19.04.2010

19.04.2010

Хонг Конг чиглэлийн галт тэрэг дотроо л…Хоёр, гурван цагийн дараа гэхэд зорьсон газраа хүрэх бололтой. Ямар амьдрал, ямар адал явдал хүлээж байгаа бол гэж бодохоор айдас хүрэх шиг…Хэн ч тосч авахгүй бол яах вэ?! Таньж мэдэх хүнгүй балрах байх даа. Бээжинд байхдаа уг нь интернэт орж ЛГБТ төвийнхөнтэй холбогдтол Хонг Конг дахь нэгэн тусламжийн байгууллагын ажилтантай холбоо тогтоосон, тосч авах байх гэж хэлсэн. Итгэж, найдаж л сууя даа.

Бээжинд интернэт кафед ороход урдаас “заавал пасспортоо үзүүл” хэмээн нэхдэг юм билээ. Дүрвэгчийн статус хүсэхээр зорьж явааг ч хэлэх үү, түгшээд л явчихсан шүү. Хазгай гишгэчихэлгүй сонор сэрэмжтэй байж, амар тайван ирээдүйтэй эсэн мэнд золгох сон.

Монголд байхад бүх зүйл богино хугацаанд болоод өнгөрсөн болохоор мөнгө төгрөг цуглуулах боломж ч байсангүй. Явахаа эртнээс мэдэж, төлөвлөж байсан бол хэдэн төгрөг хадгалж цуглуулах байсан даа. Даанч бүх юм сүр сар хийгээд л болоод өнгөрлөө. Гадаад пасспортоо авах арван мянган төгрөг ч олдохгүй сандрах шив.

…Галт тэрэгний цонхоор үзэгдэх хятад хийцийн намхан байшингууд, ханз үсэгтэй самбар лоозонгууд, цаашлаад ногоон тал хөндий, усархаг, намагтай тарилангийн талбай…Тэгсэнээ гэнэт өтгөн модтой өндөр уулс, манан…Нүдний урдуур жирэлзэн урсах үзэж харж байгаагүй бүхэн…Нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн атлаа нэг үг ч дуугарч үзээгүй хэлийг нь үл ойлгох эргэн тойрны энэ олон зорчигчид…