Хоёр

Хоёр

Хоол хийж идэх гэтэл сав суулга, халбага сэрээнээс эхлээд гал тогооны хэрэгсэл юу ч байхгүй, бэлэн юм идчихээд хоносон. Өглөө нь хариуцсан хүн дээрээ дахиад очтол хайрцагтай цоо шинэ сав суулганы ком гаргаж өгөнгөө “Недерланд хэлээс монгол руу орчуулга хийх хүн өдөр ирнэ. Өрөөндөө бэлэн сууж байгаарай” гэв. Цагаачийн газрын дүрэм журам гэхчилэн нарийн ширийн зүйлсийн талаар мэдээлэл өгөх юм байна.

Хутга олдсонгүй, аяга ч үгүй. 55 евроноос үлдсэн мөнгөөрөө хямдхан аяга таваг, хутга юм уу томхон заазуур олж авсан нь дээр бололтой. Тийм ч юм байхгүй, ийм ч юм байхгүй гээд амар тайван суулгахгүй байгаадаа нэрэлхэнэ. Гэхдээ цагаач бүр л адилхан байдаг байлгүй дээ. Гал тогоогоо нүүлгээд ирэх хүн байв л гэж.

Ямартаа ч монгол хүн ирж орчуулга хийнэ гэхээр нь амьхандаа өрөөгөө цэвэрлэж, аятайхан хувцас хунараа өмсчихөөд л хүлээгээд байлаа. Товлосон ёсоор орчуулагч ч ирэв. Недерландад ирсэнээс хойш уулзсан анхны монгол хүн. Дунд зэргийн нуруутай махлаг бор залуу. Овоо яриа хөөрөөтэй юм шиг санагдав. Янз бүрээр харж нүдээ лав эргэлдүүлсэнгүй.

Даваа гариг бүрт цагаачийн газарт нэрээ бүртгүүлж, бүртгэлийн хуудас дээр гарын үсэг зурах ёстой, цагаачийн байран дахь цагаачдаас өөр гадны хүн дотогш нэвтрүүлж өрөөндөө орогнуулж болохгүй гэх мэт заавал мөрдөх дүрэм олон байдаг аж. Мөн нийтийн интернэтэд өдөрт нэг цаг суух эрхтэйгээс гадна дотроо эмчтэй, тэндээс эрүүл мэндийн үйлчилгээ авч болох юм байна. Хонг Конгоос авч ирсэн гормон маань дуусах дөхсөн байсан болохоор эмчид хандаж, гормоны эмчилгээгээ үргэлжлүүлж болохыг сонсоод дотор онгойв.

Үүнээс гадна бичиг баримтанд хэрэглэх цээж зурагаа даруйхан өгөхийг санууллаа. “Эмэгтэй дүрээрээ зурагаа авахуулаад өгч болно биз дээ” гэтэл нүдээ томруулж харсанаа “Юу гэсэн үг вэ? Одоо байгаа энэ дүрээ буулгасан зураг байхад л хангалттай” гэхэд нь нээрээ энэ хүмүүс намайг Оюунаа гэдгээс өөрөөр мэдэхгүй шүү дээ, өнгөрсөн цаг дээр хэн байсныг минь хараагүй, цаашид харах ч үгүй гэдгийг санав. Анхнаасаа намайг эмэгтэй хүний хувиар хүлээж авбал бүх зүйл надад ч, бусдад ч ойлгоход хялбар байх болно гэж бодсон маань зөв байжээ.

Уулзалт дууссан хойно орчуулагч залуутай хэдэн хором үг солив.

-Ирээд удаж байна уу?

-Өчигдөр үүрээр ирсэн.

-Аан, таньдаг монгол хүн бий юу энд?

-Уг нь таньдаг хоёр хүн бий. Даанч би холбоо барих утасгүй, интернэт ч байхгүй. Наашаа ирсэнийг маань мэдээгүй байгаа байх аа.

-Хэн гэдэг хүмүүс вэ, монголчууд нэгнээ андахгүй талдаа шүү.

-Болд гээд нэг ах байгаа. Роттердам хотод амьдардаг гэсэн. Нөгөөх нь Баяр ах. Амстердамд байдаг гэж байсан.

-Тийм, тийм. Хэний тухай яриад байгааг чинь гадарлаж байна. Утсаар тэдэнтэй ярих хэрэгтэй юу? Би чамайг холбоод өгөх үү? Болдын дугаарыг хүнээс асуугаад залгаад өгье.

-Өө за юун сайн юм бэ. Ёстой их баярлалаа.

