30.04.2010

30.04.2010

Энэ их чимээнд бүтэн нойртой хононо гэдэг худлаа юм байна. Том хотын сул тал нь юм уу даа. Чимээ тасрахгүй, чих дүнгэнээд л…Толгой өвдөнө. Шөнө шумуул хазаад байх шиг, даарах шиг. Нөмрөөд унтах хөнжил ч байхгүй. Томхон куртка, наанадаж ноосон цамц ч болтугай байсан бол нөмрөөд унтах сан. Даанч бүгдийг нь Бээжинд хаячихсан. Аягүй л бол ачааны мөнгө төлөх болно гэж болгоомжилсон санаатай. Ачаа, тээш гэж сүйдтэй юм ч байгаагүй дээ. Өмссөн хувцаснаасаа гадна нэг жижиг гар тээштэй. Гандан буурахгүй ээ бас, тээшиндээ гурав дөрвөн эмэгтэй цамц, даашинз, хоёр ээлжийн эмэгтэй гутал хийчихсэн. Гэтэл нөгөө хоёр гутал нь хоёулаа урт түрийтэй, өвлийнх. Эгээтэй л саун шиг энэ нутгийн хаана нь өвлийн гутал өмсч алхах вэ. Эрэгтэй хувцас гэхээр зүйлгүй. Нэг ээлжийн хавар намрын гуталтай. Үүнээс гадна хоёр жийнсэн өмд, хоёр цамц л байх шив. Яаж овоо бүгдийг нь хаячихаагүй юм.

Маргааш НҮБ орно. Хүлээнэ гэдэг, хүлээлт гэдэг сэтгэл зүйн асар их тэвчээр шаардсан сорилт байдаг юм байна. Ялангуяа юу ч хийх эрхгүй, сатаарч түүртэх ч юмгүй зүгээр л хүлээж сууна гэдэг галзуурмаар санагдана. Дүрвэгчийн статусаа хүлээх хугацаанд ажил хийх эрхгүй, юу ч хийх шаардлага байхгүй гэсэн. Тэр нь ямар нэгэн эдийн засгийн сонирхол тээж ирээгүй, амьдрах эрх л хүсч суугаа гэдгийг батлах баталгаа болдог ч юм уу. Эдийн засгийн сонирхлоор худлаа ярьж дүрвэгчийн статус хүсдэг, статусаа хүлээх явцдаа хууль бусаар ажил хийж мөнгө олох гэх мэтийн бүтэхгүй юм хийж явдаг нөхөд олон байдаг гэнэ шүү. Санаанд багтмааргүй.

Гэрт орохоор дөрвөн хананаас өөр юмгүй. Үзэх зурагт, компьютер, гар утас, сонсох хөгжим, юу ч үгүй. Гадуур гарч энэ хавийнхаа гудамжуудыг метрлээд дуусч байх шиг байна. Автобусанд суух мөнгөгүй болохоор одоохондоо гэрээсээ холдож шалиагүй ээ.

Гэхдээ зүгээр ээ, зорилгодоо хүрэхийн тулд бүгдийг тэснэ, хүлээнэ. Өөр сонголт байхгүй юм чинь. Хүлээнэ, юу ч тохиолдсон даваад гарна гэж л ирсэн. Толгой хоргодох өрөө байна, унтах ор байна, усанд орж байна, үнэгүй хоол идэж байна. Гомдоллохгүй шүү. Өөдрөг бай, өөдрөг бай!