Юнагийн өдрүүд буюу Недерландаас-Нэг

Юнагийн өдрүүд буюу Недерландаас-Нэг

15.12.2010, Недерланд Улс, “Schiphol” нисэх онгоцны буудал

Үүр цайх хараахан болоогүй байгаа бололтой. Хонг Конгоос бараг арван хоёр, гурван цаг нисч байж Недерланд хэмээх улсад хөл тавив. Нэрнээс нь өөр мэдээлэлгүй шахуу. Тэнгэр баганадсан өндөр барилгууд, гоёмсог гэрэл чимэглэлээр дүүрэн “шөнө болдоггүй” Хонг Конг-д жил орчим байж байгаад энд ирсэн анхны сэтгэгдэл гэвэл “Ямар гээчийн газар хүрээд ирэв ээ!?”.

Хагас өдрийн өмнө л дулаахан Хонг Конг-д нимгэн цамцтай гунхаж явсан атал Недерландад цастай, хүйтэн өвөлтэй нүүр тулав. Дээр нь цүнхтэй хувцаснаас өөр эд хөрөнгөгүй, сохор зоос ч үгүй, хэл усыг нь мэдэхгүй. Албаны хувцастай эмэгтэй онгоцноос буухад тосон авч англиар “энэ сандал дээр суугаад хүлээж бай. Удахгүй такси ирж хүрэх ёстой газар чинь хүргэж өгнө” гэлээ.

Өнгө өнгийн нүд, шар толгойтой, өндөр европчуудыг харж суух зуур толгойноос салахгүй байсан ганц бодол нь бүхнийг шинээр эхлүүлэх тухай. Урд минь цоо шинэ ирээдүй, цоо шинэ улс орон, орчин, цоо шинэ соёл иргэншил, хүмүүс, цоо шинэ амьдрал хүлээж байна. Онгоцны буудлаас гарч, энэ улсын хөрсөн дээр анх хөл тавихдаа л би эмэгтэй хүн байх ёстой. Хүмүүсийн нүдэнд анхнаасаа л эмэгтэй хүнийхээ хувиар харагдвал цаашид ч намайг эмэгтэй хүний минь үүднээс хүлээж авахад нь асуудал гарахгүй. Тиймээс яг одоо хувцасаа солих хэрэгтэй. Юуг даван туулж, юуны төлөө энэ хүртэл тэмцлээ. Өнгөрсөн рүүгээ байн байн эргэж хараад байх хэрэггүй, учир нь би тэр замаар дахиж алхахгүй. Өнгөрсөнөө тэнд нь үлдээгээд хөөрөн нис л дээ, одоо чи эрх чөлөөтэй. Тийм ээ, чи чадлаа. Дүүлэн нисэх цаг ирлээ!

Ингэж бодоод бушуухан бие засах өрөөнд нь орж эмэгтэй хувцасаа гарган өмсч, нүүрээ хөнгөхөн будаж, үсээ дээш шууж боогоод, уртаашаа хоёрхон ээлжийн эрэгтэй хувцасаа торонд хийн хогын сав түшүүлээд орхичихов. Баяртай, эрэгтэйчүүдийн ертөнц өө!

Хонг Конг-д очсон цагаас эхлээд үсээ дахин ургуулж эхэлсэн болохоор мөр арай хүрээгүй ч гэлээ овоо ургажээ. Бие засах өрөөнөөс гарч сууж байсан суудалдаа очиж суухад өнөөх албаны хувцастай эмэгтэй дээрээс доошоос гүйлгэн харсан боловч юу ч хэлсэнгүй. Гайхаж сониучирхсан шинж ч алга. Хялалзаж, цэхэлзсэн, доог тохуу хийсэн харцтай тулгарах вий гэсэн айдас тэр дорхоноо үгүй болж, урт амьсгал авлаа.

Удалгүй такси ч ирж, нөгөө эмэгтэй жолоочтой хэсэг ярилцаж, хаа хүргэх ёстойг нь тайлбарласны дараа хөдөлцгөөв. Гадаа харанхуй байсан болохоор таксины цонхоор олигтой юм үзэгдэхгүй. Өндөр гоё барилгууд л хайсаар явлаа. Цайран тодрох нэвсийсэн их цас, навтгар жижигхэн байшингуудаас өөр юу ч харагдахгүй. Ямар хачин сонин газар хүрээд ирэв дээ. Ядаж хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй.

Удаан давхисаар нэгмэдэхэд ой мод дундуур орж, тэндээс арваад минутын дараа улаан тоосгон том байшингуудын үүдэнд ирж зогслоо. Торон хашаагаар хүрээлүүлсэн, үүдэндээ мөн харуул хамгаалалттай юм. Таксины жолооч “за баяртай” гэхээс өөр юм хэлсэнгүй, яваад өгөв. Хамгаалалтын албаных нь монтгор шар залуу “хүлээлгийн хэсэгт хүлээж байгаарай. Ажлын цаг удахгүй эхэлж, хариуцсан хүн чинь ирж чамтай уулзана”.

