29.04.2010

29.04.2010

Өөр нэгэн тусламжийн байгууллагаас Хонг Конгын төвд байрлах байранд өрөө хөлсөлж өглөө. НҮБ-ын оффис, өмгөөлөгчийн ажил, хоол иддэг тусламжийн байгууллага гээд юм юмтайгаа ойрхон. Бүгд рүү нь алхаад л хүрчихнэ. “New Lucky House” нэртэй 16 давхар барилгын 16 дугаар давхарт. Хэмжээ нь инээдтэй жижигхээн. Урт нь зургаа, өргөн нь хоёрхон алхам гээд бод доо. Дотор нь нэг ор тавиад л өрөө дүүрчихнэ. Шүршүүр, бие засах суултуур хоёр нь хамт. Хэмжээ нь ч яахав, энэ их бүгчим халуунд усанд ороод байх шүршүүр байгаа нь их юм.

Дүрвэгчдэд тусладаг ийм буянтай байгууллагууд байдагт талархаж сууна. Тэд байгаагүй бол гудамжинд л хонох байсан байх даа.

Энд үнэхээр өртөг өндөртэй. Тусламжийн байгууллага дээр хэд хэдэн удаа үнэгүй хоол идсэн хэрнээ л байсан хэдэн доллар дууссан. Халаасны мөнгөгүй үлдлээ. Интернэт кафед суух мөнгө ч байхгүй. Тусламжийн байгууллага дээрхи интернэтэд өдөрт хагас цаг орчим суух эрхтэй ч ээлжээ хүлээх хүмүүсийн цуваа тасрахгүй, компьютер олж ашиглана гэдэг амаргүй юм билээ. Хэн нэгэн нь хугацаанаасаа хэтэрвэл бөөн хэрүүл шуугиан дэгдээгээд л. “Ямар гээчийн амьдрал үзэж байгаа минь энэ вэ” хэмээн санаа алдмаар санагдах. Зурагтаар л үзэж харж байсан ядуусын амьдрал нүдний минь өмнө яг тэр чигээрээ байх ба өөрөө би гол дүр нь болчихсон. Гэвч хүн бүр амьдралд олон шалгууртай нүүр тулдаг. Энэ бүгдийг даваад гарчихвал намайг гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байгаад итгэж байна.

Тэр тусламжийн байгууллага дотроо гал тогоотой, томоо гэгчийн тогоонд хоол хийгээд л нийтийн маягаар тараадаг юм байна лээ. Өдөрт хоёр удаа тэнд очиж хооллож болно. Хоолны цаг болоход бүгдээрээ тавгаа барьж зогсож байгаад хоолоо авдаг. Ихэвчлэн Сомали, африкийн бусад орны хүмүүс цуг хооллоно. Өөрөө ядарч явааг ч хэлэх үү, тэдгээр хүмүүсийг харахаар өр өвдөх шиг. Дайн дажны хөлөөс зугтаж, зовж зүдэрч ирсэн нь харцнаас нь нэвт харагддаг.

Ямартаа ч сэтгэлээр унах хэрэггүй ээ, охин минь. Эрүүл байна, эрх чөлөөтэй байна, эргэн тойронд сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж байна, цаашид бүх зүйл болж бүтэх биз ээ.