Тав

Тав

Баяр ахын хэрэглэдэггүй хуучин утсыг нь дугаартай нь хамт түр хэрэглэхээр зээлж аваад цагаачийн байр руугаа явлаа. “Ганцаараа явж чадна биз дээ, төөрвөл залгаарай” гэхээр нь “чадалгүй яахав” гэчихсэн. Амстердамаас Утрехт руу, Утрехтээс гэр рүүгээ хүртэлх замд хэд хэдэн нийтийн тээвэр солих хэрэгтэй болж таарав. Уг нь хэрэндээ хичээгээд л, гэрээ олж очно гэдэгтээ тун чиг итгэлтэй явтал нэг л биш дэг ээ. Буруу л яваад байх шиг, таньж мэдэхгүй байшин барилга, орчин харагдсаар эцэстээ төөрсөн минь гарцаагүй болов. Трэмнээс автобус руу, автобуснаас галт тэрэг рүү, галт тэрэгнээс буцаад трэм рүү, трэмнээсээ дахиад автобус руу гээд л сольж суусан олон нийтийн тээврийнхээ дунд толгой эргэж л дээ, хөөрхий. “Соёлын шок”-ноосоо гараагүй яваа юм чинь аргагүй шүү дээ.

Ядахад нэрэлхүү зантай. Учраа өөрөө олж, гэрээ заавал өөрөө олоод очно гэж зөрүүдлээстэй. Ичээд Баяр ах руу залгасангүй. Хүмүүсээс зам асууж автобус сольж суусаар харуй бүрий болох алдад буух ёстой буудлынхаа бараатай золгож санаа амрав. Төөрч будилах зам зуураа үзэж хараагүй олон зүйлтэй таарсан болохоор паянтай хэрнээ үр дүнтэй аялал байсан ч юм шиг.

Ой модон дундуур хэд гурван цагаачдыг мөр даган алхсаар өрөөнийхөө барааг харлаа. Хүний хөл тасарсан хойно оройтож ирээд байхгүй л бол автобусны буудал руу нааш цааш холхих цагаачидтай ханьтай, айх аюулгүй байрандаа хүрээд байж болмоор юм. Сиймхий ч гэсэн гэр минь гэгчээр хоосон хөндий ч гэлээ өөрийн минь өрөө гэж бодохоор тухтай, өөрийнхөөрөө жаргалтай. Айл хэсч, найр наадам эргүүлсээр учиргүй ихээр ядарсанаа тэгэхэд л мэдэв. Ядаргаа тайлмаар сайхан шөл устай хоол хийж идээд унтъя гэтэл мах, ногоо хэрчих хутга, заазуурны аль нь ч байхгүй. Дэлгүүр ордог байж дээ. Маргааш л болохоос. Жижигхэн хөргөгчнөөсөө багахан юм олж идээд, дараа нь усанд орохоор нийтийн шүршүүрийг зорив.

Коридорт хана дагаад зогсчихсон гурав дөрвөн араб залуу хажуугаар нь зөрөхөд “Hey, sexy babe…” гэж сээтэгнэж байна. Балай амьтад вэ, шүршүүрнээс гарч ирэхэд байхгүй л байгаасай билээ гэхээс өөр юм бодсонгүй. Шүршүүрийнх нь өрөөний хаалганы түгжээ гүйцэд ажиллахгүй, баахан эргэлзэж зогсч байгаад аргагүйн эрхээр усанд орж авлаа. Гараад өрөө рүүгээ явах гэтэл өнөөх залуус эгээтэй л амдаж хүлээж зогссон янзтай элдэв янзаар исгэрээд л сүр дуулиан болов. Гуя хасаа гялалзуулсан нимгэн даашинзтай би коридорын нэг өнцөгөөс нөгөө өнцөг дэх өрөө рүүгээ таньж мэдэхгүй эрсийн харцанд булуулсаар хүрэх гэж замдаа бүдэрч унах нь холгүй юм боллоо. Усанд орох тоолонд ийм явдал давтагдвал хэцүүхэн л юм. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэж. Юун түрүүнд муу зүйл санаанд орж байгаа юм чинь. Цагаачийн газарт хүчингийн хэрэг энэ тэр гардаг гэж сонссон. Ой модон дундуур ганцаараа явдаг надад айж болгоомжилж, сэрэмжтэй явах нь өлзийтэй биз ээ.

