09.05.2010

09.05.2010

Өөр нэг тусламжийн байгууллагаас дүрвэгчдэд үнэгүй хоол хүнс өгдөг юм байна. Тиймээс нөгөө нэг тусламжийн байгууллага дээр байн байн очиж хоолонд оочерлох хэрэггүй боллоо.

Эхлээд оффис дээр нь очиж гэрээ байгуулсан. “Хүнс авах эрхтэй” гэсэн зөвшөөрлийн хуудас өгч байна лээ. Түүнийгээ бариад олголтын цэг дээр нь очиж хүнсээ авсан. Байрлал нь манайхаас холгүй. Хоёр гурван ширхэг лууван, нэг бөөрөнхий байцаа, хагас кг үхрийн мах, өндөг, хэдэн кг цагаан будаа, нэг том талх гэх мэт. Арав хоног хэрэглээрэй гэсэн. Урьдчилж бэлдээд уутанд хийчихсэн байв.

Тэр олголтын цэг дээр нь өнөө л ядарч зүдэрсэн хүмүүс цөмөөрөө дугаарлаад зогсчихсон. Нэг том байрны ард, гадаа хаалганых нь хажуугаар эгээтэй л баас, шээс урсаж харагдсангүй, өмхий ханхална. Хэрэв мөнгөтэй баян жуулчны хувиар Хонг Конг-д ирсэн бол шил толь болсон үзэмжинд нь урхидуулаад, гэрэл сүүдэр сүлэлдэн байдаг жинхэнэ амьдралынх нь хэв маягийг анзаарах завдалгүй хөгжиж баясч гүйсээр буцах байсан болов уу. Аливаа улс орны хөгжлийг холоос, хөндлөнгөөс харах болон дотроос нь харах хоёрын хооронд асар их ялгаа байх юм.

Хүний л нийгэм болсон хойно “хөшигний ардахь” амьдрал нь монголынхоос хол ялгаагүй санагдана. Ялангуяа өндөр настнуудынх нь дүр төрх цаанаа л гундуу, амьдрал нь ерөнхийдөө хэцүүхэн байдаг юм шиг. Бараг өөрөөсөө өчнөөн өндөр овоолж хураасан ачаатай тэргийг чадал мэдэн өдөржин чирэх жижигхээн бор өвөө эмээ нартай тааралдахаар өр өвдмөөр. Зарим нь бүр хөл нүцгэн. Өглөө хар эртээс эхлээд шөнө дундад ч гудамж хэрэн картон цаас цуглуулж, хогын савнаас лааз эрж яваа харагддаг.

…Гэрт ирсэн хойно тусад нь боосон хоёр хэсэг жижиг махны нэг нь үнэр ороод муудчихсан, идэх аргагүй байсан болохоор хаясан. Ямар азаар бага иддэг, дээр нь махсаад байдаггүй юм бэ. Будаа, ногоо байхад л болчихно доо. Харин гол асуудал нь гэвэл, юун дээр хоол хийх вэ? Плитка байхгүй. Сав суулга, хутга, халбага, сэрээ юу ч байхгүй.