Хоёр

Хоёр

Болдоотой уулзсаны дараа нийтлэлээ бичээд хэвлүүлчихэв. Түүнээс олигтой шинэ зүйл олж сонсоогүй, юм асуухаар урдаас “тий ш дээ, байдаг ш дээ халдвартай хүмүүс” гэхээс хэтрээгүй. Харин нийтлэлдээ хэрэгтэй ганц чухал зүйл олж мэдсэн нь гей залуус тогтмол үзлэг шинжилгээнд хамрагддаг учраас ДОХ-ын халдвар тээж байгаа эсэх нь тогтоогддог бол гетеросекс хүмүүс энэ төрлийн шинжилгээнд хамрагдах нь ховор, тэдний дунд хэчнээн халдвар тээгч байгааг тогтоох хэцүү байдаг гэнэ. Яахав, монголчууд муу юм болохоор л нөгөө муусайн гомо нар гээд бүх бурууг чихчихдэг юм байна л даа, хөөрхий. Гэтэл бодит байдал дээр өнөө муу нэртэй гомо нар нь эрүүл мэнддээ илүүтэй анхаарч, нийгмийн амьдралд илүү хариуцлагатай оролцдог байх жишээний.

Миний амьдрал ч ажил, хичээл хоёрын дунд гүйсэн хэвээр, нэг хэвийн өрнөж байтал гэнэт л утас урьд өмнөхөөсөө завгүй байх болж, янз бүрийн дуу хоолойтой танихгүй залуус өдөр шөнийг ялгалгүй утасдах болов. Яахоо мессэнжэр рүү маань ч мессэж ирэх нь олширч би гэдэг хүн жигтэйхэн эрэлт хэрэгцээнд орчихов оо. Болдоо л миний утасны дугаарыг цааш тарааснаас гарцаагүй, өөрийгөө “ил тод байдаг цайрчихсан гомо” гээд байсан. Ийн таамаглах зуур ажил төрлийнхөн мэдчих вий, гадарлачих вий гэсэн айдас төрөх болж гадуур гарахдаа мессэнжэрээ заавал хааж, бусдын дэргэд утасны дуудлага хүлээн авахаас ч түгшинэ. Ядаж байхад ихэнхи нь мессэнжэр дээрээ солонгын өнгөтэй ижил хүйстний бэлгэдлээ юм уу эр бэлэг эрхтэн, нүцгэн шалдан залуусын зураг тавих дуртайг яана.

Заримдаа ажлын дундуур утас дуугарахаар нь бушуухан бие засах өрөөнд ороод,

-Байна уу, хэн бэ?

-Аан, өөртэй чинь танилцах гэсийн…

-Яах гэж?

-Яахав дээ, чамайг шөнөжин эдлий л даа…

-За тоглоод байгаарай, алий шүү.

Мэдээж болзоо товлож уулзаад, олон гей хүмүүстэй танилцаж, найзалж нөхөрлөх хүсэл хязгааргүй их байвч ямар хол замыг туулан байж өнөөдөрт хүрсэнээ бодохоор зүрхлэхгүй. Ижил хүйстэн гэдэг нэрийг энэ удаа дахиад зүүчихвэл бор зүрхээрээ бүтээн босгож буй бүхэн минь нуран унах вий гэдэг бодол үнэхээр аймшигтай.

Бүр эрт долдугаар ангийн сурагч байхдаа л би сэтгүүлч мэргэжлийг эзэмшихээр шийдэж, түүнээс хойш дунд сургуулиа төгсч, элсэлтийн шалгалт өгөх өдрийг бараг хуруу дарах шахам тоолсоор их сургуульдаа элсэн орж байлаа. Нэгдүгээр курстээ Ханын материалын эцэст байрлах хамаатныдаа амьдрахаар болж, троллейбусанд төлөх мөнгөгүй өчнөөн олон өдрүүдэд ч кондуктор эгч нарт учраа хэлж гуйгаад сургууль руугаа үнэгүй зорчдог байв. Хүн хийж бүтээе гэвэл, үнэхээр суръя мэдье гэвэл ойлгож дэмжих сайхан сэтгэлтэй хүмүүс олон байдаг юм билээ.

