Хонг Конг-д бичсэн тэмдэглэлүүдээс

Хонг Конг-д бичсэн тэмдэглэлүүдээс

18.04.2010

Сайн уу, тэмдэглэлийн дэвтэр минь.

Чи бид яг одоо Хонг Конг чиглэлийн хурдан галт тэргэнд явж байна. Өдрийн 13.08 цагт Бээжингээс хөдөлсөн. Улаанбаатараас Эрээн хот, Эрээнээс Бээжин, Бээжинд галт тэрэгээ хүлээж өнжсөн хоёр өдөр гэх мэт. Өөрийнхөө хайрладаг, өөрийг минь хайрладаг тэр олон хүнээс энэ удаа алхам алхамаар бус харин хил хилээр алслан холдож байгаа нь юутай их уй гашуу, ямар их сэтгэлийн зовлон бэ.

Өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрөөрөө оршин байхыг хүссэнийхээ төлөө “минийх” гэх бүхнээсээ сэтгэлээрээ холдсон нь багадаад байсан бололтой. Одоо бүр ингээд биеэрээ цөллөгдөж яваадаа итгэж өгөхгүй юм. Шударга биш байна гэж үү. Уйлаад л, уйлаад л баймаар санагдавч тэр нулимс нь ч нүүрээ буруулжээ.

Дөрөвдүгээр сарын 15-нд монголоос гарсан. Хэнд ч хэрэггүй амьтан болчихсон мэт ямар муухай хоосон мэдрэмж төрсөн гээч. Бүр жаахан байхаасаа л угтуулж үдүүлсэн “Улаанбаатар өртөө”, өглөө эртийн чийглэг, цэнгэг агаар, сүү “бөөндөж” зогсох эгч нарын танил дүр зураг…Энэ нь ийм, тэр нь тийм гэж ялгалгүй хамгийн сүүлд харж буй бүхий л зураглалаа чадвал үнэр, чимээтэй нь хамт тэр л чигээр нь сэтгэл дотроо нандигнан хадгалаад хэзээ нэгэн өдөр “Сайн байна уу, Улаанбаатар минь” гэсээр буцан ирнэ гэдэгтээ итгэж зогссон доо.

Урьд орой нь ээж рүү мессэж бичиж, явахаар болсоноо хэлсэн ч санаанд оромгүй хариу хүлээн аваад ёстой л нэг нүднийхээ өрмийг ширгэх дөхтөл уйлж авсан. Намайг ингээд яваад өгнө чинээ бодоогүй ээжийн минь буруу ч гэж юу байх вэ дээ.

Ярьж чадахгүй байх, тийм сэтгэлийн хат надад байхгүй байх гэж эмээж байсан ч эцсийн мөчид эмээтэйгээ утсаар ярьж авсан минь одоо ийнхүү тэмдэглэлээ бичин суух хэмжээний эрч энергийг надад бэлэглэсэн юм уу даа. Миний эмээ, хайртай эмээ минь, ухаалаг хөөрхөн эмээ минь…Таныгаа би ямар их санаж байна аа. Явахаасаа өмнө уулзаж суугаад, таныхаа чанасан сайхан цайг ханатлаа ууж авахыг хүсч байсан сан. Тэгж чадаагүйд минь уучлаарай. Та минь миний бурхан, Та минь миний “юм бүхэн”. Сайн сууж байгаарай.

“Миний хүү хаана амьдарвал аз жаргалтай байх юм шиг санагдаж байна, тэндээ л амьдар. Юу хийвэл баяр хөөрөөр дүүрэн амьдарна гэж бодогдож байна, түүнийгээ л хий. Эмээ нь яахав ээ, хүүгээ эргээд ирэхэд эсэн мэнд л сууж байвал болох нь тэр” хэмээх эмээгийн минь үг. Ийм гайхалтай эмээтэй юм чинь алзахгүй ээ, би.

Одоо өөдрөг бай!