22.11.2010

22.11.2010

НҮБ-ээс намайг Недерланд улс руу явуулахаар болсон. Хүний эрхийг дээдэлдэг, трансжендэр эмэгтэйн хувьд амьдрахад хамгийн тохиромжтой орон гэнэ. Яг одоо аз жаргалтай байна гэж хэлэх ч багадмаар тийм их аз жаргалтай байна. Монголоос явахын өмнө ХЭҮТ-ийн ажилтан эгч энэ тэмдэглэлийн дэвтрийг надад бэлэглэхдээ өмнөх хуудас дээр нь “Амьдрал өөдрөг сэтгэл, зориг тэвчээрт хамгийн түрүүнд бууж өгөх болно шүү. Чи чадна аа” хэмээн бичиж өгч билээ. Тийм ээ, чадлаа.

Одоо энэ бүх алаг эрээн өдрүүдийн дараа юу бодогдож байна вэ гэхээр, мөнгөгүйгээс илүү зорилгогүй амьдрал л ядуу байдаг юм байна!

Хүн ер нь үнэхээр л хүсч тэмүүлж чадвал мөнгөгүй ч гэсэн ямар их зүйл хийж бүтээж болдгийг өөрийн туршлагаас би мэднэ. Хурааж хуримтлуулсан хөрөнгөгүй, хорин нас хүрээгүй байхдаа хувийн сонинтой болно гэж зорьсоор “Шинэ Хүмүүс” нэртэй долоо хоног тутмын сонин хэвлүүлж байлаа. Хамгийн гол нь шантралгүйгээр зүтгээд байхад урдахь ажлууд аяандаа цэгцрээд, бүтээд ирдэг юм билээ. Хэдийгээр санхүүгийн байдлаас болоод сониноо үргэлжлүүлэн хэвлүүлэх боломжгүй болсон ч гэлээ харамсах зүйл ер байгаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сонин хэвлүүлэх гэрчилгээгээ авч байсан мөч, сонин маань хэвлэлтээс гарсан өглөө, сонин борлуулах цэгүүдээр тарааж олонд хүргэсэн өдөр гээд эргээд бодоход бөөн аз жаргалтай дурсамжууд л байдаг даа.

…Ойрын хэдэн өдөр Cat Power-ынхаа дуунуудыг сонсч өнжлөө. Зарим хүмүүс түүнийг хэтэрхий уйтгартай, бас гунигтай гэдэг ч миний хувьд лав биш. Харин ч хамгийн жаргалтай үедээ, сэтгэл санаа тайван, өөрийгөө өөрийнхөөрөө байж чадаж буйг мэдрэх үедээ, эсвэл эрч хүч, итгэл найдвар эрж хайж явах үедээ нандигнаж сонсдог. Хэрвээ дуулж чаддагсан бол надаас уянгалах аялгуу яг түүнийх шиг байх байсан болов уу гэж горьдонгуй боддог шүү.

Амьдралын нэг их харанхуй, гунигтай хэсэгт олноос тусгаарлагдан явахдаа анх дууг нь олж сонсч байв. Өтгөн, сөөнгөдүү хоолойгоо гитарын зөөлөн хэмнэлтэй хослуулан “Where is my love…” гээд дуулахад нь яг л аргадуулж тайвширах мэт дотно санагдаж билээ. Зовж яваа хүний сэтгэлийг жаргалын тухай дуугаар, бүтэлгүй дурлалдаа шаналж суугаа нэгний зүрхийг бүтэлтэй хайрын тухай дуугаар засна гэдэг юу л бол. Төрөх ёсгүй газраа төрчихсөн юм шиг түмний дунд ч ганцаардах үед олонтой амьдрал, орчлон хорвоогийн гоё сайхны талаар сонсох үнэндээ залхмаар байдаг. Тэр утгаараа Cat Power-ийн дуунуудаас “Чи ганцаараа биш шүү!” гэсэн сэтгэлийн дэм, хань нөхрийг орлох халуун дулааныг мэдэрдэг биз ээ.

Ийм эмзэг нарийн хэлхээсийг фэнүүдтэйгээ үүсгэж чаддаг, сэтгэл зүйч шиг уран бүтээлч. Тиймээс л гадаад ба дотоод дүр төрх нь авцалдаа муутай, хувь хүнийхээ талаас этгээд сонин түүнийг фэнүүд нь хэзээ ч орхиж байсангүй. Этгээд сонин гэснийг сөрөг талаас харуузай! Сайн, муу аль нь ч бай бусдаас өөр байх нь, өөр байдалдаа үнэнч байж чадах нь нэгнээ хуулбарлаж дууриагчдаар дүүрэн уйтгартай энэ хорвоод сайшааж үлгэрлэмээр зан чанар юм шүү. Тэгээд ч хүн бүхэнд, юм бүхэнд хар, цагаан хоёр тал бий. Аливааг аль талаас харахаа бид өөрсдөө л сонгодог.

Тайвшруулах эм мэт уран бүтээлүүдээсээ гадна Cat Power-т дэлгэцэнд бүтээсэн дүрүүд бас бий. “My Blueberry Nights” нь хүмүүст илүү хүрсэн байх. Аргагүй гоё кино л доо. Бүтээсэн дүр нь хэдийгээр жижигхэн боловч “The Greatest” дууг нь кинондоо ашигласан байдаг. Миний хайртай дууг ч хэлэх үү, трейлэрийг нь үзэх төдийд л биеэр цахилгаан жирэлзэх шиг болно гээч.