Ингэж явсаар оюутны анхны жилээ ардаа үдэж санаа амарсан ч зуны амралтаар дадлагад гарах ёстой болов. Хамаатны айл маань эхний нэг жил л гэртээ байлгахаар тохирсон байсан учир өөр байрны эрэлд гарч арайхийн Нисэхийн эцэст ээжийнхээ найзынд хэсэг байрлахаар зөвшөөрүүллээ. Чухам тэр л үед азтай үйл явдал тохиож “Үнэн” сонинд дадлагаа хийхээр болсон нь надад бол нэр төрийн хэрэг байв. Би гэдэг хүн бөөн баяр. Шантармаар санагдах мөч зөндөө байсан ч дуртай зүйлээ хийх мөрөөдөл минь биелж буйд урамшина. Нисэхийн эцсээс өдөр бүр хотын төв рүү ирж буцна, өдөржин халуун наранд идэх хоол ч үгүй, хоол авах мөнгө ч байхгүй мэдээ мэдээллийн араас хөөцөлдөнө. Бүхэл өдрийн өлийг нэг боодол зуун төгрөгний жигнэмэгээр даах нь энүүхэнд байсан ч бууж өгөөгүй. Дадлагаа үргэлжлүүлж, сониныхоо шинэ дугаар дээрээс өөрийнхөө нэртэй мэдээг олж харах бүрт улам ихийг хийх хүсэл бадарна.

Хамгийн анх мэдээ бичсэний урамшуулал гэж 2970 төгрөг авмагцаа бушуухан ажлын хажууд байрлах ангийнхаа охин Сээвээгийн аав ээжийн ажиллуулдаг цайны газраас таван ширхэг хуушуур авч идэж байснаа ер мартдаггүй. Өөрөө мөнгөө төлсөндөө их л баярлаж, бахархаж байсан санагддаг. Яагаад гэхээр, өлсөөд болохоо баймагцаа аав ээждээ тусалж байгаа Сээвээг албатай юм шиг дуудан гаргаж ирээд, худлаа үнэн бурж зогссоор үнэгүй хоол идчихдэг өдрүүд цөөнгүй байсан юм. Ам хуурай байдаггүйн хажуугаар айхтар панаалтай байгаа биз.

Ийнхүү намар ч хаяанд ирж, дадлагын хугацаа дуусах болоход сонины удирдлагын зүгээс дадлагаа сайн хийснийг минь магтаад хичээлийнхээ цаг заваар мэдээ мэдээлэл нийтлүүлээд явж болно шүү гэсэн нь миний хувь тавиланг өөрчилсөн тийм том мэдээ байлаа.

Улмаар хичээлийн шинэ жил эхэлсний дараа ч хичээл гэхээсээ илүү сонины газар руугаа тэмүүлэх нь ихэсч, тэнд л сэтгүүлч хүний амьдралыг мэдэрч, ажилдаа гүн гүнзгий дурлах болов. Нэг мэдэхэд л сонины маань удирдлагууд намайг тал цалинжуулахаар болсоноо дуулгаж, тэр нь төд удалгүй бүтэн цалин болж, үнэнийг хэлэхэд зүүдлээд байгаа юм шиг л хүсэл мөрөөдлүүд минь нүдний өмнө үүд хаалгаа нээн угтаж байв.

Тийм ч учраас итгэл хүлээлгэсэн тэр олон хүний итгэлийг хөсөрдүүлэх вий гэсэн айдас, хариуцлага хоёрын өмнө бууж өгч, өөрөөрөө байх эрх чөлөөг ажил мэргэжлээсээ дорд үзэхийг илүүд тооцон амьдарч байж. Бусдын хувьд зүгээр л нэг гомо залуу байхгүй төлөө, авъяасаа, мэддэг чаддагаа бусадтай эн тэнцүүхэн үнэлүүлэхийн төлөө энэ мэтийн золиос гарах ёстой л гэж өөртөө итгүүлнэ.

Гэвч хэдийгээр өөрт байгаа бүхнээ золиослоод өөрөөрөө байх эрх чөлөөг сонгох нь арван зургаа долоохон настай надад ахадсан гэмээр шийдвэр байсан ч хувь тавилан намайг явах л ёстой, туулах л ёстой зүгт минь алгуурхан залж байсныг мэдээгүй. Амьдралд зөрж алхаж болдоггүй зам гэж байдаг нь хувь тавилан юм.

Ажил тарахын хавьд Ганзогоос мессэж ирэв.

-Сайн уу, хонгороо. Уулзах уу?

-Хэзээ?

-Өнөөдөр.

-Хаана?

-Харин ээ…?

Гэсэншүү юм бичилцэж байгаад яг цагийн дараа Баянбүрдийн урд уулзалдахаар болзов. Зүс царай, өмсөж зүүсэн нь халтартаж нооройсон танигдахын аргагүй хүн ирж байна.

-Хүүе ээ, чи зүгээр үү?

-Аан, харин тийм. Ээжийн ажил дээр засвар хийж байгаад шууд хүрээд ирлээ. Зүгээр үү?

-Юу зүгээр үү гэж?

