хотын төв хавиар аргалж хоног төөрүүлээд байсан. “Хүүе ээ, би чинь нээрээ орох оронтой хүн шүү. Өнөөдөр заавал гэртээ харьж хононо оо” хэмээн нөгөө хоёрыгоо сандаргасаар автобусны буудал хүрч микро хүлээв. Цаг орой болоод автобус зогсчихсон, Амгалан руу явахын тулд гурав дамжих хэрэгтэй. Явна л гэсэн бол явна гэж зөрүүдэлсээр офицеруудын ордон руу микронд сууж, тэндээсээ цааш такси барьсаар шөнийн хоёр цаг өнгөрч байхад гэрийн бараа харлаа даа.

Нямка ороо засчихсан, өрөө тэр чигээрээ тухтай, овоо айл шиг харагдаж байна. Ширээн дээр хэдэн аяга халбага хүртэл гаргаад тавьчихаж. Надад ганц хар цүнхтэй хувцаснаас өөр өмч ямар байх биш, өнөө цүнхээ өрөөний мухарт олж харав. За болоо болоо. “Хамтдаа нэг оронд унтахаас өөр аргагүй нь дээ, зүгээр үү” гэтэл Нямка “Зүгээр байлгүй яах вэ, хажуугаар орж ирээд хэвт л дээ”.

Хана, тааз согтуу нүдэнд гуйвж харагдаад дотор муухай, хэрэг алга. Ийш тийш хэсэг хөрвөөлөө. Нямка чимээгүй хэвтэж байсанаа араас тэврээд авав. Бие зарсхийгээд, олигтой хэдэн үг сольж үзээгүй шахуу залуу шүү дээ энэ чинь одоо ч гэж бодогдох шиг. Тэгсэн мань хүн үргэлжлүүлээд хамаг бие илж таалаад эхэлж байна. Би ч гэж би, архиныхаа халуунд дургүйцэж маягласангүй. Нэг гэрт амьдарч байгаа гэж бодохоор хэзээний танил хүмүүс шиг, тэгээд ч дажгүй залуу шүү дээ гэж бодоод,

-Чи аль талдаа вэ?

-Актив.

Өглөө нь архи гарчихсан сэрсэнийг ч хэлэх үү, нүүр рүү нь эгцэлж харж чаддаггүй ээ. “Ёоо, аль талдаа вэ гэж асууж байгаад л унтчихдаг, дүүрчихсэн толгой юмаа би”. Хамаг буруугаа архинд өгөнгөө ажил руу яаран хувцаслаж байтал Нямка “Хайр аа, явах гэж байгаа юм уу, цайгаа уугаад гараарай” гэсэн нь толгой руу дэлсээд авах шиг л сонсогдов. “Пээш, юу гэчихэв ээ, эрэгтэй хүнээр хайр аа гэж дуудуулах чинь ямар балай сонсогддог юм бэ”. Ичингүйрч тэвдэхдээ,

-Тийм ээ, нэлээд хоцорч очих нь ээ.

-Орой ирж хоноорой за, хайр аа.

Өдөржин ажил дээр бодох юмтай өнжив. Уг нь сексийн сонирхол таарч байгаа юм чинь хамт амьдрангаа хэрэгцээгээ хангаад байж болох л юм. Гэхдээ юун хайр энэ тэр дээрээ тулчихав аа, солиотой хог вэ. За энэ ч яахав гэхэд дургүй хүнтэй нь хамтран байр хөлсөлж, секс хүртэл хийчихсэн нь найзаасаа нүүр буруулсанаас өөрцгүй санагдаад ерөөсөө Ганаад хэлэхээр шийдэн цайны цагаараа уулзав. Ганаа,

-Өчигдөр бүр тасарчихсан байна лээ ш дээ. Чи гайгүй явж хүрсэн үү?

-Харин тийм ээ, арай их уусан байсан. Будилж будилж нэг юм гэрээ олж очсон шүү. Ашгүй Нямка унтаагүй байж таараад хаалга нээж өгсөн.

-Юун Нямка? Ганцаараа хөлсөлж байгаа биз дээ?

-Нямкатай хамт ш дээ…

-Юу???

-Өчигдөр манарчихсан хүн очоод цаадахтай чинь секс хийчихсэн гэвэл яахуу?

-Өө маая гааад !!!

Ганаагаас “Нямка гэж хэн бэ?” сэдэвтэй бүхэл бүтэн илтгэл сонслоо доо. “Гей хүрээнд орж ирээд удсан залуу. Аягүй замбараагүй, сексчин. Унтаж үзээгүй хүн ховор. Гей залуучууд Нямкад дургүй, түүнтэй найзлавал чи ч гэсэн нэр хүндгүй болно. Урьд нь байр хөлслөөд, түүндээ гомо нарыг хонуулж өнжүүлж шоуддаг байсан юм. Би ч Нямкатай үерхэж байсан” гэснээ,

-Тиймээс миний найз одоо эртхэн боль за юу.

-За за, чи юун аймаар юм бэ. Үерхэж байсанаа ядаж хэлчихгүй.

Ганаагийн хэлсэн үнэн байвал Ганзогоос хойш хүн амьтантай унтаж хэвтэлгүй явсаар ямар хүн олоод нөхцчихөө вэ гэж бодох. Гэвч үнэхээр тийм муу хүн мөн ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Өөрийнхөөрөө л таньж мэдье.

Орой нь гэрийнхээ зүг эртхэн хөдлөв. Ажлын эгч нар “овоо доо чи минь, орох оронтой болоо юу?”.