Ийнхүү орчуулагч залуу хоёр гурван монгол хүн рүү залгаж Болд ахын дугаарыг олоод залгав. Түүнтэй Хонг Конг-д байхдаа мессэнжэрээр танилцаж, холбоотой байсан юм. Блогын маань идэвхтэй уншигч, гей ах л даа. Баяр ах ч гэсэн гей. Нөхөртэйгээ хамт Амстердам хотод амьдардаг юм билээ.

Утасны цаанаас “Миний дүү Utrecht-ийн галт тэрэгний буудал дээр хүрээд ирвэл ах нь эндээс очоод тосоод авъя” хэмээн Болд ахыг хэлэхэд орчуулагч залуу “Тосоод авна гэж байгаа бол би чамайг Utrecht руу хүргээд өгье. Угаасаа дараагийн ажил маань тэнд товлогдсон байгаа” гэснээр хамаг зүйл захиалсан юм шиг л жин тан. Би ч хотын төв рүү явна гэж баясаад л, арван см-ийн өндөр өсгийтөө углаж аваад машинд нь суун явж өглөө. Зам зуур цонхоор орчноо ажиглахад юм бүхэн л сонирхолтой, шинэ сонин байв. Хаа сайгүй дугуйтай хүмүүс. Хөгшин залуу, хүүхэд багачуудаас эхлээд бүгдээрээ дугуйтай сүлжилдэнэ. Монголд байдаг шиг үнэтэй ганган машинууд, замын түгжрэл ер алга. Авто зам нь ч нүсэр том жийп машинууд зөрж давхилдаад байхаар зохицуулалттай тавигдаагүй юм байна. Харин замын хоёр талаар дугуйчид явах нарийн замтай, тэрүүгээр нь дугуйтай хүмүүс тасрахгүй.

Байшин барилгууд нь намхан байгаа шалтгаан нь Недерланд улс далайн төвшнөөс нам дор байрладагтай холбоотой. Нийт газар нутгийнх нь 50 орчим хувь нь л далайн төвшнөөс дөнгөж нэг метрийн өндөрт байрлана. Тиймээс өндөр барилга барихын тулд суурийг нь гүнзгий ухаж тавих боломж энд хязгаарлагдмал, юу юугүй ус гараад ирдэг гэнэ.

Яриан дундуур орчуулагч залуу “Аан чи нөгөө Энхриймаа юм байна ш дээ тээ. Нэрээ Оюунаа гэж хэлсэн болохоор чинь би өөр хүн юм байх гэж бодож байлаа. Би чиний талаар монголын сайтаас уншиж байсан шүү. Сонин хүнтэй ингэж таарна гэж санаанд орсонгүй”. Монголоосоо гараад удаж байгаа тул мэдээллээс ор тас хоцрохгүй гэсэндээ бараг өдөр бүр шахуу мэдээллийн сайтуудад зочилдогоо ярив. Хаа хол эндхийн монголчууд хүртэл миний тухай мэдээлэлтэй байна гэхээр хачин. Аягүй бол удахгүй Недерландад амьдарч байна гэнэ гээд бичих байх даа.

Дөчөөд минут яваад Utrecht хотын Central station дээр ирж орчуулагч залуудаа баярлаж талархсанаа илэрхийлээд саллаа. Томоо гэгчийн байгууламж дотор дэлгүүр, кафенаас өгсүүлээд байхгүй юм гэж байдаггүй юм байна. Галт тэрэгний, автобусны, таксины, дугуйны бүх зогсоол, парклах талбай нь ч тэндээ. Өдий наслахдаа тийм их дугуй нэг дор паркалсан байхыг хараагүй. Үнэхээр юм үзэж, нүд тайлна гэдэг нь л эхэлж байгаа шинжтэй дэг ээ.

Дотор нь ороод хүлээж байгаарай гэсэн болохоор дотогш оров. Арван см-ийн өсгийтэй гуталтай, динозавр шиг хүүхэн өөрийгөө супермодель мэтээр төсөөлөөд л алхаад байв. Хэн, яаж харж байна гэж анзаарах ч сөхөөгүй, анхаарал тэр чигтээ орчин тойрондоо ховсдуулчихсан. Тэгээд ер нь юу гэж байгааг нь ойлгохгүй, хэлийг нь мэдэхгүй байх амар ч юм уу. Хүн намайг муулсан ч муулж байгааг нь ойлгохгүй, сэтгэл амгалан, сэвтэхгүй.

