23.04.2010

23.04.2010

Өнөөдөр НҮБ дээр очиж бүртгэлийн ярилцлагаа өглөө. Яагаад энд ирсэн, яагаад дүрвэгчийн статус хүсэх болсон шалтгаанаа товчхон тайлбарлах ёстой байсан ч ярилцлага маань бараг хоёр цаг гаруй үргэлжлэв. Тэгээд ч дууссангүй. Ирэх долоо хоногийн пүрэв гаригт цааш үргэлжлүүлцгээе гэсэн. Дараа нь дахиад бүх үйл явдлыг дэлгэрэнгүй ярих “урт ярилцлага” эхлэх юм билээ. Ингээд барагцаалаад бодвол нэлээд урт удаан хугацаа шаардах шинжтэй. Гэлээ гээд бууж өгч яагаад ч болохгүй. Хатуужилтай, сэтгэлийн тэнхээтэй байж зорьсондоо заавал хүрэх хэрэгтэй шүү!

Гэхдээ мэдээж хэзээ ч, хэнд ч дахиад ярихгүй гэж бодож байсан бүхий л хар бараан дурсамжуудаа нэгд нэгэнгүй эргээд сөхнө гэдэг хар дарсан зүүд шиг л санагдаж байна. Солиормоор юмаа. Үлдсэн амьдралаа өөрчлөх энэ том зорилгынхоо төлөө “эцсийн удаа” гэж бодоод л яръя даа. Асуудлыг минь хурдан шийдэж өгнө гэдэгт найдаж байна. Хэрэв монгол руу буцаана гэвэл би бол яагаад ч буцаж чадахгүй. Тэрний оронд энд амиа хорлоод үхсэн нь дээр. Буцаж монголд очоод яах юм бэ, юу хийж, яаж амьдрах юм бэ. Хэн намайг ажилд авч, хаана амьдрах вэ. Доромжлол, гадуурхалтаас залхсан, үнэхээр хангалттай. “Хангалттай” гэж бодохоос гадна бүр яс махандаа тултал мэдрэх ийм өдөр хүнд ирдэг юм байна.

НҮБ дээр ярилцлагад орж, дүрвэгчийн статус хүсэх үеэр монголд хүмүүсийн ярьж бичээд байгаа шиг эх орныхоо булай булхайг тоочоод байгаа юм үнэндээ алга. “Би хэн бэ” гэдгээрээ амьдарч, ажиллах боломж, иргэний эрхээ эдлэх эрх монголд байхгүй учраас л намайг “хүн“ гэдгээр нь хүлээж авах орчин, нийгмийг хайж яваа минь энэ шүү дээ. Тиймээс монголд өнгөрүүлсэн амьдралаа бодит үнэнээр нь, давс хужиргүйгээр нэгд нэгэнгүй ярихад л хангалттай байв. Хэтрүүлэгтэй, худлаа ярьж болохгүй. Бүхэл бүтэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дүрвэгчийн статус хүсээд, энэ шугамаар гурав дахь орон руу дүрвэх хэмжээний нарийн асуудал өрнөж байхад хувь хүнийхээ зүгээс хариуцлагатай байх ёстой. Хариуцлагагүй байж, мөрдөх ёстой үүргээ зөрчвөл үг дуугүй буцаана гэж сануулсан.

Тусламжийн байгууллага дээрээс интернэтэд хальт орлоо. Ээж бодвол намайг монголоос гараад явсанд итгэхгүй л суугаа байх. Сайн явж ирсэнээ дуулгая гэж бодсон юм. Интернэтэд ормогц л урдаас баахан асуултууд. “Монголоос явчихсан чинь үнэн үү?”, “Хаана байна яг одоо???”…Тэгмэгц нь “Австралид байна” гэчихсэн. Аюулгүй байдлын үүднээс тэр нь өлзийтэй. “Орогнол хүсчээ”, “Дүрвэжээ” гэх олон мэдээнийх нь дор байх “Газрын хаанаас ч хамаагүй олж очоод ална даа” гэсэн сэтгэгдлүүдийг уншихаар тэртээ тэргүй мохож бөхчихсөн яваа сэтгэл санаа минь сэргэв л гэж дээ.