Өглөө эрт цагаачийн газрынхаа захиргааны өрөөнд очиж бүртгэлээ өгөв. Үүдэнд нь дүүрэн цагаачид ээлж дарааллаараа бүртгүүлээд гарч ирж байлаа. Эгнээн дунд нь ороод зогсчихсон. Мэдэхгүй төрөл төрлийн хэлээр хоорондоо ярьж “энэ хүүхэн энд юу хийж байгаа юм” гээд байх шиг харцаар харна. Навсайж нэвсийсэн хувцастай, ихэнхи нь хүүхдээ тэвэрчихсэн, зарим нь бүр хоёр гурван хүүхдээ дагуулсан эмэгтэйчүүд. Царай алдчихсан, хөөрхийс өчнөөн зовлон туулж, зүдэрч яваа нь харахад л ойлгомжтой. Тэдний дунд би гэдэг хүн тэмээнээс тэмдэгтэй байлгүй яах вэ. Өөрийгөө дээрээс доошоо гүйлгэж хараад нуугдмаар л санагдав. Хар өвлийн хүйтэнд шилэн трико, богино юбкатай. Жижиг савхин хүрэмнийхээ дотуур өмссөн нимгэн ноосон цамц нь л хүний нүдэнд овоо дулаахан харагдвал харагдах юм даа. Бусдаар гэвэл гариг андуураад явж байгаа юм шиг л. Даанч дурандаа тийм хувцас хунартай яваагүйг минь тэд яаж ойлгох вэ. Байгаа хувцас маань л тэр. Өвлийн дулаан хувцас авъя гэсэн ч мөнгөгүй. Яваандаа мөнгө төгрөгтэй болвол угаасаа өдөр тутамд өмсөх энгийн даруухан хувцаснаас өгсүүлээд нүүрний будаг хүртэлх авах хэрэгтэй зүйлс асар их байна. Уртаашаа гурван ээлжийн л хувцастай явна даа, одоохондоо.

Дөнгөж ирчихээд ажил төрөл асууж, мөнгө олмоор байна гэж гомдоллоод байж бас болохгүй ээ. Ямар шалтгаанаар, яагаад ирсэн билээ, энд. Эдийн засгийн сонирхолтой, хөлжиж мөнгөжих далд санаатайгаар ирсэн мэт сэтгэгдэл төрүүлж хэрхэвч болохгүй. Бүгдийг ном журмынх нь дагуу мөрдөж явбал ирээдүйд минь өлзийтэй. Монголчууд цагаач хүсмэгцээ хажуугаар нь хар бороор ажил хийдэг гэсэн. Гэхдээ тэглээ гээд би тэднийг дууриах албагүй. Тэр хүмүүсийн зорилго нь хэдэн төгрөг цуглуулаад нутаг руугаа буцах. Харин надад буцах сонголт үгүй, энэ улсын иргэн болохоор ирээд байгаа нь энэ шүү дээ. Тусламжийн гараа сунгаад, халуун дулаанаар угтан авч байхад нь гар бариад бугуй барина гэгчээр хууль бусаар ажиллаж, хууль бусаар мөнгө хураах шунахай зан надад байхгүй. Үнэн мөнөөрөө явсаар дуусах минь.

Ажил гэснээс, Баяр ахыг айл цэвэрлэдэг гэхээр нь асуулаа. Яг ч айл цэвэрлэдэг гээгүй юмаа, анхандаа. Та юу хийдэг юм бэ гэсэн чинь “хоккейчин” гээд байсан. Нуруулаг, царайлаг гоё залуу болохоор нь нээрээ л хоккей тоглодог юм байх даа гэж бодоод өнгөртөл шал угааж, тоос соруулж гүйдэгээ наргиан болгон ярьж байж л дээ. Гэнэн байгаа юм шүү, би. “Аан тийм үү” гээд л шууд итгэчихдэг.