Хүмүүсийнх нь хувцаслалт даруухан, биед эвтэйхэн, тухтай харагдах юм. Над шиг хиймэл үс, сормуус, өндөр өсгийт, улаан уруул, богино даашинзтай хүн алга. Залуухан охид бүсгүйчүүд нь ихэвчлэн biker boots буюу түрийтэй арьсан гутал эсвэл спорт загварын гутлыг богино хүрэм юм уу пальтотой хослуулан өмсч, хүзүүгээрээ зузаан ороолт зүүжээ. Нүүрээ будсан хүн ч ховор. Хувцасных нь өнгөний сонголт цаг агаараа дагасан янзтай завсарын, дулаахан өнгөнүүд зонхилно. Гял цал болсон хүн бараг байхгүй, тэр нь гэхдээ бүхэлдээ үнэтэй, чанартай харагдах юм. Чанар ханхална гэж ярьдаг даа, тийм стильтэй. Гэх мэтчилэн энгийн аятайхан эмэгтэй байх хүсэлтэй надад хэрхэн хувцаслах, нүүрээ хэрхэн цэвэрхэн будаж, шинэ орчин соёлыг өөртөө шингээх тал дээр суралцах зүйл их байгааг анзаарав. Энэ янзаараа “шөнийн охин” шиг дүр төрхтэй гунхаад байвал бусдын нүдэнд мэдлэг боловсролтой залуухан бүсгүй шиг харагдахгүй нь лавтай.

…Болд ах цагаа сайн барьлаа. Уулзмагцаа буцаад Роттердам чиглэлийн галт тэргэнд суув. Амьдардаг хотоо танилцуулах юм байх. Хот хоорондын галт тэрэг нь тухлаг, зай ихтэй, зорчигчид нь соёлтой үйлчлүүлнэ. Цаг хэртэй яваад Роттердамд ирцгээлээ. Утрехтыг /Utrecht/ бодвол орчин үеийн хот байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед болсон бөмбөгдөлтөөс болж сүйдээд, хожим шинээр барилга байгууламжууд баригдсан түүхтэй ажээ. Загвар интерьерийн шийдэл сайтай өндөр барилгууд олон.

Гей бааранд орж үзэх санал тавьсаных нь дагуу Болд ахтай хамт хотын төвд байрлах гей бааранд очив. Баар гэхээсээ илүүтэй жижигхэн кафе шиг. Гаднаа солонгын өнгөт бэлгэдэл бүхий тугаа өлгөчихсөн, хэн хүний нүдэнд ил, эрж хайж явах шаардлагагүй. “Хөөх, ингээд туг мугаа өлгөчихсөн байж байдаг юм бий вий” хэмээн уулга алдах би. Монголд гэтэл сард нэг удаа гей парти болох гэж яадаг билээ дээ. “Хаалттай парти” тодотголтой, нуугдаж зугтаад л. Болд ах,

-Энүүхэн ойролцоо өөр бас хоёр гурван гей баар байгаа. Хоёулаа эхэлж энд хэдэн пиво уучихаад тийшээ очиж үзэх үү?

-Өө за бүр өчнөөнөөрөө эгнээд байж байдаг юм уу? Ямар эрх чөлөөтэй гоё юм бэ.

Хуучин модон эдлэлүүдээр чимсэн цомхон бааранд барменээс нь өөр гурав дөрвөн залуу л байлаа. Хоорондоо ярилцаад завгүй. Бид ч пиво уунгаа хол ойрын сонин, аян замынхаа талаар ярих зүйл мундахгүй. “Удтал хоолойгоо засч ярьсаар сүүлдээ хоолой чилэх шиг. Яваандаа дасал болох биз ээ” гэдгээс авахуулаад би энд эмэгтэй хүний амьдралаа албан ёсоор эхлүүлсэнээ, дахин хэзээ ч эрэгтэй хувцас өмсч, эрэгтэй хүний дүрд тоглохгүйгээр сэтгэл шулуудсанаа ярьж, Болд ах дэргэд дэмжиж урам өгнө. Хонг Конг-д байхдаа мөрөөсөл болж байснаараа ёстой шавайгаа ханатал буу халлаа. Цаг ч орой болжээ.

-Хүүе ээ, буцах тийшээ хандахгүй бол балрах нь ээ. Хүний хөл тасраагүй байхад цагаачийн байраа бараадахгүй бол ой модон дундуур ганцаараа явж чадахгүй, сүнс зайлчих байх аа.

-Юун буцах вэ. Манайд хоноод маргааш нөгөөдрөөс яв л даа.

-Танайхаар дүүрэн монголчууд байгаа гэсэн биз дээ. Нөгөө Энхриймаа чинь энд явж байна гээд л бөөн хэл ам гарах байлгүй. Аягүй бол таныг ч хамаатуулаад муулах юм бил үү.

-За гайгүй ээ. Адилхан хүний нутагт амьдрах гэж явж байж арай тэгэхгүй байх аа.

-Нээрээ зүгээр гэж үү?

-Тийм ээ, сайхан танилцаад ярьж хөөрөхгүй юу, яадаг юм.