Бодвол недерланд хэл нь биз, ойлгохгүй хэл дээрхи олон янзын зурагт хуудсууд, гарын авлага, товхимолууд, хамгаалалтын албаных нь өрөөн доторх тохижилт зэргийг ажигласаар суулаа. Гадуур өмсөх дулаан хувцасгүйг ч хэлэх үү жавартай сэрүүнд бээрч чичрэх нь холгүй.

Ашгүй ажлын цаг нь эхлэхтэй зэрэгцэн хөл хөдөлгөөн ч нэмэгдэж, намайг хариуцсан хүн нь бололтой дунд эргэм насны өндөр нуруутай биерхүү эрэгтэй хүрч ирж өрөөндөө дагуулан орлоо. Гүн цэнхэр нүдээрээ нэвт шувт ширтэх мэт тэр эрхэм дэргэдэх сандалаа над өөд түлхэж суухыг санал болгоод англиар баахан юм тайлбарлаж эхлэв. Цагаачийн газар гэдэгт нь хүрч ирсэн байгаа юм байна. Хэдийгээр би дүрвэгчийн статустай боловч эндхийн засгийн газраас байр олготол нь хүлээхээс өөр ямар ч аргагүй гэнэ. Хэдэн сар, хэдэн жил хүлээхийг хэн ч таашгүй. Уугуул иргэд нь хүртэл байр олох гэж өчнөөн уддаг гэж тайлбарлав. Бас нэгэнт НҮБ-ын ярилцлагад орсон материалууд нь Недерландын засгийн газарт байгаа учраас дахин ярилцлага энэ тэрд орох шаардлагагүй, байраа автлаа сэтгэл амар хүлээхэд л болно гэсэн нь сайхан сонсогдов. Хар бараан дурсамжуудаа давтан давтан сөхөж ярина гэдэг сэтгэл зүйн хувьд зовлон байсан шүү.

Ийнхүү ярилцаж дуусмагцаа зэргэлдээх барилга руу дагуулан орж, хоёрдугаар давхарт нь хүрцгээлээ. Ногоон хана, шалтай урт нарийн коридорын эхнээс төгсгөл хүртэл эгнээтэй харагдах хаалгануудын хамгийн эхнийхийг нээсэн нь миний байрлах өрөө аж. Ор, хувцасны шүүгээ, ширээ сандал бүгдээрээ төмөр. Хананд бэхлээтэй зурагт, жижиг цагаан хөргөгч ч харагдлаа. Хонг Конг-д амьдарч байсныг бодвол харьцуулалтгүй тансаг, цэвэрхэн юм байна аа гэж бодов. Юу юунаас илүүтэй таалагдсан зүйл нь хананы бараг тал шиг хэмжээтэй цэлгэр том цонх байлаа. Цонхоор харахад цасанд хучаатай мододоос эхлээд орчин тойрон нэлдээ үлгэрийн юм шиг л онцгой содон.

“За ингээд амьдраад байж дээ. Ингэсхийгээд би чамд ор хөнжлийн даавуу оруулж ирж өгнө. Усанд орно гэвэл нийтийн шүршүүр коридорын нөгөө өнцөгт бий шүү. Бие засах газар ч тэнд, мөн л нийтийнх. Аан тийм, гал тогоо бас нийтийнх. Энэ коридорт амьдарч буй цагаач нартайгаа хамт хэрэглэнэ гэсэн үг” хэмээн хариуцагч маань баргил хоолойгоороо өгүүлсэнээ,

-Уучлаарай, чамайг хэн гэж дуудаарай гэлээ?

-Аан, дууддаг нэр үү…Оюунаа!

-За Оюунаа, замдаа ядарч ирсэн байлгүй. Би ор хөнжлийн хэрэгслийг чинь оруулж ирж хүлээлгэж өгье. Унтаж амар даа.

Хэсэг дугхийгээд сэртэл гадаа бүүдгэр хэвээрээ, огт унтаагүй юм шиг, үүр цайж байгаа хэвээрээ юм шиг. Тэнгэр нь сав саарал, том том ширхэгтэй цасан ширхэгүүд цонхны тавцан дээр зөөлхөн буух нь тод харагдана. Цонхны яг доохно талд цагаачийн газрын удирдлагын хэлтэс байрладаг бололтой, олон улс үндэстний хүмүүс зогсолтгүй орж гарахыг ширтэж хэсэг зогсонгоо гэдэс сүрхий өлсөж, хоржигнон дуугарч байгааг анзаарав. Цаг харах гэтэл цаг байдаггүй ээ. Гар утас ч байхгүй. Хаалга онгойлгож коридорт хүн явж байвал асуухаар хүлээгээд бүтсэнгүй. Зэргэлдээ хаалгыг тогштол урт хар үндэсний хувцасаа өмсч, толгойгоо алчуураар дарсан Сомали бүсгүй үүдээ нээснээ “Өглөөний 11.00 цаг болж байна”.