-Роттердамын монголчууд айл цэвэрлэдэг үү?

-Яасан, өөрсдөө тэгж байна уу?

-Үгүй л дээ, өглөө эрт ажилдаа гарна гээд байхаар нь та нар ямар ажил хийдэг юм бэ гэтэл дуугарахгүй байна лээ.

-Хэхэ, Роттердамын монголчуудын ихэнхи нь хулгай хийж мөнгө олдог ш дээ. Ер нь зөвхөн Роттердамын гэлтгүй, Недерландад амьдардаг монголчуудын дийлэнхи нь хулгай л хийж байгаа. Бичиг баримт, амьдрах эрхтэй хүмүүс өөр л дөө.

-Хөөх, тийм үү. Юу хулгай хийх үү?

-Юм юм л хулгайлна даа. Гутал хувцас, үнэртэй ус, гоо сайхны бараа…Хүнсээ хүртэл хулгайлна ш дээ.

-Хүнсээ хулгайлах ий? Супермаркетаас уу?

-Тийм ээ, өвөртлөөд л гарчихдаг гэсэн.

-Паах яанаа! Дэлгүүрүүд нь үүдэндээ хамгаалалтын системтэй, хувцаснууд дээр нь дохиолол наалттай байдаг юм байна лээ ш дээ. Эртээд би Болд ахыг хүлээж зогсохдоо Утрехтын дэлгүүрүүдээр хальт орж сонирхсон юм.

-Аанхаа, дохиололуудыг нь салгана шүү дээ. Тусгай цүнх энэ тэр ч байдаг гэсээн.

-Тийм үү, тэгээд баригдахгүй юу?

-Баригдана, баригдана. За Энхриймаа минь чи энд амьдрах эрхээ аваад ирсэн хүн. Цаад хулгай хийдэг монголчуудаасаа хол яваарай даа. Хамт дэлгүүр орох дэмий л болов уу. Хулгай хийсэн нь баригдвал чи ямар ч буруугүй байлаа гэсэн хам хэрэгтэн болоод шоронд орно шүү. Тэгээд нөгөө амьдрах эрх мэрх чинь будаа болно. Өө, энэ монгол нь хулгай хийгээд, энэ монгол нь хулгай хийгээгүй юм байна гэхгүй. Адилхан монгол хүмүүс, адилхан хулгайчид гээд л баривчлаад явна. Гэм зэмгүй хэрнээ хам хэрэгтэн болоод, бичиг баримтаа цуцлуулж хохирсон тохиолдлууд бий шүү.

-Ямар аймаар юм бэ. Хулгайлсан юмаа тэд нар яах уу, яаж борлуулах уу?

-Худалдаж авдаг сүлжээ цаана нь байгаа.

“Болгоомжтой яваарай” гэж захиад байхад нь л өөрөө хулгай хийхээр төлөвлөөд байгаа юм шиг баахан юм асууж шалгаав. Миний энэ сониуч занг уу! Гэвч өмнө нь монголчуудыг хулгай хийдэг гэж үнэхээр зүүдлээ ч үгүй байсаан. Эдэлж хэрэглэж байгаа нь үнэтэй, ам л ангайвал брэнд ярьчих гэсэн ганган хүмүүс ийм учиртай байсан юм бий вий.

