20.04.2010

20.04.2010

Хонг Конг гэдэг чинь ямар халуун газар байдаг юм бэ, бүтэж үхэх нь ээ. Анх галт тэрэгнээс буухад л нэг тийм бэлбэгнэсэн бүлээн агаар залгигдах шиг болсон. Саунд байгаа юм шиг. Бээжинг бодвол бас хамаагүй давчуу юмаа. Тэнгэр баганадсан өндөр барилгуудын дундуур зогсоо зайгүй сүлжилдэх үй олон хүмүүстэй зэрэгцэн үл ойлгох олон янзын үг хэллэг чихэнд цуурайтах нь над мэтийн сониуч хүнд содон л мэдрэмж төрүүлэх. Юм бүхэн л шинэ, сонин. Урьд нь ямар хилийн дээс алхаж байсан удаатай биш дээ.

Улаанбаатарт оюутан болоод очиж байсан маань л гэрээсээ хамгийн ихээр холдсон үе юм уу даа. Тэгсэн атлаа гурван долоо хоногийн дараа тэсэлгүй гэрээ санан гүйж очоод, ээж дүү хоёрыгоо хармагцаа учиргүй уйлж билээ. Тэр хоёр маань надгүйгээр хэцүүдэж байгаа юм шиг, дүү маань бүр царай алдчихсан юм шиг харагдсан учир өрөвдөөд л уйлаад байсан санагдаж байна. Уйламхай ч амьтан бол доо. Дүү минь намайг ирнэ гээд одоо хоног тоолчихсон, ээжээс намайг нэхчихсэн сууж байгаа байх даа. Нэг удаа “Ээж та агаатай битгий муудалцаарай, муудалцвал агаа уурлаад гэртээ мөд ирэхгүй ш дээ” гэж хэлсэн гэсэн. Жаахан юм байж тийм хэрсүү. Мэдэхгүй, ойлгохгүй зүйл гэж огт үгүй. Сүүлд надад “Агаа та авгай аваач” гэхээр нь “Яагаад?” гэсэн чинь “Дүүтэй болмоор байна” гэж авч байна лээ. Тэгэхээр нь цаашлуулаад “Чи өөрөө авгай авахгүй юу, би эмэгтэй юм чинь яаж эмэгтэй хүнтэй суух юм бэ” гэснээс хойш дахин тэгж асуугаагүй. Хүмүүс ер нь хүүхдийг “хүүхэд” гэж гадуурхаад үзэл бодлыг нь сонсдоггүй, “Том хүний ярианд оролцлоо” гэж зэмлээд байдгийг би огт ойлгодоггүй юм. Хүүхэд бүх зүйлийг ойлгож, мэдэрч байдаг. Би лав бүр тав, зургаан настай байхдаа мэдэрч байсан зүйлээ одоо ч өчигдөрхөн юм шигээр санаж, мэдэрч чадаж байна.

Гэснээс, өчигдөр аз болж эндхийн тусламжийн байгууллагын ажилтан хоёр эмэгтэй тосч авсан. Цагдаагийн түр саатуулах өрөөнд хүнд байдалтай сууж байсныг ч хэлэх үү бөөн баяр хөөр боллоо. “Ямар ч бэлэн мөнгөгүй байж Хонг Конг-т яах гэж ирж байгаа юм, хилээр дотогш оруулахгүй буцаана” энэ тэр гээд л баахан юм асууж шалгаагаад байсан. Тэгж асуух нь тэдний буруу биш л дээ, ажил нь л юм хойно. Ашгүй түрийвчинд монголд хэрэглэж байсан цалингийн карт байж таараад, тэрийгээ үзүүлж хэсэг саатуулав. “Бэлэн мөнгөний машинаас мөнгө авах ёстой юмаа, карт маань энд байна” гэсэншүү юм ярих аядаад сууж байтал өнөө хоёр эмэгтэй ирж учир байдлыг тайлбарласан бололтой хилээр орууллаа.

Дараа нь тэдний ажил дээр очиж хувцас хунараа эмхэлж янзлах, түр амсхийх боломж олдов. Дүрвэгчдээс эхлээд ядарч зүдэрсэн хүмүүст тусламжийн гараа сунгадаг байгууллага юм байна. Заяа минь түшиж байна даа гэмээр л санагдав. Хаана ч явсан сайн хүмүүстэй таарах юм даа. Хүнд дандаа сайн сайхныг ерөөж, гэм хор болж байгаагүйн минь хариу биз ээ.

Уг нь нэгэнт шинэ газар ирсэнийх шууд эмэгтэй хувцас өмсөөд шинэ амьдралаа эхэлнэ хэмээн төлөвлөж байсан ч тэгж хэтэрхий дураараа аашилж болохгүй бололтой. Яагаад энд ирсэн зорилгоо, аюулгүй байдлаа бодсон ч хүлээцтэй байх хэрэгтэй гэж сануулав. Ялангуяа тэрхүү тусламжийн байгууллага байрладаг “ChungKing Mansions” нэртэй нүсэр том байгууламж нь эндээ “муу нэртэй”, олон орны болж бүтэхгүйчүүл цугладаг, монголчууд ч их орж гардаг тул хүний нүдэнд өртөж, олны анхаарал татахаас болгоомжлох нь зүйтэй болж таарлаа.

Энд явааг маань мэдчихвэл юу ч болох юм билээ. Интернэтэд ороход л урдаас “Гей мисс Энхриймаа эх орныхоо булай булхайг шагшин гайхаж гадаадад орогнол хүслээ” гэсэн мэдээлэл вэбсайтуудаар дүүрэн угтаж байсан. Гомдмоор. Манайхан өөдтэй яваа нэгнээ тойрон бүчиж, уруудаж яваагаа улам дэвслэн дордуулж байх юм.

За тэр ч яах вэ. Өчигдөр тусламжийн байгууллагаас guest house-ийн төлбөрийг төлсөн тул тэндээ хоносон. Хоногийн 150 хонг конг доллар байдаг юм байна. Орой нь орчинтойгоо танилцахаар Tsim Sha Tsui хавиар хэсэг алхаж, санаандгүй Kowloon паркыг нь олоод очсон байсан. Эргэн тойронд цэмцийтэл нь тордож зассан модод, бүүдгэр гэрлийн дор харагдах цэвэрхэн сандлууд, шувуудын шулганаа гээд л сэтгэл засах мэт сайхан намуухан орчин байсанд олзуурхаж хэсэг тухаллаа. Хотын төвд хэрнээ чимээ шуугианаас ингэтлээ тусгаарлагдсан цэцэрлэгт хүрээлэнг бий болгож чадсан нь гайхмаар.

Гэрэл тасрахгүй, хаа ч явсан хүний хөл тасрахгүй, “шөнө болдоггүй” нэг ийм өнгөлөг том хот юмаа. Guest house руугаа буцах замдаа бас төөрч будилсан гэж байгаа. Азаар “ChungKing Mansions” гэхэд л хүмүүс анддаггүй юм байна лээ.