 Өдийд гадаа ийм бүрхэг, харанхуй байдаг юм байх даа. Юм хум бичээд суувал онгод ороод аятайхан ч юм уу. За тэр яахав, хоол олж идэх юмсан. Онгоцон дотор л бага сага зүйл ходоод руугаа хийсэн, түүнээс хойш хэлэн дээрээ юм тавиагүй. Учраа олохгүй өрөөндөө гиюүрсээр нэлээд цаг өнгөрчээ. Гадаа ч гэгээ тасарлаа, ходоод ч хоол нэхсээр. Ажлаа тарахаас нь өмнө хариуцагч дээрээ очиж байдлыг тайлбарлахаар оролдтол “Өө нээрээ тэгэлгүй яахав дээ. Хажуу талын барилга руу орж санхүүгийн албанаас 55 евро аваарай. Тэр мөнгөөр арав хоногийн хоолоо авах ёстой шүү” гээд дэлгүүрийн байршил, тийш хэрхэн хүрэхийг зааж өглөө.

Евро гээчийг амьралдаа харж, барьж үзээгүй. Дэлгүүр хэсэхээр догдлоод л, өрөөндөө орж хиймэл үсээ зүүж, нүүрний будагаа сэргээж аваад 55 евротойгоо гараад алхчихлаа. Зааж өгснийх нь дагуу алхаад л байлаа. Яг ой модон дунд амьдарч байгаагаа тэгэхэд мэдэв. Ганцаараа явбал зүрх амаар гарчихмаар юм. Аз болж замд тортой хоол хүнсээ барин алхах цагаачид таарах нь ханьтай. Барагцаалснаар, арван таван минут гаруй алхсаны эцэст ой модныхоо төгсгөлд хүрч хоёр салаа машин замтай золголоо. Автобусны буудал ч холгүй харагдав.

Недерландын Utrecht хотын Leersum гэдэг нэртэй газарт яваа юм байна шүү гэдгээ автобусны буудал дээрээс олж мэдлээ. Газрын зураг, буудлуудын нэр, чиглэл, автобус ирэх цаг нь минуттайгаа адгийн тэнэг ч ойлгохоор тодорхой байж байлаа. Гэхдээ хаширлаад автобусны жолоочид нь цаасан дээр тэмдэглэж авсан буух буудлынхаа нэрийг харуултал уриалгаханаар “хоёр буудлын дараа буугаарай” гэлээ. Орохдоо жолоочоос нь билет худалдан авч, билетээ мэдрэгчтэй автомат машинд уншуулж баталгаажуулдаг юм байна. Буухдаа ч гэсэн уншуулна. Тэр билетээ нэг цагийн турш хэдэн ч удаа хэрэглэж болдог нь аятайхан санагдав. Юутай ч буух ёстой газартаа буулаа. Түрүүнээс хойш ажиглаж явсан зорчигчдоо дууриаж буухдаа жолоочид хандан “Баяртай” гэтэл урдаас гараа даллаж “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гээд инээмсэглэв. Ямар гоё соёлтой юм бэ. Монголынхоо автобусны амьдралыг бодоод инээд хүрэх.

Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орчихсон, энд тэндгүй гэрлэн чимэглэл гялалзаж, халуун кофе, жигнэмэг зардаг жижигхэн хөөрхөн машин, хуучин чулуун зам, том цонхтой эртний намхан байшингууд гээд л эргэн тойрон яг хүүхэлдэйн кино шиг. Буурал толгойтой европ өвөө эмээ нар, нуруулаг царайлаг охид залуус зөрөн өнгөрнө. “Соёлын шок” гэгч нь болж байгаа юм болов уу. Ийш тийш бүхнийг сонирхож, чимхэж хатгаж үзэх дөхсөөр зорьж яваа “Albert Heijn” нэртэй супермарктаа ч олоод иржээ.

Нэг евро, хоёр евроны үнэтэй бараа бүтээгдэхүүнийх нь шошгыг хараад л “пөөх, паах ямар хямдхан юм бэ” гэсэншүү юм бодоод л, баярлаад л, авч сагсандаа хийсээр л. Арав хоног зарцуулах ёстой мөнгөнийхөө талаас илүүгээр хоол хүнс авчээ. Харагдаж байгаа тоог нь харвал хямдхан юм шиг, төгрөг рүү шилжүүлээд бодохоор юуных нь хямд төсөр байх вэ дээ. “Юм үзээгүй” царайлсандаа уур хүрэх шиг.

…Тортой хүнсээ дааж ядан сажилсаар замын эсрэг талаас автобусанд сууж цагаачийн газрынхаа буудал дээр буухад 17.15 цаг. Гэтэл гадаа тас харанхуй. Хамт буусан цагаачдыг бараадаж араас нь даган алхсаар байрандаа ирлээ. Гадаа тамхи татаж зогссон Иран, Турк болов уу гэмээр хэсэг залуусын нэг нь нүдээ ирмэж сээтэгнэснээ “North Korea…???” гэхэд нь хэлгүй дүлий юм шиг л дуугарсан ч үгүй орц руугаа яарав.