Гайхах ч юу байхав. Дутагдах, гачигдах юмгүй хангалуун сайхан амьдралтайдаа л хулгай хийв гэж дээ. Арга мухардсандаа л тиймэрхүү байдлаар ч болов хэдэн төгрөг олоод буцахыг хүсдэг биз ээ. Уулзаад, яриаг нь сонсч байхад монголдоо байр орон сууцаа барьцаанд тавиад ирчихсэн хүмүүс, өр нь нэхэгдээд нойр нь ч хүрдэггүй гэх мэтчилэн хэцүүхэн л сонсогдож байсан. Дээр нь ар гэрийнхэн нь тувтан мөнгө нэхээстэй. Энд амьдарч байгаа хэд нь мөнгө тарьж ургуулдаг юм шиг л. Гадаадад амьдардаг гэхээр хахаж цацах дөхсөн баян хүмүүс байдаг гэсэн ойлголттой. Тэгтэл эндээс эд нар нь шорон оронд орох хүртлээ өөрийгөө гаргуунд хаяж байж хэдэн евро явуулдаг байх нь.

Бүртгэлээ өгч гарч ирээд товлосон ёсоор эмчтэй уулзав. Гормоноо захиалсан байсан юм. Мэргэжлийн үг хэллэг хэрэглэх учраас эмнэлгийн уулзалтыг орчуулгатай хийсэн нь дээр гээд эмч маань утасны орчуулагч захиалжээ. Харилцуурын цаанаас танихгүй монгол эмэгтэй орчуулга хийлээ. Угтаа гормоныг хэрэглэмээр байна гэсэн хүн бүрт нь олгоод байдаггүй ч миний хувьд Хонг Конг-д байхаасаа хэрэглэсэн, нэгэнт эхлүүлсэн эмчилгээг таслах боломжгүй байгаа гэдэг үндэслэлээр гормон үргэлжлүүлэн өгөхийг зөвшөөрч байгаагаа онцлов. Недерландад эмийн сангууд нь эмчийн бичиггүйгээр эм олгодоггүй. Тиймээс трансжендэр эмэгтэйчүүд нь дураараа энд тэндээс гормон худалдан авч хэрэглэх боломжгүй. Нэгдсэн эмнэлэг дотроо Жендэрийн тасагтай, заавал тэнд бүртгүүлж, мэргэжлийн эмч нарын зөвшөөрөлтэйгээр гормоны эмчилгээг эхлүүлдэг гэнэ.

Мөн “Би трансжендэр эмэгтэй” гэж хэлээд очсон хүн бүрийг “Аан за, тийм байна. Май, энэ гормон чинь” гээд бүртгээд авчихдаггүй талаар тайлбарлаж ярилаа. Нарийн үе шаттайгаар явагддаг юм байна. Жишээ нь, Жендэрийн тасаг нь тусгай мэргэжлийн сэтгэл зүйчидтэй, трансжендэр эмэгтэйчүүд юун түрүүнд сэтгэл зүйчийн ярилцлаганд орж үнэхээр трансжендэр мөн эсэхээ тогтоолгож байж гормоны эмчилгээ хийлгэх эрхтэй болдог аж. Сэтгэл зүйчийн ярилцлага нь доод тал нь жил хагасын хугацаанд үргэлжилнэ.

Надад харин аз таарчээ. Аз ч гэж дээ, Хонг Конг-ын хар захаас хууль бусаар гормон худалдаж авч уусан нь сайн хэрэг болж таарахыг яахан мэдэх вэ. Хэрэв тэнд байхдаа тийм эрсдэлтэй атлаа зоригтой шийдвэр гаргаагүй бол гормоны эмчилгээгээ эхлүүлтлээ энд өчнөөн удаан хүлээх нь байж шүү дээ.

Юутай ч эмч намайг Нэгдсэн эмнэлгийн Жендэрийн тасагт заавал бүртгүүлж, хүйсийн шилжилтээ мэргэжлийн эмч нарын асаргаа хяналт дор үргэлжлүүлэхийг, тэдэн рүү хувийн зүгээсээ захиа илгээж буй байдлыг минь тайлбарласан гэдгээ хэллээ. Хариу захиа ирж, эмчлүүлэгчээр албан ёсоор бүртгүүлэх ярилцлаганд дуудтал нь нэлээд удах байх, гормоноо уугаад тэвчээртэй хүлээж байгаарай гэсэн.