-Үгүй ээ, харин чамаас жаахан санаа зовоод л…Ийм зүс царайтай…

-Аан, сүртэй ш дээ, зүгээр зүгээр.

Хамтдаа хэсэг алхаж байгаад ойрхон жижигхэн зочид буудалд орж хоноцгоохоор шийдэв. Дунд эргэм насны, харваас нэлээд хэл амтай байрын чанга дуутай шар хүүхэн угтан авч бид хоёрыг дээрээс доош гүйлгэн харсанаа,

-Хүүхэн мүүхэн дуудаж, архидан согтуурахгүй юм байгаа биз дээ?

-Үгүй, үгүй эгч ээ. Энэ найз маань харин хөдөөнөөс ирээд, хонох газаргүй болчихлоо. Тэгээд хамтдаа хань болоод хоночихъё гэж бодоод ороод ирлээ.

Ингээд асуудал бололгүй өрөөгөө хүлээн авч, Ганзо ч гялс усанд ороодохъё гээд хэсэгтээ таг чиг болох хооронд гэнэт намайг бөөн гуниг бүрхээд авлаа. Ийм болзоо ч байх гэж дээ, хүнээс зугтаж, нуугдсан. Аятайхан буудалд мөнгөө төлөөд хоноглоё гэсэн ч хэн юу гэх бол гэдгээс эмээж цааргалах. Тэгсэн мөртлөө нэгэндээ тэмүүлсэн ийм их сэтгэл…

Энэ тэрхэнийг эргэцүүлж сууснаа гэнэт яваад өгмөөр санагдаад, цаасны булан дээр уучлалт хүссэн зурвас үлдээж, хаа сайгүй шидлээд орхисон тоостой хэдэн хувцсыг нь орон дээр овоолж орхичихоод сэмхэн гараад гүйчихэв.

Яагаад ч юм гуниг, шаналал, нулимс, ганцаардлаар дүүрэн энэ амьдралаас яваад өгмөөр, орхиод одмоор…Боломж байдаг бол бусдын л адил хайр дурлалаа бардам тунхаглаж, хэнд дурлаж, хэнийг хайрлаж байгаагаа ичиж зоволгүй нээлттэй ярьж, инээж хөөрмөөр. Тэгж чадахгүй юм бол энэ хайраар би яах юм, хүнээс ичиж нуудаг ийм болзоо, нүгэл үйлдэж буй мэт булж дарах ийм дурлал, хайр гэж хаана байсан юм…

Гунигаа шар айргаар аргадъя гэж бодонгоо эмэгтэй найзыгаа хань болохыг гуйн мессэж бичтэл “ок” гэсэн хариу ирэв.

Сансарын тунель дээр байрлах жижигхэн кафед шар айраг уун суух зуур Одмаа,

-За юу болоов, залуу. Учиргүй их гуниглаад?

-Өө, сая нэг найз охиноо буудалд орхичихоод гараад ирлээ.

-Унтдаг охин чинь юм уу?

-Харин тийм…

-Чи нээрээ үнэхээр шалиг залуу юмаа.

-Хэ хэ…

Сайн найздаа ч үнэнийг хэлчихэж чадахгүй худлаа ярих би. Сэтгэл санаагаа өргөхийн оронд дордуулах. Өрөөл бусад юу гэх нь яахав гэхэд өөрөө өөрийгөө үгүйсгэн, худал хуурмагаар халхавч хийн амьдарч байгаагаа үзэн ядах.

Маргааш нь Ганзогоос ямар ч чимээгүй. Бодвол уурлаж, гомдсон байлгүй. Ерөөсөө энэ гей ертөнцөөс холдоё, угаасаа өчнөөн олон жил тэсч тэвчиж чадсан юм чинь цаашид ч болж л таараа. Яадаг юм, найз охинтой болно оо!

Ажил дээр эрч хүчээр дүүрэн очсонд ажлынхан гайхна. Ойрд ийм царайг чинь харсангүй гэцгээнэ. Угаасаа л цоглог ш дээ хэмээн маазрангаа уламжлал ёсоор өдөр тутмын солилцооны сонинуудыг гарчиглаж суутал “Өнөөдөр” сонин дээр Гамбуушийг ярилцлага гарсан байв. Эхнээс нь дуустал нямбайлан уншаад дуусмагц “за ерөөсөө Гамбуушаас ярилцлага авангаа дотно танилцаад, найзууд болчихдог хэрэг ээ” гэсэн бодол зурвасхийн орж ирлээ.

Дөнгөж түрүүхэн л бүгдийг орхино, холдоно гэж шийдсэн байсан баатар эр ор сураггүй.