Тав

Тав

Залуус эрүүл мэндийн төв дээр очсоноос хойш бараг жил гаруйн хугацаанд гей амьдралаас зайгаа барьж, зарим нэг хүмүүстэй хаа нэгтээ чатлах, мэр сэр танилцъя гэсэн утасны дуудлага, мессэжэнд нь хариулах төдий л харилцаа холбоотой байв.

Ажил ихтэй. Гол нь их сургуулиа төгсөхөөс урьтаж олны танил хүмүүстэй хийсэн ярилцлагуудаа эмхэтгэн ном бүтээх санаатай эртнээс гүйсээр, тэр хүсэлдээ хүрч “Өчигдөр” нэртэй анхны номоо өлгийдөв. Хүний наймааны эсрэг асуудал хөндсөн нийтлэлүүдээрээ “Үнэн” сониныхоо “Оны шилдэг”-ийн шагналыг авч, Нийслэлийн шилдэг залуу алтан медалиар энгэрээ мялаасан гэхчилэн баяр дээр баяр нэмсэн үйл явдлууд ч давхцаж, хувийн амьдралаас илүү ажил төрөл маань ид цэцэглэж байлаа.

Зун нь сурвалжлагаар Н.Энхбаяр ерөнхийлөгчийг дагалдаж Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудаар зочлох боломж олдсон нь залуу хүний хувьд олзуурхууштай завшаан байв. Эх орныхоо дөрөвний нэгийг ерөнхийлөгчийн ажлын багын бүрэлдэхүүнд багтаж туулна гэдэг хэдхэн жилийн өмнө бол дэндүү хол сонсогдох байсан даа.

Хөдөө өвөө эмээгийндээ, ах эгч нарын “ерөнхийлөгчийн цуваа явж байна” гэх дуулиант хашгираанаар том том жийп машинуудынх нь нууцлаг хар цонхны цаанаас хэн нэгэн намайг олж харах юм шиг гараа даллан дагаж гүйдэг байсан томоогүй жаахан нас ард хоцорчээ. Өөрөө тэр “ер бусын” мэт санагддаг байсан цонхныхоо араас амьдралыг тольдоно чинээ санаанд бууж байсангүй.

Бодох нь ээ, өөрийнхөө хүслээр амьдарч чадахгүй нь хоолой боомилохтой адил боловч амьдралын таашаал гээчийг би дуртай ажлаа хийхээс, ажлынхаа шугамаар олон гайхалтай хүмүүстэй уулзаж, газар нутаг үзэхээс мэдэрч байжээ /өөрийнхөө хүслээр амьдрах гэдгийг нөгөө л хүйсийн илэрхийлэмжтэйгээ холбож хэрэглээд байгаа юм шүү. Гэвч энэ үед өөрийгөө гей гэж бодож байсан учир “хүйсийн илэрхийлэмж” бус “бэлгийн чиг баримжаа” гэе/. Тиймээс өнөөдөр өөрт байгаа бүхнээрээ дэнчин тавиад бэлгийн чиг баримжаагаа ил тод зарлах уу, эсвэл сэтгэлээ нэгмөсөн цагдаж хориод ажил үйлсээ нэр цэвэр үргэлжлүүлэх үү гэсэн хоёрхон сонголт л байдаг байв. Ажиллаад, амжилт гаргалаа гээд би бүтэн жаргалтай байж чадаж байна уу, мэдээж үгүй. Тэгвэл яриад, үглээд байгаа шигээ өөрийнхөө хүслээр амьдраад, түүнийхээ төлөө ажил төрөлөө алдвал аз жаргалтай болох юм гэж үү. Үгүй шүү дээ. Тийм ч учраас илүү жаргах тухай энд ярьмааргүй байна. Өөрийнхөө хүслээр амьдарлаа гээд илүү жаргал надад ирэхгүй, бас дутуу зовохгүй нь үнэн. Харин жирийн нэгэн Батаа, Долгор хоёр Батаа, Долгор гэдгээ нуудаггүй шиг, хэн бэ гэдгээ хэлэхдээ айж ичдэггүй шиг тийм энгийн хэрнээ юу юунаас эрхэм зүйл хүний амьдралд байдаг юм байна. Тэр нь хэзээд “Би”-дээ үнэнч байх! Эцсийн эцэст би хэний төлөө амьдарч байгаа юм бэ. Ажил төрөл тэртээ тэргүй мөнх биш. Хөгшрөөд, хэрэгцээнээс гарах өдөр ирнэ. Гэвч тийм өдөр ирэхэд өөрөөсөө нүүр буруулж, хэн бэ гэдгээ хэлэхээс нүүр улайн амьдарчихаад өөрийгөө амьдарсан гэх үү, сайхан амьдарлаа даа гэх үү.

