02.05.2010

02.05.2010

Цаг хугацаа хурдан өнгөрч байна аа. Өнөөдөр өмгөөлөгчийнхөө ажил дээр очно. Монголын ЛГБТ төвийнхөнтэй холбогдох ёстой. Өмгөөлөгч маань америк гаралтай хятад бүсгүй. Мөрнөөсөө ялимгүй дээгүүр тэгшхэн тайрсан өтгөн хар үс, будаг энгэсэг огт хүргэдэггүй байх гэмээр эрүүл бор арьстай, хурдан хурдан алхаад л харваас нэг тиймэрхүү халдаж боломгүй мэт хүчирхэг эмэгтэй. Ер нь эмэгтэй хүний хамгийн гоё чимэг, хамгийн хүчтэй зэвсэг нь мэдлэг боловсрол гэж боддог шүү.

…Эртээдээс хойш яаж хэл хүргэх учраа олохгүй байсан боловч өчигдөр интернэт ашиглан ээж рүү мессэж бичиж сайн явж ирсэнээ, сайн сууж буйгаа дуулгасан. Хариуд нь монголоос гарахын урьд орой ирсэн шиг тийм хариу явуулах вий хэмээн битүүхэн эмээж, дэмий мессэж биччихэв үү дээ гэж хэсэг эргэлзлээ. Ашгүй урдаас элдэв юм хэлсэнгүй. Монголоос гарсанаас хойш өөрийгөө хэнд ч хэрэггүй хөсөр хаягдсан хог болсон мэт гуниг төрөөд байсан. Ээжээс хэдэн үг сонсоод сэтгэл овоо тэнийгээд явчихав. Үзэл бодол зөрөлдөж, муудах нь олон ч гэлээ хэвлийгээс нь ургаж цэцэглэсээр өнөөдөрт хүрсэн юм болохоор ойлголцож, уучилцгаах нь амархан байх юм даа.