Саяхан л монголын гей залуусын тухай сонсч, холбоо тогтоож, шөнө нь нойр хүрэхгүй шахам догдлон байсан сан. Уулзлаа, ярилцлаа, унтаж хэвтэж ч үзлээ. Үлгэрт гардагаар бол ингээд амар сайхандаа жаргах тийшээ хандмаар. Гэтэл сэтгэлд нэг л зүйл үгүйлэгдээд, нэг л зүйл дутуу юм шиг этгээд мэдрэмж төрсөн хэвээрээ. Улам цаашилж дахин нэг учир битүүлэг хаалгыг олж нээх ёстой юм шиг. Тэнд л миний жинхэнэ амьдрал, хувь тавилан хоёр түгжээтэй байгаа юм шиг. Тиймдээ ч гей амьдрал руу гуяа алгадан гүйсэнгүй, гей залуус ч эр хүнийхээ хувьд сэтгэлд хүрэхгүй, юу болоод байгааг, юу хүсээд байгаагаа үл ойлгон мухардсаар.

Бага байхаасаа л би хааяа хүүхдүүдтэй айл гэр болж тоглохоороо заавал ээж нь болно гэж зөрүүдэлдэг, ганган даашинзны мөрөөсөл болохдоо орны даавуу, бүтээлгээр ч болтугай биеэ ороож баясдаг элдэвтэй хүүхэд байв. Ээжийн нүдийг хариулж байгаад туфлийг нь углаад гараад гүйчихдэг, нүүрний будаг шунх руу нь байнга л харцаа чулуудна. Сургуульд ортлоо урт үстэй байсных, үсээ янз бүрээр самнуулж, капрон зүүлгэнэ. Ямар сайндаа нэгдүгээр ангид орох гээд үсээ халимаг болгуулчихсан, ээжтэй хөтлөлцөөд явж байхад таарсан хүмүүс “хүүе ээ, танай хүүхэд чинь охин байсан биз дээ” гэж асуугаад байсан гэдэг. Иймэрхүү миний талаарх гэр бүлийн дурсамжууд олон бий.

Шилжилтийн насан дээр үеийн охид хөвгүүд нэгнээ шохоорхож, захиагаар харилцаад л, тэгэхэд юутай ихээр ганцаарддаг байв даа. Би охидыг сонирхохгүй, хөвгүүд намайг сонирхохгүй, яагаад би бусдаас ийм өөр юм бэ гэж гайхах, орчноос улам тусгаарлагдах. Болдог бол эмэгтэй хүн болчихмоор байтал бие хаа минь эрэгтэй төрчихсөн. Энэ юун мэдрэмж вэ, энэ ер нь юу юм бэ, би хэн юм бэ?! Түмэн асуулт толгой эргүүлнэ. Сургууль дээр шоглуулж элэглүүлсээр гэртээ ирэхэд архичин хойд эцэг маань ихэвчлэн согтуу угтаж “хүүхэн шиг царайлчихаад” гээд л нэмж дарамтална. Хүн харж байхад хувцасаа сольж чаддаггүй, охид шиг цээжээ дарж нуудаг ичимхий хүүхэд байлаа л даа. Хойд эцэг тэрэнд маань дургүй. “Пизда минь чи наад шүүгээнийхээ цаана юугаа хийгээд байгаа юм бэ, хүүхэн шиг маяглаад” гэж хоолой мэдэн орилоод заавал өөрийг нь харж байхад хувцасаа солихыг тулгана. Ээж өглөө ажилдаа яваад үдшийн бүрийгээс нааш гэрийн бараа харахгүй тул өдрийн турш өмөөрч хамгаалах ч хүнгүй, үгийн муухайд сэтгэлээ сэмлүүлнэ. Амиа хорлоод үхчихмээр санагдаж гэдсэн дээрээ хайч барин зогссон өдрүүд ч байсаан.

Хос бэлэг эрхтэнтэй хүнийг манин гэдэг гэсэн, хүмүүсийн доромжлоод байгаа шиг манин болоод төрчихсөн бол амар байхгүй хэмээн юу бодогдоно. Даанч тиймгүй. Эрэгтэй хүнд татагддагаа бодохоор “гомо гэдэг нь л би юм байлгүй” гэж өөрийгөө ямар нэгэн нэр томъёонд хамааруулж, бусдаас өөр байх мэдрэмжээсээ ангижрахыг хичээсээр ашгүй нэг л мэдэхэд нийслэл хот, их сургууль, ажил хөдөлмөртэй золгосон доо.

Амьдралаас уг нь илүү юуг ч хүсээгүй юмсан. Бусдын мэдэрдгийг л мэдэрч, хайрлаж, хайрлуулж, бусдын л адил өөрийнхөөрөө хүлээн зөвшөөрөгдөж, энгийн тайван амьдрахыг л мөрөөднө. Тийм байтал арайхийн учиран золгосон гей ертөнц хүртэл цаанаа л нэг өөриймсөг бус, харийнх юм шиг, хүнийх юм шиг хол хөндий. Тэгсэн атлаа өдөржин ажиллаж гэртээ ирээд өөрийгөө миссийн тэмцээний тайзан дээр буй мэтээр төсөөлөн толины өмнө дураараа аальгүйтэх нь жаргал, бие хаа амрах шиг. Чухам тэр мөчид л жинхэнэ “би”-гээрээ байж чадаж байх шиг. Хэрэв би гей юм бол яагаад тэднээс ийм өөр байгаа юм бэ, гей ертөнцөд хамаарахгүй гэвэл өөр хаана би хамааралтай байж таарах вэ. Дахиад л бөөн төөрөгдөл.